С.Эрдэнийн үе буюу АН бүлэггүй, УИХ сөрөг хүчингүй
УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдал хүлээж, мөн оныхоо сүүлчээр намаа шинэчлэх аяныг өрнүүлсэн юм. Үр дүнд нь С.Эрдэнэ намын дарга болж байлаа. Уг нь таван сум атгасан таван кандидат өрсөлдсөн байдаг юм.
С.Эрдэнэ АН-ын дарга болох агшиндаа буюу 2017 оны нэгдүгээр сарын 30-нд “…VI Их хурлаас АН-ын даргаа бүх гишүүдийн саналаар сонгох шийдвэр гарсан. Энэ дагуу АН-ын даргын сонгууль орон даяар болж өндөрлөлөө. Нэр дэвшигчид тавуулаа 21 аймаг, есөн дүүргээр гишүүд дэмжигчидтэйгээ уулзаад ирсэн. Очсон аймаг бүрт АН-ын гишүүд маань сэргэн босч, нүдэнд гал гийж байсан нь бидний ажлын гол үр дүн байлаа. УИХ-ын сонгуулийн дараа ялагдлын байдалтай байсан АН маань намын даргын сонгуулиар хөл дээрээ боссон. Одоо улстөрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжихэд бэлэн болсон гэж харж байна. Энэ бол маш том ажил байлаа. Хамт дэвшсэн эрхэм нэр дэвшигчиддээ баярлалаа гэдгээ хэлье. Бид таван тийшээ салаагүй. Нэгэн үзүүрт зүтгэж ирсэн. Бид тав хэн ч ялсан дэмжиж ажиллана гэсэн зарчимд нэгдсэн байсан” гэсэн юм.
Энэ өнгөрсөн явдал. Гэхдээ С.Эрдэнэ энэ үгээ ажилд хэрэг болгоогүй л болов уу даа. Учир нь таван сумны тал талд зогсож байсан хүмүүс өдийд тал тал тийшээ тарж одсон. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ АН-ыг багцалж удирдаж чадсангүй.
С.Эрдэнэ АН-ын дарга болоод хоёр жил хагас боллоо. Одоо жилийн дараа УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болно.
Хоёр жил хагас гэдэг бага хугацаа биш. Тэгэхээр АН-ынхан С.Эрдэнэ даргаасаа “…Ирэх сонгуульд бэлэн үү” гэж асуух цаг болсон байгаа юм. Харин С.Эрдэнэ дарга энэ асуултад хариулах их хэцүү дээ. Бүлгээ тараагаад зөвлөл гээчтэй болчихсон дарга юу ч ярихав дээ.
С.Эрдэнийг АН-ын дарга болоод дээрх үгийг хэлж байх үед энэ нам УИХ-д есөн суудал бүхий бүлэгтэй байлаа. Цөөхүүлээ ч гэсэн эрх баригчдын хяналт, хазаар нь болж чадах хууль ёсны сөрөг хүчин байв.
Гэвч өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд АН бүлэггүй болж, одоо тарж бутарсан хэдхэн гишүүн үлдсэн байна. АН-ынхаа бодлогыг дагах гарын таван хуруунд багтах гишүүд байна уу үгүй юу гэж асуухаар болоод байгаа юм.
Ер нь бол УИХ дахь сөрөг хүчин “татан буугдана” гэдэг эхлээд АН-д хортой. Хариугүй дөхсөн ээлжит сонгуульд тулаад орох таягаа гээсэнтэй адил юм.
Томоор нь харвал сөрөг хүчингүй УИХ гэдэг бол ард түмэнд аймшигтай хорлонтой. Эрх баригчид ямар ч хяналтгүй болсон.
Одоо хар даа. Зөвлөл бол бүлэг биш. Зөвлөлд бүлэг шиг эрх дарх байхгүй. Тэгэхээр С.Эрдэнийн АН-ыг удирдсан хоёр жил гаруйн хугацаанд энэ нам хаашаа явсан нь тодорхой харагдана.
Шуудхан хэлэхэд, ирэх сонгуулийн наана АН дотооддоо жинхэнэ шинэчлэл хийхгүй бол 2020 оны сонгуульд гурван суудал ч үгүй үлдэхийг үгүйсгэхгүй.
Нөгөө талаас эрх баригч МАН-ынхан УИХ дээр чөлөөтэй тоглодог боллоо. Тэдний тооцоололд торох юм байхгүй. Бодсоноо л хийнэ. Хийснийх нь зөв бурууг цаг хугацаа л шүүнэ. Ийм л бодит байдалд шилжсэн байна.
Эрх баригчид сүүлийн хэдэн өдөр Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг ярьж байна. Монгол Улс нэг тойрог болж, сонгогдсон 76 гишүүн нэг тойрог дээр ажиллана гэсэн ерөнхий агуулгыг олон нийтэд ойлгуулах гэж оролдож байна. Яаж сонгох, ямар зарчим баримтлах нь ойлгомжгүй. Үүнийг тодруулаад, эсвэл “…Болохгүй байна” гээд зогсоох эрх С.Эрдэнэ даргатай АН-ынханд алга.
Араас нь Үндсэн хуулийн өөрчлөлт цухалзаад эхэлллээ. Ерөнхий сайд /МАН-ын дарга/ хязгааргүй эрх мэдэлтэй болох өөрчлөлтөөр зуржээ. Ингэлээ гээд АН-ынхан бас л яаж ч чадахгүй.
АН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүд хувийн байр суурь илэрхийлээд л болчихно. Тэр нь эрх баригчдын хувьд ямар ч цочроо, дөгөө болохгүй.
АН-ын өнөөгийн улс төрд дарах жин ийм хөнгөхөн болоод байгаа юм. Үлээхэд л хаашаа ч хамаагүй хийсээд алга болчихоор тийм хөнгөхөн болчихсон.
Тэгэхээр АН ирэх сонгуулиас өмнө эргэлтийн шинжтэй өөрчлөлтийг удирдлагадаа хийх цаг болсон байна гэдгийг дахин хэлье. Ингэж чадвал хэдэн суудал “зулгааж” магадгүй юм.
Зууны мэдээ
URL: