“Мобиком”-ыг 20 саяар, “Юнивишн”-г таван сая төгрөгөөр торгожээ
ШӨХТГ-аас хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Харилцаа холбооны салбарт хийсэн хяналт шалгалтын талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Он гарсаар эхний улирлын байдлаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газраас 56 ААН-ийг хамруулсан 11 хяналт шалгалт хийсэн байна. Үүний дотор иргэдээс ихээр гомдол ирсэн зарим харилцаа холбооны компаниудад хяналт шалгалт хийжээ.
Энэ дагуу тус газраас шалгалт хийхэд хэрэглэгчдэд бараа үйлчилгээнийхээ бодит мэдээллийг өгөөгүй, гэрээний нөхцөлдөө хэрэглэгчийн эрхийг дордуулсныг тогтоосон байна.
Түүнчлэн бараа үйлчилгээний өөрчлөлтийн мэдээллийг хэрэглэгчдэдээ хүргэж ажилладаггүй, гэрээнд санал гаргасан талын заалт түлхүү орсон тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцон, Мобиком корпорацийг 20 сая төгрөгөөр торгожээ. Харин Мобиком торгуулиа төлөхөөс татгалзаж эргээд шүүхэд хандсан байна.
Мөн Юнивишн нэгдүгээр сараас эхлэн нөхөж үзэх үйлчилгээгээ нэмэгдүүлж 5000 төгрөг болгосонтой холбоотойгоор иргэд гомдол гаргажээ. Үүнийг шалгахад үнэ тарифтаа өөрчлөлт оруулахдаа хэрэглэгчдэдээ мэдээлээгүй байна.
Иймд хуулийн дагуу таван сая төгрөгөөр торгож, цаашид хэрэглэгчдэдээ үнэн бодит мэдээлэл хүргэж ажиллах үүрэг өгчээ.
Түүнчлэн электрон барааны дэлгүүрүүд барааны хэрэглэх зааврыг хэрэглэгчдэдээ хүргэдэггүйн улмаас иргэд хохирдог байна. Хохирлоо нөхөн төлүүлэх гэхэд “Энэ бол гадны нөлөөтэй” гээд төлдөггүй гэх зэрэг гомдол ирдэг учир электрон барааны дэлгүүрүүдэд хэрэглэгчдэдээ монгол заавар гаргаж үйлчлэхийг анхааруулсан байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газарт эхний таван сарын байдлаар СӨХ, худалдаа үйлчилгээ барилга, харилцаа холбооны компаниудтай холбоотой гомдол хамгийн их иржээ.
URL: