“Нэг тойрог” хэмээх МОЛИГО
Эрх баригч нам УИХ-ын сонгууль болгоны өмнөх жил сонгуулийн хуулийг ёс юм шиг өөрчилдөг жишиг тогтоод байна. МАН ч энэ дагуу Сонгуулийн хуулийг өөрчлөх өөрсдийн хувилбарыг танилцууллаа. Тэд Монгол Улс нэг тойрог гэсэн системээр ирэх 2020 оны сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзжээ.
Гэхдээ МАН-ын энэхүү мэдэгдэл улс төрийн хүрээнд гэнэтийн үйл явдал байв. Өнгөрсөн даваа гаригт болсон бүлгийн хурлын дараа ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан мэдээлэл хийж, сонгуулийн хуулийн өөрчлөлтийг танилцуулав. Тэрээр энэ үеэр хуулийн өөрчлөлтийг олон нийт болон улс төрийн намаар хэлэлцүүлсэн гэдгийг тодотгосон. Гэсэн ч сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тэр дундаа Монгол Улс нэг тойрог гэх системээр явна гэх хэлэлцүүлэг өмнө нь болоогүй. Түүнчлэн одоо яригдаж байгаа хуулийн төсөлдөө ч нэг тойрог гэх заалтыг тусгаж амжаагүй байна. МАН-ын боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийн 4.4-т Сонгууль нь олонхийн /мажоритар/ тогтолцоотой байна. 11.2-т Сонгуулийн нутаг дэвсгэр нь тойрогт хуваагдана гэжээ. Тэгэхээр МАН-ын хуулийн төсөлд ороогүй, хэлэлцүүлээгүй асуудлаа бүлгийн хурлаар оруулж, яагаад олон нийтэд гэнэт мэдээлэх болов. Үүний цаана улс төрийн тоглолт ч явж мэднэ гэх асуудал улс төрийн хүрээнд яригдаж байна.
Ер нь эрх баригчдын анхаарал одоогоор Үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр төвлөрчихөөд байгаа. Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслөө ч маргааш өргөн барина. Эцэг хуулиа ямар дэгээр өөрчлөх гээд “бэлтгэл” хуулиудыг бүгдийг нь бэлэн болгочихсон. Ийм үед гэнэт Сонгуулийн хуулийг өөрчлөх, тэгээд бүр Монгол Улс нэг тойрог болно гэж олны анхаарлыг татаж эхэлсэн нь зүгээр нэг бамбай төдий асуудал байж болох юм. Өөрөөр хэлбэл, МАН сонгуулийн хуулиар молигдож байгаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх үү гэдэг хардлага байна.
Эрх баригчид үнэхээр сонгуулийг энэ системээр явуулбал улс төрийн хувьд дэвшил болно. Эсрэгээрээ мөнгөтэй, олонд танигдсан, туршлагатай намуудад ашигтай. Жижиг намууд бие даагчдын боломжийг хаасан хууль болно гэдэг маргаан аль хэдийнэ л яригдаад эхэллээ. Ер нь бол тухайн нэр дэвшигч өмнө нь нэг л тойрогт бүх анхаарлаа хандуулж ажилладаг байсан бол Монгол Улс нэг тойрог гэх заалттай хууль батлагдвал улс орон даяар явж, мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Монголын ард түмэнд бүгдэд нь л танигдах учиртай болж байна. Тэгэхээр шинэ улс төрийн хүчин, нэр дэвшигчдэд хүндрэл үүсэх асуудал гарах юм..
Нөгөө талаар Монгол Улс нэг тойрог болчихвол улс төрийн талцал хуваагдал, жалга довны үзэл бага ч гэсэн үгүй болно гэж ярих хэсэг ч байна. Сонгуулийн үеэр мөнгө тарааж санал худалдаж авах байдал үгүй болно гэж байна. “Агаар” дээр байгаа Сонгуулийн хуулийг дагасан ийм төрлийн санал шүүмжлэлүүд хөвөрч эхлээд байна.
Энэ систем өмнө нь яригдаагүй биш яригдаж байсан. Гэвч санал тоолох, хураах зэрэг техникийн хувьд боломжгүй гэсэн шалтгаанаар орхигдож иржээ. Монгол Улс парламентын түүхэндээ долоон удаа УИХ-ын сонгууль явуулсан. Үүний дөрвийг нь жижиг мажоритар системээр явуулсан. 76 тойрогт нэг мандаттай гэсэн үг. Түүний дараа нэг удаа томсгосон тойрог буюу пропорцианаль мажоритар холилдсон системээр, нөгөө хоёр нь 26 тойрог буюу олон мандат гэсэн зарчмаар явагдсан байдаг. Мөн АН эрх барих хугацаандаа буюу 2012-2016 онд Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулах хуулийн төсөл баталж байв. Харин энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр энэ гурвыг салгаж, тус тусад нь хууль болгон оруулж ирж байгаа юм байна.
Ийнхүү МАН-ын боловсруулсан Сонгуулийн хуулийн төсөл батлагдвал бид түүхэндээ анх удаа 2020 онд Монгол Улс нэг тойрог болж сонгуулиа өгөх нь л дээ.
МАН-ын боловсруулсан Сонгуулийн хуулийн төсөлтэй холбоотойгоор намуудын байр суурийг хүргэж байна.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:
ТОЙРОГТОО ОЧИХ НҮҮРГҮЙ БОЛСОН УЛСТӨРЧДИЙН АРГА Л ДАА
-Сонгууль болгоны өмнө хуулийг өөрчилдөг байдлаа зогсоох хэрэгтэй. Эрх баригчид сонгуулийн хуулийг өөрсдөдөө тааруулж “зассанаар” хожно гэж бодоод байдаг. Гэхдээ хэзээ ч ялдаггүй, ард түмэн тавих ёстой дүнгээ л тавина.
Нөгөө талаар энэ парламентад сонгогдсон тойрогтоо буцаж очих нүүргүй болсон улстөрч олон бий. МАН-ын 40 гаруй гишүүн иргэдийнхээ эрхийг хулгайлаад ЖДҮ-гээс зээл авчихсан. Түүнчлэн 60 тэрбумын асуудал байна. Ийм “гэмт хэрэгтнүүд” яаж ард түмэн дээр эргээд очих вэ дээ. Тэд Монгол Улс нэг тойрог гэсэн системд орвол өөр хүмүүс дээр очоод сонгогдчихно гэж найдаад байх шиг байна. Тийм байдал үүсэхгүй байх аа. Ер нь сонгуулийг ямар системээр явуулах уу гэдгээс илүү сонгогчдын эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулах нь зөв болов уу гэж манай намынхан үзэж байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
ХӨГЖИЛ ЯРИХ БОЛОМЖ БҮРДЭНЭ
-Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хуваарилалтыг л бодитоор дүгнэж харах ёстой юм. Өөрөөр хэлбэл, улсын төсөв ямар хэмжээтэй тэлсэн, үүнийгээ томоохон бүтээн байгуулалтад зарцуулж чадаж байна уу, үгүй юү гэдгийг дүгнэх хэрэгтэй. Одоогийн төсвийн хуваарилалтаар 76 жижиг тойрогтоо мөнгөө хуваачихаад улсын хөгжилд түлхэц болохуйц томоохон бүтээн байгуулалтууддаа хөрөнгө оруулахад хүндрэлтэй байгаа юм. Харин улс нэг тойрог болж, ард иргэд 76 гишүүнээ өөрсдөө сонгодог болбол жижиг тойргийн эрх ашиг ярихаас илүүтэй улсын ерөнхий хөгжил ярих боломж бүрдэнэ. Гаднын хөгжилтэй орнууд ч ийм байдаг. Тойрог томрох тусмаа тухайн тойрогт хамаарагдаж байгаа бүс нутгийн хөгжил илүү сайн байдаг. Тиймээс жижиг тойргийг хумих бодлого нь зөв болов уу гэж МАН Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:
СОНГУУЛЬ ЯМАР Ч СИСТЕМЭЭР ЯВСАН АН ХҮЛЭЭЖ АВНА
-Ер нь эрх баригчид сонгууль болгоны өмнө Сонгуулийн хуулийг өөрчилдөг болчихлоо. МАН өөрсдөдөө аль болох ашигтай хувилбарыг оруулж ирсэн байх. Гэхдээ одоо явж байгаа нь Сонгуулийн хуулийн төсөл нь эцсийн байдлаар орж ирээгүй байна.
Ер нь бол бүсчлэх үү, нэг тойрог болгох уу гэдэг янз бүрийн хувилбар яригдаж байгаа юм билээ. Жижиг тойргийн тухайд хэт жалга довны үзлийг бий болгож, сонгуулийн үеэр санал худалдан авах байдлыг өөгшүүлж байна гэдэгтэй санал нэгдэнэ. Тиймээс улс орны эрх ашгийг бодсон ч Монгол Улс нэг тойрог гэсэн систем орж ирвэл болохгүй юм байхгүй. Манай намын хувьд сонгуулийг ямар ч системээр явуулсан татгалзахгүй, хүлээж авна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан
URL: