Юанийн ам.долларт уясан ханш долоогоос доош унавал яах вэ
Cүүлийн сард Хятадын мөнгөн тэмдэгт нэлээд суларсан тул албаныхан нэг ам.доллар долоон юантай тэнцэх харьцааг хадгалахын тулд ямар алхам хийвэл зүйтэй вэ гэдгийг бодох хэрэгтэй боллоо. Тавдугаар сард юанийн ханш 2.5 хувиар доошилсон нь өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойших хамгийн их уналт бөгөөд азидаа толгой цохив. Долоо хоногийн өмнө нэг ам.доллар 6.9217 юаньтай тэнцсэн нь таван сарын доод үзүүлэлт юм. Ирэх сард Японд их 20-ийн дээд уулзалт болохын өмнө зарим стратегич худалдааны дайн улам хурцдаж, сүүлийн арван жилд анх удаа юань долоогоос доош эргэлт буцалтгүй унах байх хэмээн таамагласан байна.
Гэхдээ үр дагаврын талаар янз бүрийн санаа оноо дэвшүүлжээ. Citigroup банкны тооцоогоор хувьцаанаас салах арилжаа, өрсөлдөх чадварын бууралт, санхүүгийн тогтворгүй байдал ч үүсэж болзошгүй аж. Merrill Lynch сул өсөлтийг дагаад юань сулрах нь хэвийн зүйл учир хувьцааг бөөнөөр худалдах нь юу л бол гэсэн байна. Харин юань долоогоос дээшилбэл эрх баригчид оролцох эрсдэл илүүтэй байгааг бүгд хүлээн зөвшөөрчээ.
Хятадын эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр сард эрчээ алдаж, экспорт, аж үйлдвэрийн гарц, жижиглэн худалдаа бүгд таамгаас доогуур гарсан. Түүнчлэн юань доошилсон нь тус улсаас капитал гадагш урсахад хүргэж болзошгүй юм.
Хятадын зохицуулагчид сүүлийн жилүүдэд юанийн гадаад хөрвөх чадварыг дээшлүүлж, ам.долларыг цохих арга хэмжээ авах замаар мөнгөн тэмдэгтээ дэмжинэ гэж мэдэгдсэн. 2015 онд юанийн ханш огцом унаснаас хойш ийм байдал гурав дахь удаагаа давтагдаж байна. Merrill Lynch-ийн Азийн валютын хэлтсийн тэргүүн Клаудио Пирон “Өнөөгийн ялгаа нь гэвэл худалдааны сөргөлдөөн хурцадсан явдал. Хятадын гарт байгаа бүх хэрэглүүрийг авч үзвэл юанийн ханшийг зохицуулах нь хамгийн хялбар арга. Гэхдээ Азийн бусад орныг айлгалгүйгээр хэрэгжүүлэх аргыг олох ёстой” хэмээн тайлбарлав.
Тэрбээр Хятад, АНУ хоёр харилцан тарифаа нэмбэл юанийн ам.доллартай харьцуулсан ханш 7.13 дээр ирж болзошгүй гэжээ. Хятадын эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр сард эрчээ алдаж, экспорт, аж үйлдвэрийн гарц, жижиглэн худалдаа бүгд таамгаас доогуур гарсан. Түүнчлэн юань доошилсон нь тус улсаас капитал гадагш урсахад хүргэж болзошгүй юм. Бээжин Их 20-ийн уулзалтын өмнө ханшийн уналтыг сааруулах хүчин чармайлт тавьж байгаа.
Тус улсын банкны топ зохицуулагч хэлэхдээ юанийн богино арилжаанаас ашиг хайгчид асар ихийг алдаж болзошгүй хэмээн анхааруулсан бол төв банкны захирагч валютыг тогтвортой барихаа амласан. Төв банк ойрын үед Хонконгийн биржид үнэт цаас гаргаж, гадаад дахь юанийг дэмжиж, хөрвөх урсгалыг хязгаарлах арга хэмжээ авахаа мэдэгджээ. Бодлого боловсруулагчид юанийн арилжаа 6.9-ээс дээш гаргахгүйд анхаарч байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн спот арилжаа голдуу энэ түвшнээс доогуур хийгджээ.
Юанийн ханш унах нь гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хятадын хөрөнгийн үнэ цэнийг бууруулах эрсдэлтэй. Гадаадынхан энэ сард 50 тэрбум юанийн хувьцаа зарах төлөвтэй байгаа бол өнгөрсөн сард 18 тэрбумын эзэмшлээ худалдсан. Үүний улмаас Шанхайн Composite индекс сарын дотор 5.3 хувиар унасан нь өнгөрсөн 10 дугаар сараас хойших доод үзүүлэлт болсон юм.
BNP Paribas банкны Хятадыг хариуцсан ахлах эдийн засагч Чи Ло юанийн ам.долларт харьцах ханш долоогоос доош унавал Бээжин, Вашингтон хоёрыг хэлэлцээний ширээнд дахин суулгаж болох юм гэжээ. Учир нь валютын ханшийн уналт бүс нутаг даяар тархаж, АНУ-ын хувьцааны зах зээлд хохирол учруулах тул ноён Трампыг тохиролцоонд түлхэж магадгүй гэж шинжээчид тайлбарлав.
“Засгийн газрын мэдээ” сонин
URL: