Хэсэг бүлэг шүүгчид хууль зөрчин бусдыг хохироож байна
Эрх мэдэлтнүүд, мөнгөтэй нэгэнд үйлчилж энгийн иргэний эзэмшил газрыг хэрхэн дээрэмдэж авдаг талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэхүү дээрмээ хууль зөрчин, шүүхийн шийдвэрийн үл тоон хийж ирсэн байдаг.
Тодруулбал, 2015 оны гуравдугаар сард “Богд Асар” ХХК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, 1 жилийн турш шийдвэрлэлгүй явсаар 2016 оны 2-р сарын 5-нд Шүүгч н.Батзориг “Богд Асар ХХК-ийн газар эзэмших гэрээний хугацаа дуусгавар болсон тул цаашид маргах асуудалгүй, өөрөөр хэлбэл Богд Асар ХХК нь эзэмшил газаргүй болсон гэх үндэслэлээр хэргийг хааж, Богд Асар ХХК-г ялагдал хүлээлгэсэн байна. Энэ нь мөн л Туурайн Төвөргөөн ХХК-г хамгаалагч өнөөх шидтэн газар эзэмших гэрээний хугацаа сунгах хүсэлтээ хугацаандаа гаргаагүй тул газар эзэмших эрх нь дуусгавар болсон тухай шүүх рүү мэдэгдсэн хэрэг. Харин тангараг өргөсөн шүүгч нотлох баримтыг шалгахгүй, зөвхөн алгын чинээ цаасаар алх цохин шийдвэрлэж байгаа нь өнөөгийн хууль шүүхийн байгууллагын эмгэнэл үү, албан тушаалаа ашигласан, авлигачны энгийн нэгэн үйлдэл үү.
Үнэнээр явахад үхэр тэргээр туулайг гүйцэдгийн адил Анхан шатны шүүхийн хууль бус шийдвэрийг эсэргүүцэн Давж заалдах болон Улсын дээд шүүхэд тус тус хандахад асуудлыг хянаж, 2016 оны зургаан сард анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан хэдий ч Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн газрын алба шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй жил хагас болсон байна.
Улмаар шүүхийн шийдвэр албан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулснаар 2018 оны 9 сард газар эзэмших гэрээний нэгж төлбөрийг 439 төгрөг байхаар 15 жилийн хугацаатай гэрээг батлуулж гэрчилгээг шинээр олгожээ.
Гэтэл энэ маргаан эцэслэн шийдэгдсэнгүй. Одоо л нэг амьсгал авах нь уу гэсэн шиг “Туурайн Төвөргөөн” ХХК нь НДЗХАШШүүхэд нэхэмжлэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж гарсан А/25 дугаар захирамжийг илт хууль бусд тооцуулахаар захирамж гарсан өдөр нь нэхэмжлэл гаргасныг захиргааны хэргийн шүүгч Н.Долгосүрэн даруй хүлээн авч хэрэг нээсэн. Энэ үйлдэл нь “Богд Асар” ХХК-г дахин боомилж шахаж байна.
“Туурайн Төвөргөөн” ХХК нь нэхэмжлэл гаргаж байх үед Богд Асар ХХК захирамж гарсан эсэхийг ч мэдээгүй, гаргаж аваагүй байсан нь хачирхалтай.
Тэгвэл ЗХШХШТХ-н 54 зүйлийн 1.6д зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн тогтоол байгаа бол хэрэг үүсгэхээс татгалзах гэж заасан байдаг. Гэтэл хэсэг бүлэг шүүгчид дээрх хуулийн заалтыг зөрчин хэрэг нээсэн нь сонирхолтой. Шүүгчдэд хууль үйлчилдэггүй, эсвэл хувийн ашиг сонирхлоороо хуулийг гуйвуулж өөрчилдөг. Хэт нэг талыг барьж мөнгөтэй компанид давуу байдал бий болгосон болж таарч байгаа юм.
Шүүх байгууллагын нэрийг барьж шударга бус дээрэм хийж байгаа шүүгчидтэй хэн хариуцлага ярих вэ? Эсвэл Монголын шүүх байгууллага хуулийг гууль болгож, дураараа зөрчин, хэн нэгэнд давуу байдал бий болгохыг хүлээн зөвшөөрсөн илт луйврын газар болж хувирсан уу?
URL: