Баялгын хуваарилалт
Монгол улсын сан хөмрөг, төсөв жилээс жилд нэмэгдэн тэлж байна. Ийнхүү жилээс жилд өсөж байгаа улс орны эдийн засгийн өсөлт монгол улсын иргэн, айл гэр бүрт үр өгөөжөө өгч чадахгүй байна. Өнгөрсөн жилийн 17%-ийн эдийн засгийн өсөлт болон цаашид жил бүр нэмэгдэх өсөлтийн үр өгөөж нь зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчидад болон үндэсний баялгыг эзэмшигч цөөнхөд ноогдож байна. Жам ёсоороо бол, уул уурхайгаас орж ирж буй асар их баялаг хууль ёсны эзэд ард түмнийх баймаар. Гэвч энэ их баялгыг төр болон хэдхэн гэр бүлийнхэн эзэмшиж байгааг бид бүгдээрээ мэддэг. Надад төр, засаг байгалийн баялагаас орж ирж байгаа асар их хэмжээний мөнгийг монгол хүн бүрт тэгш ,шударгаар хуваарилах арга замаа олохгүй байгаа юм шиг санагддаг юм.Эх орны хишиг гээд байгаа сар бүр олгож буй 21 мянган төгрөг нь иргэдийн бэлэнчлэх сэтгэлгээ , залхуурлалт, архидалтыг л дэмжиж байна. 21 мянга бол баялагын хуваарилалтын хамгийн муу жишээ.
Бэлэн мөнгөөр хүн бүрт баялгыг хавгайруулан хуваарилаж олгох нь буруу болохыг бид биеэрээ мэдэрлээ. Улс орны сан хөмрөг, баялаг, эдийн засгийн чадавхи цаашид жилээс жилд нэмэгдэх нь гарцаагүй. Гагцхүү тэр баялгыг шударгаар зөв хуваарилах явдал хамгийн том асуудал болоод байна. Бүгдээрээ санал бодлоо хуваалцаж, зөв гарцыг олж төрд болон бодлого тодорхойлогч нарт санал бодлоо хүргэцгээе .
Надад нэг ийм санаа байна. Миний санаа бол улс орныхоо бүтээн байгуулалтанд гар бие оролцож, хөдөлмөрлөж, ажиллаж байгаа иргэн бүрийг урамшуулах. Өөрөөр хэлбэл ажиллаж, хөдөлмөрлөж буй иргэн бүрийг дэмжих. Урамшуулалт нь зөв хүндээ шударгаар хүрч байвал хэрхэн үр дүн хүрч байгааг бид улаан буудайн тонн тутамд олгож байгаа 50 мянган төгрөг, кг ноосонд өгч буй 2000 төгрөгийн урамшуулалтаас харж байна. Энэхүү урамшуулалт нь газар тариалан эрхлэгчид, малчдын ахуй амьдрал, санхүүд ихээхэн нэмэр тус болж байгаа билээ.
Сүү бэлтгэгчидэд ч гэсэн литр тутам 300-500 төгрөгийн урамшуулал өгөх гэж байгаа билээ. Эдгээр урамшуулалт нь нэг үе уналтанд ороод байсан газар тариалан, мал аж ахуй , хөнгөн аж үйлдвэрийн салбарыг сэргээж, цаашид хөгжин дэвжих боломжийг олгож байна. Өнөөдөр монголд бүртгэлтэй байгаа 66491 аж ахуйн нэгжийн дийлэнх хувь нь ажиллагсадынхаа цалин хөлсийг нэмж чадахгүй байна. Монгол хүний үнэлэмж доогуур байгаа учраас олон монгол залуус харь орныг зорьж байгаа билээ. Ийм учраас монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг монголдоо нэмэгдүүлэх нь хамгийн чухал асуудал болчхоод байна. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд жилийн 15 % -аас доошгүй байгаа банкны зээлээр үйл ажиллагаа, бизнесээ явуулж байгаа нөхцөлд хувийн аж ахуй эрхлэгчид ажиллагсадынхаа цалинг нэмэж чадахгүй байгаа нь бодит байдал билээ.
Төр төсвийнхөө ажиллагсадынхаа цалинг 53% нэмэж байгаа. Цаашид ч боломжийнхоо хэрээр зохих хэмжээгээр нэмээд явна. Харин хувийн хэвшлийнхэн чадахгүй байна. Урамшуулалтыг олгохдоо улс орны бүтээн байгуулалтанд нэн шаардлагатай байгаа ажил мэрэгжил, мөн ажиллагсадын үндсэн цалингийн хэмжээ , хөдөлмөрийн бүтээмжийг тооцож, 7 хоногт 40 цагаас доошгүй ажиллаж байгаа, сар бүр эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлдөг, эх орондоо ажиллажбайгаа иргэн бүрд ялгавартайгаар тогтоож олгоё. Урамшуулалтыг жил болгон эсвэл жилийн хагаст 2-оос доошгүй удаа Засгийн газар, ажил олгогчид, ҮЭ -ийнхэнтэй 3 талт хэлэлцээ хийж, инфляцын түвшинг харгалзан хувь хэмжээг тогтоодог байвал зөв гэж бодож байна.
Уул уурхайгаас орж ирж буй баялгыг бусад салбарын ажиллагсадад урамшуулалтын хэлбэрээр хуваарилснаар :
1 . Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэх
2. Иргэдийн ажил хийх сонирхол , ирээдүйдээ итгэх итгэл нь нэмэгдэж , бэлэнчлэх сэтгэлгээ буурах ,
3. Хүн бүр урамшуулалтаа авахын тулд эрүүл мэнд , нийгмийн даатгалын шимэтгэлээ төлдөг болсноор одоо хоосон шахуу байгаа эрүүл мэнд , нийгмийн даатгалын сангийн санхүүгийн чадавхи сайжирах ,
4. Аж ахуйн нэгжүүд “ Х “ тайлан хөтлөхөө болих ,
5. Хөл дээрээ арай ядан тогтож байгаа жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн чадавхи сайжирах ,
6. Нийгмийн дундаж давхаргын гишүүдийн тоо нэмэгдэх ,
7 . Эцсийн эцэст хүн бүр ажил хөдөлмөр эрхлэж , улс орон хөгжин дэвшинэ.
СЭЗДС-ийн Бизнесийн Удирдлагын магистрант Ч. Раднаа
URL: