О.Чулуунбат: “Сан” гэдэг нэрийн ард мөнгө угаах гэж байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Н.Ганбямба гишүүний өргөн мэдүүлсэн Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн Инновацийн тухай хуулийг дагалдан өөрчлөлт орох Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Харин энэ үеэр уг хуулийг батлах хугацаа нь болоогүй гэдгийг О.Чулуунбат гишүүн хэлж байлаа. Тиймээс тэрбээр Инновацийн тухай хуулийг дагалдан өөрчлөлт орох Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар эсрэг санал өгч, цөөнх болсон. Энэ талаар О.Чулуунбат гишүүнээс тодрууллаа.
-Технологийн инновацийг дэмжих сан байгуулах тухай төсөлд та цөөнх боллоо. Сан байгуулахын эсрэг байгаа шалтгаан тань юу юм бэ?
-Инновацийн сан бүрдүүлэх нь зүйтэй арга хэмжээ. Гэхдээ өнөөдрийн үйлчилж байгаа бусад сангаар дамжуулаад инновацийг дэмжээд явах бололцоотой юм. Одоогийн байдлаар Засгийн газрын 32 сан бий. Миний санаа бол өнгөрсөн жилүүдэд баталсан 32 сангийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод биш байна. Засгийн газрын сан гэдэг татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм учраас хамгийн ил байх ёстой зүйл. Бизнесийг зохицуулж байгаа бүх хуулиа ягштал биелүүлдэг болтол үүнийг хойшлуулъя гэж байгаа юм. Бусад улс оронд ганц салбарыг, эсвэл нэг хэсэг ажлын байрыг дэмжсэн хууль гаргадаг л даа. Гэхдээ бусад бизнесийг зохицуулах хуулиуд нь ягштал хэрэгждэг болсон үедээ гардаг юм. Өнөөдөр үүнийг батлаад гаргачих юм бол яг өмнөх 32 хууль шигээ дарга нар бизнес хийгээд байх бололцоотой болчихно. Мөн бөөн авлигын хэрэг гарна. Шинээр орж ирсэн функт бүрээр нь сонирхлын зөрчилтэй гээд авлигын хэрэг үүсгээд байх магадлалтай. Дагалдан орж ирж байгаа хуулиудыг миний нүдээр харахад л бизнес хийж байгаа бүх хүн бараагаа татвараас чөлөөлж таарах нь.
-Инновацийн тухай хуулийг дагалдаж хэчнээн хуульд өөрчлөлт орохоор байна?
-Дөрөв таван хууль бий. Түүгээр дамжуулаад бүгд ямар нэгэн татвараас чөлөөлөгдөж, засгаас мөнгө аваад байж болох нь. Тэгэхээр энэ хууль хэрэгжихэд маш хүнд. Хэрэгжлээ гэхэд хэрэгт орчих гээд их хэцүү юм. Тийм болохоор нийгэм ийм бухимдалтай үед заавал энэ хуулийг батлах хэрэг байна уу гэсэн. Өмнөх 32 сангаар дамжуулан шударга бус бизнес яваад байна, түүнийгээ ил тод болго гээд бухимдаад байгаа юм. Сонгуулийн жилд сонирхлын зөрчилтэй ийм хууль батлаад дэмий.
-Нэг ёсондоо захиалгаар орж ирсэн хууль гэсэн үг үү?
-Тийм байж болно. Захиалгаар олон хууль орж ирээд байгаа. Гишүүд ч энэ талаар хэлж байсан. Би энэ хуулийг эсэргүүцээгүй, гэхдээ өнөөдрийн цаг үед тохироогүй хуулийн төсөл гэж үзэж байгаа. Тиймээс хэлэлцэхийг нь хойшлуулъя гэсэн юм.
-Инновацийн тухай хуулийн төслийг бараг л эрдэмтдийн хүслээр өргөн барьж байгаа мэтээр тайлбарлаад байсан?
-Бүр социализмын үеэс л манай эрдэмтэд шинжлэх ухааны дэвшилтэт бүтээлийг амьдралд хэрэгжүүлье гээд өчнөөн олон тогтоолын төсөл гаргуулсан. Түүний дагуу хэрэгжүүлэхэд бүрэн бололцоотой. Дээрээс нь 32 сан байна. Хэдхэн хоногийн өмнө Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах тухай хуулийг баталсан. Түүнтэйгээ уялдуулж үзэх хэрэгтэй шүү дээ. Хэрэв захиалгаар ороод ирсэн хууль бол дараа нь тэр сангаас зээл авсан хүн бүрт хэрэг нээж болно.
-Ер нь аливаа салбарыг дэмжихээр байгуулсан сангуудын үйл ажиллагаанд тусгай Ажлын хэсэг гаргаад шалгаж болдоггүй юм уу?
-Гадаадын зээл тусламжийн арван жилийн хэрэгжилтийг үзчихээд надад “Монгол Улс дээр гадныхан бизнес хийчихэв үү, эсвэл Монголын дарга нар улсаараа бизнес хийчихсэн юм уу” гэмээр сэтгэгдэл төрсөн. Монгол Улсад дандаа төслийн зээл шахаад байсан байгаа юм. Гэтэл бусад оронд зээлээ санхүүгийн хэлбэрээр нь аваад өөрсдөө бараагаа сонгодог. Тэгээд гадаад орнуудын аль нь сайн бараа хямдхан өгөх вэ гэдгээр нь өрсөлдүүлдэг. Тэгэхгүй бол 20-30 жил төслийн зээл шахуулаад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Ганц санг дүгнэхэд л ийм байна. Бусад нь ч иймэрхүү л байгаа байх.
-Тухайлбал, аль сан гэдгийг хэлж болох уу?
-Гадаадын зээл тусламжийн сан гэж байдаг. Түүнд өнгөрсөн жил манай Төсвийн байнгын хороо шалгалт хийгээд, дүгнэлт гаргасан. Тэндээс гарсан ганц дүгнэлт нь төслийн бус зөвхөн санхүүгийн зээл авдаг болох. Монгол Улс санхүүгийн зээл аваад түүнийхээ менежментийг өөрсдөө хийх бүрэн бололцоотой.
-“Сан” гэсэн нэрийн ард мөнгө угаах ажиллагаа явдаг юм биш үү?
-Тийм болчихоод л нийгэм бухимдаад байна. Тиймээс сангуудаа цэгцлэх хэрэгтэй. Сая Ч.Улаан гишүүн бид хоёр энэ 32 сангийн хэрэгжилт ямар байгааг сонсох цаг нь болсон юм биш үү гэсэн санал гаргалаа.
Б.Энхжаргал
“Өдрийн шуудан” сонины редакцын зөвшөөрлөөр цахим хуудаст нийтлэв
URL: