Дональд Трампыг дэмжигч “Хийлдэг Трамп”-ыг хагалжээ
Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийж буй айлчлалын хоёр дахь өдөр байлаа.
Тэр энэ өдөр удахгүй огцрох гэж байгаа ерөнхий сайд Тереза Мэйтэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны сэдвээр ярилцсан юм. Энэ үеэр Лондон хотын төвд хэдэн арван мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсан байна.
Өнгөрсөн онд Трампыг айлчлах үеэр жагсагчид “The Trump Baby” нэртэй, живх зүүсэн хүүхэд хэлбэртэй, аварга том хийлдэг дүрс хөөргөж байв. Өчигдөр энэхүү дүрсийг хийлж, дахин хөөргөхөөр бэлдэж байх үед нэгэн эмэгтэй халдаж, хурц ирмэгтэй зүйлээр хагалсан байна. Тэрээр Дональд Трампыг дэмжигч Британийн иргэн Эми Далла Мура гэгч байжээ.
Мура өөрийн үйлдлийг видео дүрсэнд буулгаж интернэтээр тараасан байна.
Тэрээр хийлдэг Трампыг хагалах үеэрээ “Тэр бол АНУ-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг ерөнхийлөгч. Та нар өөрсдөөсөө ичицгээ!” хэмээн хашхирч байжээ.
Халдлагын үеэр Мура өөрийнхөө гарыг санамсаргүй зүсэж, шархдуулснаа видео бичлэгт харуулсан байна. Удалгүй Лондон хотын цагдаа нар түүнийг биедээ зэвсгийн чанартай зүйл авч явсан гэсэн үндэслэлээр баривчлан саатуулжээ.
Эх сурвалж: Mashable
Э.СЭМҮҮН, IKON.MN
URL: