Засгийн газраас 972 айлын орон сууцыг түрээсийн орон сууцны хөтөлбөрт шилжүүллээ
Засгийн газраас Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай шийдвэрийн Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа.
Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай шийдвэр гарсан. Өмнөх Засгийн газрын үед хэрэгжиж байгаад хөрөнгийн хүрэлцээгүй байдлаас үүдэж 1542 айлын орон сууц дуусаагүй байсныг Хөгжлийн банкны дэмжлэгээр барьж дуусгаж байна. Жишээ нь Буянт-Ухаа 2 хорооллын 972 айлын орон сууц ашиглалтад орж байгаа бөгөөд уг орон сууцыг түрээсийн хөтөлбөрт шилжүүлэхээр боллоо. Харин ямар журамаар олгох асуудлыг Улаанбаатар хотын захиргаа шийднэ. Эдгээр орон сууцыг иргэд 3-5 жилийн дотор сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлөөд, байрны төлбөрийн 30 хувийг бүрдүүлэн, цаашид ипотекийн зээлд хамрагдан байраа өмчлөх боломжтой. Эсвэл урьдчилгаа 30 хувиа төлөөд байраа хувийн үл хөдлөх хөрөнгө болгож болно” гэлээ.
URL: