Гаднаас удирдуулсан парламентын ГАНХАЛТ
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг багтаасан. Өнөөдөр нэг нам дангаараа эрх барьсан үед Үндсэн хуулиа өөрчлөлт нь цагаа олсон зүйл гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийнхэн тайлбарладаг. Харин сөрөг хүчин төдийгүй эрх баригч хүчний зарим гишүүд энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхзүйн чадамжгүй гэсэн байр сууриа илэрхийлдэг. Тэгвэл өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай өөрсдөө орших уу, эс орших уу гэдэг асуудал үүсээд байна.
Энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах байтугай өөрсдөө үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй гэсэн үнэлгээг Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчнээс аваад байна.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрсдийн тарах шийдвэр гаргахыг хоёронтаа шаардаад байгаа. УИХ-ыг өөрөө тарах шаардлагадаа Ерөнхийлөгч “Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчлөөр дүүрэн, асар их үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газрын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компаниудтай байгуулж, олон алдаатай бодлого явуулсан учир огцорсон. УИХ-ын 49 гишүүн өргөсөн тангарагаа умартан, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг нэн хөнгөлөлттэй нөхцлөөр өөрсөддөө олгуулж, жирийн иргэдийнхээ боломжийг “хулгайлсан” болох нь олон зүйлээр тогтоогдсон. Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэлд МАН-ын дарга асан, УИХ-ын дарга байсан хүн нэр холбогдон, уг асуудалд хутгалдснаа хүлээн зөвшөөрсөн. Наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүссэн” гэдгийг тус тус үндэслэл болгоод байна.
Харин УИХ өөрөө тарах асуудлаар шаардлагатай бол хэлэлцэж болно гэсэн тайлбарыг УИХ-ын даргад гишүүдэд хандаж хэлснээс бус Ерөнхийлөгчийн шаардлагад албан ёсны хариулт өгөөгүй байхад дараагийн шаардлагаа хүлээж авлаа.
Сөрөг хүчин өнгөрсөн пүрэв гаригт “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал”-ыг орон даяар зохион байгуулж, “Ардчилалаар олсон ололт амжилтыг үгүйсгэж улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тулгууруудыг ганхуулж, төрийн эрх мэдэл хуваарилалтын зааг уялдааг алдагдуулан зөрчилдүүлж, өөрсдийн хувийн дур зорго, гэр бүлжсэн явцуу ашиг сонирхол, хоорондын өс хонзон,фракц бүлгийнхээ албан тушаалын төлөөх тэмцэлд ард нийтийг айдас бухимдалд автуулж, Монгол хүнийг ядууруулж, Монгол орныг дарангуйлалын зүг хөтлөх санаархал газар авхуулж байгаа”-г эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан “ЖДҮ-д холбогдсон гишүүдийн асуудлыг шийдвэрлэхгүй, олон сая ам.долларын авлига, төрийн албан хаагчдын авлигын асуудлуудыг хуулийн цоорхой харж хэрэгсэхгүй болгож байгаа, иргэдийн сонгох эрхэнд халдсан, худал хийрхэл, амлалт хэрээс хэтэрч сандал суудал булаацалдсан хэрүүл тэмцэл хүний амиар хэмжигдэх хүртлээ хурцдаж байхад төгрөгийн ханш унаж, бензин тос, өргөн хэрэглээний барааны үнэ өссөн” үндэслэлээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг нэн даруй огцоруулах шаардлагыг өргөн барилаа.
Сайд нар 10 сая ам.доллар, 1.2 сая еврогийн авлигад холбогдсон асуудлаар хуулийн байгууллагад ямар нэг мэдээлэл ирээгүй, Засгийн газар ч энэ асуудлыг хэлэлцээгүй хариултыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд өгснөөс бус Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимтай холбоотой асуудлаар ганц үг ган хийгээгүй өнөөдрийг хүрч байгаа. Ер парламентад үнэмлэхүй олонхи 64 суудалтай, эрх баригч хүчин МАН-ын даргын хувьд У.Хүрэлсүх дээрх шаардлагуудад УИХ хийгээд Засгийн газарт чиглэл өгч, байр сууриа илэрхийлэх нь зүй ёсны асуудал. УИХ-ыг өөрөө тарах асуудлыг хийгээд гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх ч үүрэг чиглэлийг гаднаас л авах нь тодорхой, МАН-ын бүлэг.
Ерөнхийлөгч болоод сөрөг хүчний шаардлагыг ээлжит улстөржилт гэж эрх баригчид төдийгүй ажиглагчид үзэж байгаа. Гэхдээ шаардлагад дурдагдсан асуудлуудад хариулт өгөх нь эрх баригчийн үүрэг. Ерөнхийлөгч, сөрөг хүчин, цаашлаад олон нийт ч УИХ-аас, эрх баригчдаас, Засгийн газраас, тодруулбал МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардлагын хариуг хүлээж, шаардаж байна.
Н.Энхлэн
Shuud.mn
URL: