МАН болон АН-д: Монгол ардын “Шударга ёс” бүлгийн зөвлөмж
Монгол ардын “Шударга ёс” бүлэг нь ямар нэгэн нам, улс төрийн хүчнээс хамааралгүй, хараат бус, Монгол ард иргэдийнхээ төлөө шударга ёсыг баримтлан, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг иргэний хариуцлагатай байгууллагын хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сард МАН, 12 дугаар сард АН-ын бодлого, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгсөн. УИХ-д хамгийн олон суудалтай энэ хоёр намын алдаа, оноо чухам юунд байгааг нарийн судлан дэнсэлж, Монгол ардуудад үнэн бодит мэдээллийг хүргэхийн зэрэгцээ дээрх намуудад тулгарч буй бэрхшээлээс гаргах онол, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Энэ үйл ажиллагаа зохих үр дүнгээ өгснийг тэмдэглэе.
Манай бүлэгийн шүүмжлэл, зөвлөмжийн дараа МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дах МАН-ын бүлэг яаралтай хуралдан, Засгийн газрын өргөн барьсан 2012 оны Улсын төсөвийн төсөлөөс нэг их наяд төгрөг танах шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн нь болзошгүй хямралаас сэргийлэхэд нэмэр болох буй заа.
Мөн манай бүлгийн шүүмжлэл, зөвлөмжийн дараа АН-ын дарга Н.Алтанхуяг удирдаж буй намаа хамтарсан Засгийн газраас гаргах санал санаачлага гаргаж улс төрчийн хувьд ойрд үзэгдээгүй зоримог, шийдвэртэй алхам хийлээ. АН-ын ҮЗХ-ны хуралдаанаас намын даргынхаа шийдвэрийг дуу нэгтэй дэмжин баталж, улс төрч Норовын Алтанхуягийн санаачлага зөв гэдгийг нотлов. АН хамтарсан Засгийн газраас гарч, сөрөг хүчиний үүргээ гүйцэтгэх нь Монгол ард иргэдийн хүсэн хүлээж байсан нэгэн зүйл мөнөөс мөн.
АН-ын дарга Н.Алтанхуягийг улс төрийн тоглолт хийлээ гэж МАН-ын зүгээс болон АН-ын дотроос ч шүүмжилж байгааг өрөөсгөл дүгнэлт гэж үзэж байна. УИХ-д хамгийн олон суудалтай МАН болон АН-ын дарга нарын аль нэг нь улс төрийн зоригтой өөрчлөлт хийхгүй тохиолдолд улс төрийн эрүүл саруул өрсөлдөөн алга болно гэсэн үг. Хоёр намын дүрмийг судлаад үзэхэд намын дарга нар нь намын төлөөлөн удирдах байгууллагынхаа нэгэн адил намын Их хурлаасаа сонгогддог, намтай холбогдох ямар ч асуудлыг санаачлан намын төлөөлөн удирдах байгууллагаараа шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй байгаа. Иймд Н.Алтанхуягийг буруутгах үндэслэлгүй бөгөөд улс төрд үүссэн ойлгомжгүй нөхцөл байдлыг нэг тийш шийдэж чадсан явдалд талархаж байна.
Дэлхийн жишигт байхгүй Засгийн газар байгуулснаараа сайрхдаг С.Баяраас Ерөнхий сайдын суудлыг өвлөн авсан МАН-ын дарга С.Батболдод том ахынхаа алдааг залруулах боломж байсан уу гэвэл хангалттай байсан. Харамсалтай нь, бүх эрх мэдэл өөрт байсаар байхад том ахын буруу үгийг бурханчлан шүтэж явсаар намынхаа чансааг унагаж орхилоо. Жишиг бус Засгийн газараа хадгалж хамгаалж, сөрөг хүчингүй мөнхөд жарган суухыг хүссэн С.Баяр, түүний залгамжлагч С.Батболд нарын санаархал нурж уналаа. АН-ыг Н.Алтанхуягаас өөр хүн толгойлж байсан бол, хоёр намын хууль бус гэрээг хугацаанаас өмнө таслан зогсоож чадах байсан эсэх тун эргэлзээтэй. Ардчилал юунаас ч илүү үнэ цэнэтэй гэдгийг Н.Алтанхуяг тэргүүтэн мэдрүүлж чадлаа. Үүний нөгөө талд, УИХ-д 60 хувийн суудалтай МАН-ын дарга С.Батболдын зүгээс АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах талаар ямар ч санал санаачлагагүй ажилласан учир намдаа хасах оноо авчирлаа.
Н.Алтанхуягийн хийсэн мэдэгдлийн дараа С.Батболд: “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио” гэдэг ардын сайхан үгийг улс төрийн үл тохирох үйл явдалтай хутгаж хэлээд нулимс урсгах шахаж гүн эргэлзээ төрүүллээ. УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүд ч уйлан дуугараад, бид ямар гээчийн намд төрийн жолоо атгуулчихсан юм бэ. УИХ-ын суудлын 60 хувийг МАН-ын гишүүд эзэлсээр байгаа биш билүү, энэ намд илүү итгэл хүлээлгээд ч Монголын төрийг авч явах чадвар байна уу гэх зэрэг хариу нэхэж зовоосон олон асуулт урган гарч ирж байна. Үүний гаргалгаа нь намын хамт олныхоо дэмжлэгийг алдсан шинэ МАН-ын удирдлагууд өөр намын гишүүдээс тусламж хүстэлээ доош орсныг илтгэн харуулж байгаа хэрэг, өөр юу ч биш. Намынхаа хэдхэн гишүүний дэмжлэгийг хүлээж чадахгүй байгаа шинэхэн МАН цаашдаа яадаг бол. 2008 оны сонгуулийн луйвар, 7 сарын 1-ний цуст яргалал, сонгогчдоо хулхидсан худал амлалт, намын хагарал бутрал, Үндсэн хууль зөрчсөн, хариуцлагаас бултаж нэрээ сольсон, татварын мөнгөөр ордон бариулсан… гэхчилэн нэг сонгуулийн хугацаанд МАН олон алдааны эзэн боллоо.
2006 онд Ц.Элбэгдоржийн толгойлсон эвсэлийн Засгийн газрын үед МАХН-ын сайд нар огцрох хүсэлт гаргахад Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байсан. С.Баяраас С.Батболдод залгамжлуулсан Засгийн газар бол хоёр намын зөвшилцлийн үндсэн дээр байгуулагдсан Засгийн газар учир, нэг намын сайд нар огцрох хүсэлт гаргахад нөгөө намын сайд нар ширээн доогуураа бултаж үлдэлгүй мөн бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Гэтэл одоо МАН-ынхан хуулийг өөрсдийн таалалд нийцүүлэн тайлбарлаж, хуулийг хэрхэн гууль болгодгоо тэгэхээс тэгэх гэсэн шиг ил тод харуулж байна.
С.Батболдын танхимын хуучин болон шинээр нэр дэвшсэн сайдуудын дотроос тавын зэрэг сайд боломжийн, бусад арван сайд Засгийн газрын гишүүний шалгуурт тэнцэхээргүй хүмүүс байх юм. Улс төрийн бодлого тодорхойлох мэдлэг чадвар туршлага чухал бус, зөвхөн өөрсдийн бүлэглэлд үнэнч зүтгэдэг хүмүүсээ МАН-ын удирдлага сайдын суудлаар шагнадаг болсон байна. Ийм байхад засгийн ажил яаж өөдөө гарах билээ. Тэгээд ч сонгууль хаяанд ирсэн үед Засгийн газрын нүүр царай болсон сайд нараа иймэрхүү хүмүүсээр бүрдүүлж байгааг эрх баригч намын гишүүд хүртэл таалахгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зөв зүйтэй зөвлөмж өгөөд байхад МАН-ын удирдлага ер анхаарсангүй. Албан үүрэгээ гүйцэтгэж буй Ерөнхийлөгчийн үгийг үл ойшоон том толгойлж буй МАН-ын удирдлага бас ч гэж үнэнийг хэлээд байгаа МАХН болон Монгол ардын “Шударга ёс” бүлэгийн санал зөвлөгөөг тоохгүй л байх. Эрх мэдэлдээ дулдуйдсан хэдэн нөхөр хэсэг гишүүдийг таслан авч МАН гэдэг шинэ нам байгуулсан, хуучин гишүүд болон ардуудын дэмжлэг хийсэн алга болсныг мэдэрсэн шинж алга. Гэхдээ бусдын үгийг сайн сонсож зөв зүйтэй санааг ажил хэрэг болгож бай гэж МАН-д дахин зөвлөе, сонгууль дөхсөн энэ үед та нарт хэрэгтэй. Нөгөө талаар, 26 дугаар Их хурлаар намын дотор болсон хагарал бутралын дараа шударга гишүүдээ алдсан шинэхэн МАН-д боловсон хүчний хомсдол нүүрлэсэн байна. Нэгэнт өөрийн намд сайн боловсон хүчин дутагдалтай байгаа бол өндөр боловсролтой, нөлөө бүхий нам бусчуудаас улс төрийн албан тушаалд дэвшүүлэх бас нэгэн боломж байгааг МАН-ын удирдах нөхдөд зөвлөе.
АН хамтарсан Засгийн газраас гарч, сөрөг хүчиний үүрэгээ гүйцэтгэх болсон нь сайн хэрэг. Гэхдээ сайн юманд садаа мундахгүй гэгчээр АН-ын дотоодод намын даргын суудлын төлөө ил далд тэмцэл өрнөөд байгаа. Юу юугүй сонгууль болох гэж байхад албан тушаалын төлөө хоорондоо толхилцоод, сөрөг хүчний үүргээ хэдий завандаа гүйцэтгэх юм бол. Н.Алтанхуягийг өмөөрч байна гэж андуу ташаа ойлгох хэрэггүй. УИХ-ын сонгуулийн өрсөлдөөн ид эхлэх гэж байна. Энэ үед намын Их хурлаа хуралдуулж, намын даргын суудлын төлөө үзэлцэж байх цаг мөн үү. Ядахдаа өөрсдийн өрсөлдөгч МАН-аа хар, намын даргаа өөрчлөе гэж хэн ч ярихгүй л байна. Тэртэй тэргүй тавхан сарын дараа Н.Алтанхуяг ч бай, С.Батболд ч бай ажлаа дүгнүүлнэ. Намын даргын төлөө өрсөлдөөн болдог цагтаа болох байлгүй, наанадаж намын дүрмээ баримталж сурах хэрэгтэй. Одоо л АН-ынхан сөрөг хүчний үүргээ биелүүлж, Монгол ардуудынхаа төлөө тэмцэнэ гэж ядарч туйлдсан олон түмэн хүлээж байгаа. Оройтсон ч гэсэн ширүүхэн дар, олон түмнийхээ талд хүчтэй дуугар, албан тушаал бодохоо хойшлуул гэж АН-ын томчуулд зөвлөе.
Монгол ардын “Шударга ёс” бүлэг 2012.01.24
Холбоо барих:
Бүлэгийн ахлагч Галигаагийн Баярсайхан
Утас: 88027077, 93120584
E.mail: bayaraa6502@yahoo.com
facebook.com Bayarsaihan Galigaa
URL: