МОНГОЛЧУУДЫН ДУНД СЭТГЭЦ, ЗАН ҮЙЛИЙН ЭМГЭГ ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭЖ БАЙНА
Дэлхийн 4 хүн тутмын 1 нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар 2010 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол 2020 онд 20 хувь болж нэмэгдэх магадлалтай гэжээ.
Монгол улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10.000 хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ.
Насны бүтцийн хувьд авч үзвэл 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байна.
Сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй үйлчлүүлэгчидийн 70 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй өвчтөн байгаа бөгөөд сүүлийн 3 жилийн статистикаас харахад хөдөлмөрийн чадвараа алдсан нийт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15-18 хувийг эзэлж байна.
2016 оны статистик тайлан мэдээллээр улсын хэмжээнд амбулаторт нийт 28326 өвчлөл бүртгэгдсэнээс тэргүүлэх 5 сэтгэц ба зан үйлийн эмгэг өвчлөлийг авч үзвэл:
- Оюуны хомсдол - 9696
- Сэтгэц нөлөөт эм,бодисын шалтгаант сэтгэцийн эмгэг - 6009
- Сэтгэцийн органик ба шинж тэмдгийн эмгэг - 4783
- Шизофрени, шизофрений хэв шинжит ба дэмийрэх эмгэг - 3012
- Стресстэй холбоотой неврозын болон биеийн хэлбэрийн эмгэг - 2988 тус тус эзэлж байна.
Харин хэвтэн эмчлүүлэгчдийн тухайд СЭМҮТ-ийн 2016 оны стационарын статистик үзүүлэлтээр сэтгэц ба зан үйлийн эмгэгийн тэргүүлэх 5 өвчлөлийг 2авч үзвэл: Шизофрени, шизофрений хэв шинжит ба дэмийрэх эмгэг -1438
- Стресстэй холбоотой неврозын болон биеийн хэлбэрийн эмгэг -1426
- Сэтгэцийн органик ба шинж тэмдгийн эмгэг -1400
- Сэтгэц нөлөөт эм,бодисын шалтгаант сэтгэцийн эмгэг -1303
- Сэтгэл санааны (цочирдлын) эмгэг - 256
Монгол улсад 1992 оноос хойш буюу сүүлийн 25 гаруй жилийн хугацаанд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хүн амын дунд хийгдсэн судалгаа хомс байгаа юм. Хамгийн сүүлд явуулсан буюу 2013 оны судалгааны үр дүнгээс авч үзэхэд манай улсад арван жилийн дотор архинд донтох эмгэг 25 дахин, сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсч, судалгаанд хамрагдсан нийт хүн амын 65%д нь сэтгэцийн тулгамдсан асуудал (сэтгэл түгшилт 18.5%, нойргүйдэл 17.1%, архаг ядаргаа 16.2%, сэтгэл гутрал 6.6 %, архинд донтох эмгэг 6.2 %) байгаа нь сэтгэцийн эмгэгийн өвчлөл манайд эрчтэй явагдаж байгааг харуулж байна.
“Уг үзүүлэлтээр манай улс Ази номхон далайн орнуудаас сэтгэл гутралаар 7рт, бусад төрлөөр 3-рт эрэмбэлэгджээ”.
Tusgal.mn
URL: