Э.Эрдэнэ: Манай дипломатуудад Германы талаас эрүүгийн хэрэг үүсгэсэн
ХБНГУ-ын хил дээр манай улсын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж явсан нь илэрч, баригдсан ноцтой хэрэг гарсан. Үүнтэй холбоотой ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Э.Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Турк улсын Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул Б.Батхишиг жолооч Эрдэнэбилэг гэдэг хоёр хүн Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан. Энэ үедээ 70 кг героин буюу мансууруулах бодис тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Үйлдэл дээрээ саатуулагдаж баригдсан гэсэн үг. Энэ асуудалтай холбоотой Германы Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна.
Тагнуулын байгууллагын зүгээс зохион байгуулагч, нийлүүлэгчдийг шалгаж, судалж байна. 2018 оны сүүлч, 2019 оны эхээр Европын холбооны улсад дипломат дугаартай автомашин ашиглан хууль бус хар тамхи тээвэрлэсэн байж магадгүй мэдээлэл эхэлсэн. Үүнтэй холбоотой ГХЯ, ТЕГ хамтарч ажилласан. Мөн ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа.
Энэ асуудал Герман улсын хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ. Дипломат дугаартай автомашин хувийн автомашин байсан. Дипломатууд хувийн машин авахдаа тухайн орноос дипломат дугаар авч болдог. Үүнийг цаашид судалж, тодруулна.
Ямар учраас тэр машин дипломат дугаар олгосон. Туркт үүрэг гүйцэтгэж байсан хоёр ямар учраас Германд явж байсан бэ гэдгийг шалгана гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Б.Батхишиг тагнуулд ажиллаж байсан гэж үнэн үү?
-Энэ мэдээлэл тагнуулын байгууллагын шугамаар орж ирсэн. 2018 оны байдлаар хулгай, хар тамхины хэргээр 18 удаагийн хэрэг бүртгэгдсэн.
-Батхишиг өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан. Туркт ажиллаж байсан. ГХЯ-наас томилогдсон албан тушаалтан байгаа.
-Хэзээ томилогдсон бэ?
-2018 онд томилогдож очсон. Томилогдож очоод удаагүй байхдаа ийм хэрэгт холбогдсон нь анхаарал татсан хэрэг. Яагаад манай улсын иргэн ийм хэрэгт холбогдож байна гэдгийг шалгаж байгаа.
-Гурван сая ам.доллартай тэнцэх хэмжээний хар тамхи тээвэрлэсэн гэж байна. Үүний цаана холбогдох өөр хүмүүс байж болох уу?
-Үүнийг бид шалгаж байна.
URL: