Тэгш бус хуваарилалттай тэмцэх ухаан
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжээд 30 орчим жил болсон хэдий ч хүн амын дийлэнх нь өдөр хоногоо аргацаасан, баян ядуугийн ялгаа өндөр, ядуу улс хэвээр байна. Ойролцоогоор 11.4 тэрбум ам.долларын эдийн засагтай, нэг хүнд ногдох ДНБ 4000 орчим ам.доллар. 2018 оны жилийн эцсийн байдлаар ажилгүйдлийн түвшин 6.6 хувьтай, нийт монголчуудын дундаж цалин Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 1.12 сая төгрөг байна. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн уулын инженерийн цалин таван сая төгрөг байхад томоохон нэг аж ахуйн нэгжийн менежерийн цалин хоёр сая орчим төгрөг. УИХ-ын гишүүний цалин 1.1 сая төгрөг бол жижиг, дунд аж ахуйн нэгжийн жирийн нэг ажилтны цалин 700-800 мянган төгрөг, зарим тохиолдолд 500-600 мянган төгрөг байна гэсэн үг. Энэ бүгдийг дундажлаад үзэхээр статистикг 1.12 сая төгрөг гэж тодорхойлогдож байгаа юм.
Дундаж цалингийн хэмжээгээр бол хүн бүр боломжийн сайхан амьдарчихаж болохоор. Гэвч бодит байдалд монголчууцын дийлэнх хэсэг нь буюу 180 мянга гаруй өрх гэр хороололд ундны усаа худгаас зөөж, нүүрс түлж амьдарч байна. Харин цөөн хэсэг нь Зайсанд хоёр давхар хаустай, том жийпийг хоёр, гурваар нь сольж унадаг. Товчхоноор бол монголчуудын дунд орлогын тэгш бус хуваарилалт туйлдаа хүрч, нэг хэсэг нь тэрбумтан болсон байхад, нөгөө хэсэг нь хоногийн хоолоо яах вэ хэмээн, өдөр хоногийг аргацааж амьдарч байна. Мэдээж бүх хүн саятан, тэрбумтан байх албагүй. Тийм боломж ч байхгүй. Харин бүх хүн дундаж, буюу дунджаас дээш орлоготой болж гэмээ нь улс орон хөгждөг жамтай. Гэтэл манай улсын дундаж давхаргын хүн амд эзлэх хувь үсрээд л 30 орчим хувьтай бөгөөд хэзээ мөдгүй дундаж давхаргаасаа уруудаж, ядуу ангилал руу орж мэдэх, эмзэг байгааг эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаанд дурджээ. Энэ тоо 50 хувиас дээш гарах ёстой. Үүний тулд орлогын тэгш хуваарилалтыг бий болгох нь төрийн хүний сийлэх ухаан юм.
Монгол Улс хамгийн сүүлд Эдийн засгийн ил, тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, аж ахуйн нэгжүүдэд нэг удаадаа нуусан хөрөнгөө ил болгох боломжийг олгосон. Үүгээр 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө ил болсон билээ. Энэ бол Монгол Улсад ямар их хэмжээний сүүдрийн эдийн засаг байсныг илэрхийлнэ. Улсынхаа нийт ДНБ-ний хэмжээнээс илүү гарсан хөрөнгийг ил болгож авсан нь тус хуулийн ач холбогдол, үр дүн юм. Гэхдээ нөгөө талаас уг хууль хэрэгжсэнээр Монгол Улсын татварын тогтолцоо ямар их гажигтай, татвараа авч чаддаггүй байсныг илтгэнэ.
Хүн бүр шударгаар тагвараа төлдөг, төлсөн татвар нь эргээд зөв зүйтэй зүйлд зарцуулагдаж, ард түмний сайхан амьдрах боломжийг нэмэгдүүлэх нь орлогын тэгш хуваарилалтын нэг хэлбэр гэдэг. Хэдий чинээ өндөр орлоготой байна, төдий чинээ өндөр татвар авдаг. Басхүү орлогод нь дүйцэх тагварыг авч, илүү гарсныг нь буцаан олгодог тогтолцоо ч бий. Манай улсын хувьд их, бага орлоготой бүх хүн адилхан 10 хувийн л татвар төлдөг. Ингэхдээ иргэний ердөө 3.2 хүртэлх сая төгрөгийн орлогод татвар ногдуулдаг. Түүнээс дээших орлогууд ямар ч тагваргүйгээр иргэнд очино. 10 мянган ам.долларын цалинтай уул уурхайн салбарын ажилтан байлаа гэхэд зөвхөн 3.2 сая төгрөгөөс нь л 10 хувийн татвар авна гэхээр шударга бус байгаа биз. Гэтэл үүний нөгөө талд сард 500 мянган төгрөгийн цалинтай хүн татварт 10 хувиа адилхан л төлж байгаа.
Аж ахуйн нэгжийн хувьд орлогын албан татвар нь мөн л 10 хувь. Гэхдээ тухайн аж ахуын нэгж орлогоо өөрөө тодорхойлдог. Хэрвээ орлогогүй ажилласан гэдгээ тайлагнавал /Татварын Х тайлан/ улсад ямар ч татвар төлөхгүй байж болно. Ийм л хуультай.
Гэтэл Австрали, Англи зэрэг оронд аж ахуйн нэгжүүдийн сар бүрийн орлогыг төр нь хянаад, татвараа аваад явдаг. Харин жилийн эцэс гэхэд тухайн аж ахуйн нэгжийн жилийн нийт орлогын хэмжээ төрөөс тогтоож өгсөн тодорхой шатлалуудтай нийцэж байх ёстой. Үүнд татвар огт авахгүй байх шатлал ч бий. Сар бүрийн татвараа төлөөд явсан ч жилийн дүнгээрээ 10 мянган паундаас доош орлого олсон байвал бүтэн жилийн туршид сар бүр өгсөн татварыг нь 100 хувь буцаан олгоно гэсэн үг. Эсрэгээрээ шатлалын дагуу өндөр татвар төлөх ёстой байж байгаад, багыг төлсөн байвал улс нэмж авах ёстой татвараа нэхэж авдаг. Өөрөөр хэлбэл, татвар авахын зэрэгцээ буцаан олгох, татвар төлөгчийг урамшуулах тогтолцоо ч өндөр хөгжсөн гэсэн үг.
Иргэдийн тухайд жишээ нь хөлбөмбөгчид сарын орлогынхоо 80 хувийг улсдаа төлдөг буюу маш өндөр орлоготойнхоо хэрээр маш өндөр татвар төлж байна гэсэн үг. Манай улсад ч бас иймэрхүү өндрөөс өндөр, багаас бага татвар авдаг, басхүү татварын буцаан олголт, урамшууллын тогтолцоог сайжруулсан татварын орчин, зохицуулалт хэрэгтэй гэдгийг судлаачид хэлэх нь бий.
Уг нь ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд шатлалг татварын тогтолцоог 2017 онд нэвтрүүлэхийг зорьсон ч улстөрчдөд тийм хуулийг батлах зориг хүрээгүй. Уг нь ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд татварын тогтолцоогоо өөрчлөөд авсан бол өнөөдөр наанадаж тус сангийн санхүүжилт хойшлохгүй, цаанадаж татварын шударга тогтолцоо руу нэг алхам ч болов ойртож болохоор л байлаа. Эдийн засгийн хувьд хүчирхэг болж чадсан, хүн ам нь аз жаргалын индексээрээ дээгүүрт жагсдаг Скандиновын орнуудад бол зарим тохиолдолд 80 хүртэлх хувийн татвартай байдаг. Гэлээ гээд өндөр татвар авсныхаа төлөө улс оронд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ 100 хувь үнэгүй. Төрийн үйлчилгээ, дэд бүтэц иргэнд хамгийн ойр, амьдрах орчин ямар нэгэн стресс бухимдалгүй байна. Төр татвараа авсан шиг аваад, улс орныхоо хөгжлийг өөд нь хэрхэн татаж болдгийн жишээ Скандиновын орнууд гэхэд болно.
ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тавьсан шаардлагын дагуу өндөр орлоготой хүмүүсийн нийт орлогоос ядаж 25 хувийн татвар авдаг, доошлох тусмаа шатлал буурч 10 хувьд хүрдэг тогтолцоо байж яагаад болохгүй гэж. Хамгийн гол нь авсан татвараа төр засаг зөв зарцуулах нь чухал. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг үнэгүй биш юм гэхэд хэн хүнд ойрхон байх, тийм дэд бүтцийг бий болгож болох л байх. Хүн бүр хаана, хэрхэн амьдарч байгаагаасаа үл хамааран сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон төрийн бусад үйлчилгээг чанарын ямар нэгэн ялгаагүй, ойроос, түргэн шуурхай, найдвартай авч чаддаг болсноор л орлогын тэгш хуваарилалтыг бий болгох учиртай. Түүнээс биш уул уурхайгаас олсон орлогоо халамж болгож тараахыг баялагийн тэгш хуваарьлалт гэж үзэх үндэсгүй юм.
URL: