Г.Соёлгэрэл – МАСК /өгүүллэг/
Бүсгүй дандаа л амны масктай явна. Эрвээхэйн даль шиг дэрвэлзэх урт сормуус, янзаган алаг нүдэнд нь харц унагах хүмүүсийн дийлэнхи нь түүнийг масктай явдагийг ч анзаардаггүй болов уу. Тэд “хэтэрхий хөөрхөн болохоор нүүрээ бусдаас нуух шаардлага гардаг байх даа” гэж бодоцгооно.
Гэтэл нэгэн өдөр бүсгүй маскаа гэнэт тайлсан юм. Бүсгүйд сэтгэл алдарч, зүрхээ сугалж өгөхөөс ч буцахгүй байсан залуус бүгд түүнээс дайжлаа. Учир нь, бүсгүйн уруул төрөлхийн сэтэрхий бөгөөд гоо сайхны хагалгаанд орсон ч эмчийн буруугаас болоод үзэмжгүй муухай татагдсан оёос тавигджээ. Энэ өдрөөс хойш бүгд түүнээс дөлөх болов.
Сар жилүүд алган завсраар урсах алтан элс мэт хэнд ч мэдэгдэлгүй, алгуурхан хөвөрсөөр… Бүсгүй ч хайр дурлалын талаар мартагнаж эхэлжээ. Гэтэл нэгэн залуу түүнд хайраа илчлэх нь тэр. Тэрбээр түм түжигнэж, бум бужигнасан их хотын нэгэн гудамжинд бүсгүйн өмнө өвдөг сөгдөн суугаад, баглаа цэцэг барьж, гүн хүндэтгэлтэйгээр сэтгэлээ илчиллээ. Гэвч бүсгүй цэцгийг авахыг хүссэнгүй. Хаашаа ч юм бэ, хачин их яарч явсан хүмүүс түр азнан, тэднийг сүрхий ажиглаж, аман дотроо элдвийн үгс бувтагнаж эхлэв.
-Ийм царай муутай юм байж, олдсон дээр нь гялс зөвшөөрдөг байгаа даа.
-Муугаа мэдэхгүй бас их зантай юм гээч гэх мэтийн зэвүүцсэн үгс чихний омог халууцуулна.
Бүсгүй хэсэгхэн зуур тээнэгэлзэн зогссоны эцэст юу ч хэлэлгүй, цааш одов. Гэхдээ бүсгүйн сэтгэл догдлоогүй биш, догдолсон. Даанч залуу олны хөл бужигнасан газар түмний анхаарлыг татан байж хайраа илчилсэн нь л гунигтай байлаа. Учир нь, энэ бүхэн түүнд жинхэнэ хайр сэтгэл гэхээсээ олны анхаарлыг татах гэсэн хуурамч дүр эсгэлт, урьдчилан төлөвлөсөн үзүүлбэр мэт санагдсан юм.
Үдэш нь өнөөх залуу бүсгүйн гэрт хүрч ирэв. Тэрбээр өдөр хийсэн болгоомжгүй үйлдэлдээ хүлцэл өчөөд “Би чамайг гэргийгээ болгомоор байна” гэж чин сэтгэлээсээ гуйлаа. Бүсгүй буруу харан зогсоод “Яагаад?” гэж аяархан шивнэв.
-Чи миний охинтой их адилхан юм. Би та хоёрт хайртай. Та хоёр ч хоёр биенээ хайрлаж чадна.
-Охин чинь над шиг хувь тавилантай гэж үү?
-Үгүй ээ, тэр чам шиг хөөрхөн ба ухаалаг…
Залуу энэ үгийг хэлээд хэсэгхэн зуур чимээгүй зогсов. Төдөлгүй яриагаа үргэлжлүүлж:
-Би бусдын л адил эхлээд чиний сайхныг олж хараагүй ээ. Харин хайртай бүсгүй минь охиноо голоод хаашаа ч юм бэ явж одоход л би хүнд царай зүс бус сэтгэлийн сайхан хэрэгтэйг ухаарсан юм. Яг үнэндээ жинхэнэ маск аман дээр эсвэл нүүрэн дээр бус хүмүүний дотор байдгийг ойлгосон. Тиймээс л бид тэдний багийг хэзээ ч олж хардаггүй. Хүмүүс хардаггүй учраас тэд ч багаа хэзээ ч тайлдаггүй гэлээ.
-Охин маск зүүдэг үү?
-Үгүй ээ, зүүх дургүй. Тэр өөрийгөө хөөрхөн гэдэгт итгэдэг. Охин минь амьдралд хайртай. Мэдээж түүнийг минь хайрлах хүн хэрэгтэй.
-Би зөвхөн охиныг хайрлах хэрэгтэй юм уу?
-Үгүй ээ, би чамайг хайрлах гэж сэтгэл гуйж байна. Чи охиныг хайрлахгүй байж ч болно. Чи бол маскгүй хүн. Би үүнд л татагдсан.
Энэхүү халуун дотно ярилцлагын дараа ч бүсгүй зөвшөөрсөн хариу өгсөнгүй. Тэр үнэндээ хэн нэгнээр хайрлуулахыг хүсэхгүй байлаа. Учир нь, тэр зөвхөн амьдрах л гэж төрсөн. “Би хэн нэгний хайрыг мэдрэхгүй байсандаа ч яах вэ. Бүгд хайрлуулах гэж амьдардаггүй шүү дээ. Зөвхөн өөрөө жаргахын тулд хэн нэгнийг зовоох хэрэггүй” гэж бүсгүй боджээ. Гэвч залуу түүнийг орхиогүй юм. Тэр өдөр бүр ирж, бүсгүйгээс сэтгэл гуйж, бодол нь уясан зөөлрөхийг хүлээж байлаа. Цаг хугацаа ч алгуурхан урссаар л байлаа.
Бүсгүй гудамжинд нэгэн охинтой санамсаргүй тааралдав. Охин бүсгүйг хармагцаа л инээмсэглэлээ. Бүсгүй ч өөрийн эрхгүй л түүнийг дагаад инээмсэглэв. Энэ бол түүний харцанд олон жилийн дараа тодорсон чин сэтгэлийн инээмсэглэл байсан юм. Бүсгүй, охин хоёр биесээ хайр дүүрэн харцаар ширтэн, сэтгэл хангалуунаар инээмсэглэсээр байлаа. Бүсгүй охинд дөхөн очиж өвдөглөн суугаад бяцхан биеийг нь тэврэв. Түүний бүлээхэн амьсгал сэтгэлийнх нь эмзэг утсыг хөндөн чичирхийлүүлэхэд бүсгүйн торомгор алаг нүдний аяганд багтаж ядан мэлтэлзэж байсан нулимсан дуслууд эрх чөлөөгөө эдлэн, хацар дээгүүр нь зам татуулан урслаа. Түүнд анх удаа л бусдыг хайрлах, эх хүн болох хүсэл төрлөө. Тэр тодорхой хугацаанд амьдраад л буцна. Харин үр удам л үлдэнэ.
Энэ охин түүн дээр ирэх ёстой хийгээд түүнийг тэврэх, хайрлах ёстойг ухаарав. Учир нь, тэд яг адилхан сэтэрхий уруултай ажээ.
Бүсгүй охиныг мөнөөх залуугийн охин гэдэгт итгэлтэй байлаа. Тиймээс ч охиныг хөтөлсөөр гэрт нь хүрч ирэв. Гэтэл түүнийг огт танихгүй залуу угтав. Бүсгүйн сэтгэл хачин ихээр шаналлаа.
Хэдийгээр тэр энэ хорвоод мэндэлсэн цагаасаа хойш энэ тосгонд амьдарч байгаа боловч мэнд мэдэхийн төдийхөнд таньдаг цөөхөн “найз”-тай билээ. Бүсгүй залуугийн сургийг гаргаж өгөхийг нэгэн танилаасаа хичээнгүйлэн гуйв. Залуу амьдралаа дээшлүүлэхээр өөр тосгоныг зорьжээ.
Бүсгүй гэртээ харимагцаа жижигхэн аяны цүнхэндээ хэдэн хувцсаа чихээд, урт холын замд гарлаа. Тэрбээр унаанд суухыг ч хүссэнгүй. Аяны ганц цүнхтэйгээ ханьсан алхсаар залуугийн амьдарч буй тосгонд хүрч ирэв. Тэр уулзсан хүн бүрээсээ сураглаж явсаар нэгэн өдөр залуугийн гэрийг олов. Гэвч залуу түүнийг хараад огт догдолсонгүй.
-Би чамайг зорьж ирлээ.
-Тийм байна, би харж байна.
-Охин чинь сайн биз дээ? Би түүнийг хайрлахад бэлэн байна.
-Тэр сайн. “Та өөрийгөө л хайрлах хүнтэй гэрлээрэй” гэж тэр надад хэлсэн. Би тийм хүнийг хайж байна.
-Би чамайг хайрладаг гэдгээ саяхан л ухаарлаа.
-Чи хайрлах дургүй шүү дээ. Чи эгээ л амьдралаас залхсан хүн шиг харагддаг. Чи энэ амьдралаас гэрэл гэгээ олж харахыг ч хүсдэггүй. Ийм хүнтэй хайрын тухай ярина гэдэг утгагүй зүйл юм билээ.
-Би өмнө нь дэндүү хувиа хичээж байжээ. Эцэст нь, хэн нэгнийг хайрлах нь хүн болж төрсний минь утга учир юм байна гэдгийг ойлгоод та хоёрыг зорьж ирлээ.
Залуу юу ч хэлсэнгүй. Тэд биесээсээ харц буруулаад, бодолд автав. Гэвч тэд ижил зүгт ширтээд, мөн л хайрын тухай бодож байсан юм.
Удаан хүлээлгэсэн анир чимээгүй байдлыг эвдэн, хаалга сэвхийтэл онгойгоод живхийтэл сүлжсэн урт хар гэзэгтэй, тоодгорхон охин инээд цацраан гүйж ирээд залууг хүзүүдэн тэвэрлээ. Тэрбээр залуугийн хацар дээр шовхийтэл үнсээд “Аавдаа хайртай” хэмээн аяархан шивнэв. Залуу ч мөн түүнийг өхөөрдөн үнэрлээд “Охиндоо хайртай” гэж хэн бүхэнд дуулдахуйц хэллээ.
Залуу бүсгүйг дөнгөж сая л үзэж байгаа мэт сүрхий ширтсэнээ хажуугийн сандал дээр суухыг урив. Төдөлгүй амттай хоол хийж таваглаад, гурвуулаа ширээ тойрон сууж хооллолоо. Бүсгүй охинтой ойр зуурын зүйлс ярин, инээлдэж байлаа. Харин залуу түүнтэй огт дуугарсангүй.
Наран жаргахад залуу бүсгүйд ор засаж өгөөд, өөрөө охиныхоо хамт унтахаар тухлалаа. Бүсгүй урт холын замд аяншиж ядарсан тул дэрэн дээр толгой тавимагцаа л бөх гэгчийн нойронд автжээ. Тэрбээр маргааш нь нар голлосон хойно сэрэв. Түүнийг нүдээ нээхэд анхилам сайхан цэцгийн үнэр хамар цоргин сэнхийж байлаа. Бүсгүй орон дээр өндийн суугаад эргэн тойрноо сайтар ажиглалаа. Гэрт хэн ч алга. Эцэст нь, тэр дэрнийх нь хажууханд тавьсан үзэсгэлэнт улаан цэцэгс өнөөх гайхамшигт үнэрийг түгээж буйг олж мэдлээ. Тэрхүү цэцгийн хажууд дөрөв нугалсан жижигхэн цагаан цаас байх аж. Бүсгүй эгээ л анх төрсөн үрийнхээ нимгэн зулайд хүрч буй мэт тэрхүү цаасыг болгоомжтой аваад, алгуурхан дэлгэлээ. Тэрхүү цаасан дээр:
“Хайр амталсан хүн л хамгаас жаргалтай амьдардаг юм. Гэтэл чи жаргалаас зугтаад байсан. Хайр дагаж ямар олон эрхэм нандин зүйл ирдэгийг чи минь мэдэхгүй байна. Өчигдөр чиний минь ухаарсан төрх маш эгдүүтэй харагдсан шүү. Би энэ бүгдийг тэвчиж, чамайгаа аргадахгүй хонуулсан юм. Чи надад итгэж болно. Би чамдаа одоо ч хайртай, насан туршдаа хайрлах болно. Би охиноо сургуульд нь хүргэж өгөөд, ажилдаа явлаа. Чи минь оройн хоолоо бэлтгээд хүлээж байгаарай.
Чиний хань” гэсэн байлаа.
Г.Соёлгэрэл
URL: