“Айвенхоу Майнз” Монголыг гартаа атгажээ
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтын 250 гаруй лицензийг хүчингүй болгосон. Үүнээс болж Монголын гэх тодотголтой компаниудын хувьцааны ханш олон улсын бирж дээр унажээ. Тухайлбал “Монгол майнинг” компанийн Шанхайн бирж дээрх хувьцаа 4.2 хонконг доллараар унасан байна. Гэтэл энэ байдал “Айвенхоу Майнз” компанид нэг ч центээр нөлөөлсөнгүй. Тухайн үед тус компанийн хувьцааны ханш Торонтогийн бирж дээр 24.10 ам.доллар хүрч байсан. Харин Д.Зоригт сайд лиценз хураах шийдвэр гаргасны дараа “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш 0.20 ам.доллараар өсчээ.
Эдийн засагчдын ярьснаар аль ч улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай, олон улсын бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компанийн хувьцааны ханш хэлбэлзэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсад үймээн самуун болох, засгийн газар тус компанийн холбогдох салбарыг хөндсөн бодлого явуулахад бирж дээрх хувьцааны ханш унадаг. Гэтэл “Айвенхоу Майнз”-ын хувьцааны ханш унасангүй. Үүнийг дэлхийн эдийн засагчид ноёрхол хэмээн тайлбарладаг байна.
Жишээлбэл, Нигерийн алтны уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Кост Эй Жи майнинг” компани Торонтогийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг. Өнгөрсөн оны долдугаар сард Нигерийн цэргүүд хувийн хэвшлийн хэд хэдэн уурхайг эзэлсэн. Тухайн үед тус улсад үйл ажиллагаагаа явуулж, гадаадад хувьцаагаа арилжаалдаг дийлэнх компанийн хувьцааны ханш 3-5.30 ам.доллараар унажээ. Гэтэл “Кост Эй Жи майнинг” компанид нөлөөлсөнгүй. Учир нь тус компани эрх баригчидтай сайн харилцаатай байдаг. Өөрөөр хэлбэл, эрх баригчид тус компанийг батлан даадаг гэсэн үг. Иймээс хувьцааны ханш ямар ч тохиолдолд буурахгүй аж. Тэгэхээр “Айвенхоу Майнз” компанийн хувьцааны ханшид өөрчлөлт орохгүй байгааг дээрх жишээтэй холбож тайлбарлаж болох юм.
Урьд нь Оюутолгойн болон “Айвенхоу Майнз”-ын хувьцаа олон улсын бирж дээр хэлбэлзэлтэй байсан. Энэ нь Монголд хувьцааны ханш нөлөөлөх ямар нэгэн үйл явдал болдогтой холбоотой байжээ. Гэтэл одоо Монголд төрийн эргэлт гарсан ч “Айвенхоу Майнз”-ын хувьцаа олон улсын бирж дээр хэвээр байх аж. Энэ бол цэвэр өрсөлдөөн биш гэдэгт эдийн засагчид санал нэгддэг.
Өчигдрийн арилжаагаар “Айвенхоу Майнз”-ын хувьцаа 23.90 ам.доллар байна. Харин 2009 онд Оюутолгойн гэрээг баталснаас хойш Торонтогийн биржийнхэн энэ хувьцааг худалдан авах нь ихэссэн. Учир нь хоёр их наяд 470 тэрбум ам.долларын хөрөнгөтэй компанийг үндэслэгч Роберт Фрийдлэнд арван жилийн баталгаа өгч чаддаг гэнэ. Тэрбээр нэг бус удаа “Монголын өмнийн говийг худалдаад авчихсан” хэмээн ярьсан гэдэг.
Түүний ярьсан нь баталгаатай бол манай улстөрчдийг халаасалжээ гэсэн үг аж. Учир нь Роберт Фрийдлэнд Бирм улсын зэсийн томоохон уурхайг эзэмшихдээ ийм арга хэрэглэж, тус улсын цэргийн эрх баригчдыг халаасандаа оруулжээ. Энэ нь “зальт үнэг” гэх хоч авахад хүрсэн байна. Бирмд үйл ажиллагаа явуулж байхад бирж дээрх хувьцааны ханш нь мөн л өсөлттэй байжээ. Тэр үүнд итгэлтэй хандаж, “Айвенхоу Майнз”-ын хувьцааг худалдан авахыг санал болгодог, бүр баталгаа өгдөг байсан гэнэ.
Өөрөөр хэлбэл, эхлээд засгийн газар, дараа нь объект гэх зарчмаар ажилладаг. Гэхдээ тэр улстөрчид нь амархан солигдчихгүй, ядуу улсыг сонгодог. Учир нь Бирм бол 1990 оноос хойш цэргийн засаглалтай байсан. Харин манай улс 1990 онд ардчилалд шилжиж өнөөг хүртэл хөл толгойгоо олоогүй ажээ. Иймээс худалдагдсан улстөрчид нь Роберт Фрийдлэндийн төлөө ажиллах нь гарцаагүй. Улстөрчид объектоо хамгаалж, бирж дээр хувьцаа нь тогтвортой байх аж. Иймээс Оюутолгойн хувьцаа олон улсад хамгийн найдвартай хувьцааны нэгд тооцогдож байна.
Д.ТҮВШИНТӨР
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: