Н.Лүндэндорж: Эрүүдэн шүүсээр байсан нь илэрснээр хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарлаа
-Шүүхийн салбарт миний багийн хийсэн ажил мөддөө балрахгүй. Цаг хугацаа харуулна-
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндоржтой ярилцлаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа энэ үед түүнтэй хууль эрх зүйн орчин, тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг олон асуудлаар ярилцсанаа хүргэе.
-Хууль, шүүхийн байгууллагын нэр хүнд шалдаа уналаа. Нөгөө шинэтгэлийн үр дүн хаачсан бэ?
-Яасан ноцтой асуудлаар эхэлж байх юм. Сонсоход гашуун ч няцаах боломжгүй асуулт байна. Ард түмэн ингэж асуух эрхтэй. Шинэтгэлийн үр дүн муу байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой. Дотоод, гадаад гэх мэт. Шүүхийн тухайд шинэтгэлээр их зүйл амжуулсныг би хаана ч хэлнэ. Би Ерөнхийлөгчид зургаан жилийн ажлаа тайлагнахдаа ч хэлсэн. Шинэтгэл хийгээгүй бол үүнээс долоон дор юм болох байсныг мартаж болохгүй. Ер нь шүүх нь туг болчихсон улсыг дэлхийгээс хайгаад олохгүй. Гэхдээ шүүхэд асуудал байгаа юу гэвэл байгаа. Өргөс авсан мэт засарна гэж бодох гэнэн хэрэг. Шүүх, банк хоёр нэг л эвгүй эсвэл эерэг мэдээгээр унаж, босож байдаг. Банкийг нэг цуурхал дампууруулж чадна. Шүүгчийн нэг буруу үйлдэл бүхэл бүтэн шүүхийг донсолгоно. Ийм л эмзэг байгууллага. Одоо энэ мөн чанараа харуулж байна. Шүүхийг улс төрчид баллаж байгаа. Буруу хууль гаргана, урхидна, нөлөөлнө, дарамтална, эрх мэдлээ ашиглан боон хясна гэх мэтээр.
Шүүхийн хараат бус байдал хуулиас, нөөцөөс, өөрийн үйл ажиллагаа, хуулийн бусад байгууллагын зөв нийлэмжээс хамаардаг. Үүнийг бид одоо ч ойлгоогүй эсвэл ойлгосон ч хүсэхгүй байна. Бид зөвхөн шүүхийн өөрийн үйл ажиллагааг онцолж ярьдаг, шинэтгэлийг энд дангаар хийх гэж оролдсон. Гэтэл хуулиудыг өөрчилсөн ч олигтой шинэтгээгүй, нөөцийг хангаагүй харин улам борцолсон, хуулийн бусад байгууллагыг шинэчлээгүй үлдээсэн. Үүнээс болж цогц хийх ёстой ажил өрөөсгөл болсон. Хуулийн байгууллагад шинэчлэл цогцоор хийгээгүйн улмаас эрүүдэн шүүлт үргэлжилсээр, түүнийгээ нуусаар байсан. Тэр ил болонгуут хамтдаа бүгд унасан. Шүүх би хийгээгүй, цагдаа хийсэн гээд яах юм. Түүний цуглуулсан нотлох баримтыг үнэлж хэрэг шийддэг биз дээ. Ийм л юм боллоо. Үүнээс болж хууль шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэл алдарлаа. Эцэст нь улсын үндэс ганхаж байна. Улс, төрд итгэхээ больж байна шүү дээ.
–Эрүүгийн хууль тогтоомжийг бүхэлд нь шинэчлээ биз дээ.
-Шинэчлэл хийсэн боловч тэр нь гар гар дамжсаар сүүлдээ цогц шинжгүй, шинэтгэлийн амин сүнсүүд нь алга болсон. Олон зүйл дээр ухралт хийсэн. Хамгийн сүүлийн муу жишээ, ухралт бол эрүүгийн хэргийг шүүхээс прокурорт буцаадаг болгочихлоо. Цөөнгүй жил судалж, ярьж, шүүмжилж байж зогсоосон. Шүүгчид дэмжиж, ойлгож байсан. Гэтэл эгзгийг олж сэмхэн ухраасан. Өнгөн тал нь хэргийн нарийн учрыг олох, хохирогчийн эрх ашгийг хамгаалах, ял шийтгэл гарцаагүй байх гэх мэтээр зарим шүүгч, улс төрчид тайлбарладаг. Тийм тал байгаа. Гэтэл дотор талд нь ноцтой асуудал нуугдаж байгааг хууль тогтоогчид олж хараагүй. “Тэвнийн чинээ нүхээр тэмээ шиг жавар орно” гэдэг шиг л юм болно доо. Энэ нүхээр хэрэг таргалж ч мэднэ, турж ч мэднэ. Цаана нь нөгөө л муу бүхэн цэцэглэнэ. Бас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой дуулиан байна. Ийм хууль баталснаас болоод авлигачдыг шүүх суллачихлаа гээд бөөн шүүмжлэл, бухимдал. Гэтэл тэр хуулийг шүүгч яалтай билээ.
-Прокурорын хуулийг бас шинэчилсэн шиг санана.
-Тэгсэн. Гэхдээ хуучин аргаар, байгууллагын тухай хууль хийсэн байна лээ. Үйл ажиллагааны хууль болж чадаагүй. Хамгийн ноцтой нь социализмын үед зөвлөлт засагт байсан прокурорын ерөнхий хяналтыг бараг сэргээх шахсан байна лээ.
Прокурорын байгуулга хуулийн байгууллагын тогтолцоонд онцгой байр эзэлдэг чухал институт. Гэтэл прокурорын хараат бус байдлыг энэ хуулиар бараг хөндөөгүй. Толгойд нь нэг хоосон лоозон байсан шиг санана. Уул нь энэ асуудал уг хуулийн амин сүнс байх ёстой л доо. Үүнээс болоод эрүүгийн шүүн таслах ажиллагаа хуулиар бус өөр юмаар явах бололцоо, нүх сүв нээгдэж байгаа юм.. Гэтэл эрүүгийн шүүгчийн хараат бус байдлын угтвар нь прокурорын хараат бус байдал гэж дэлхий үздэг. Бид прокурорын хараат бус байдлыг босоо удирдлага гэдгээр нь хаачихдаг. Гэтэл олон улсад босоо удирдлагатай ч, прокурор нь хараат бус байх арга механизмыг олоод хуульчилж байна. Манайд байхгүй, мэдэхгүй. Дээд шатны прокурор чиглэл өгөхдөө заавал бичгээр, хуульд нийцүүлж өгнө. Тэр нь олон нийтэд ил тод байх тухай заалт манай хуульд байна уу гэх олон асуудал бий.
Цагдаагийн байгууллага олон нийтийн хэв журмыг сахиулах үүрэгтэй хууль сахиулагчид. Гэтэл шүүх дээр ирдэг эрүүгийн хавтаст хэргийн материалыг одоо хууль сахиулагчид бүрдүүлж байна. 2009 онд Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Алтанхуяг нэг зөвлөгөөн дээр “Бид цагдаагийн гарт байгаа, үүнийг өөрчлөхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй” гэж хэлж билээ. Энэ одоо өөрчлөгдсөн үү. Прокурор хэрэг мөрдөх ажиллагааг хянадаг нэртэй ч гардан оролцоо маш бага. Ялын дүгнэлт бичихдээ хэргийн материалыг шүүгч шиг уншдаг байх жишээтэй. Үүний улмаас шүүхийн ажлыг цагдаа хийдэг гэж ярьдаг болсон. Зүй нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгадаг чиг үүрэг бүхэлдээ прокурорын мэдэлд байх ёстой. Үүний улмаас прокурорын байгууллагын бие даасан байдал, прокурорын хараат бус байдлын тухай ярьдаг. Энэ мэт хуулийн байгууллагын тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын оновчтой биш байдлаас өнөөгийн олон асуудал үүсэж байгаа. Үүнийг засах оролдлого Тэмүүжинг сайд байх үед нэг босож ирээд тэгээд унасан, унтарсан. Одоо үүнийг боддог хүн алга. Харин эсрэг бодолтой хүмүүс олон байна. Тэгээд хоосон халаглаад, матрын нулимс унагаад байх жишээтэй. Мэдэхгүй байж болно , арга эвээ олохгүй байж болно. Хүсэл тэмүүлэл ,зүтгэл, зөв санаа байх ёстой. Тэгвэл гарц дандаа л байдаг. Монголчууд бид юм зохиох хэрэггүй. Хүн төрөлхтний сайн туршлагыг олж мэддэг, түүний зөв нутагшуулах ухаан боловсрол бидэнд дутаад байна. Хүн мэдлэг, мэдээлэл дутуу бол байгаа хуучин дээрээ л эргэлдээд байдаг. Сүүлдээ бүр коммунизмаа эргэн дурсаж санаж, ул болсон зүйлийг сэргээхэд хүрээд байна. Энэ бол дэлхийн хэмжээний мэдлэг, мэдээлэл дутуутай холбоотой. Коммунизмд хайртайдаа биш байх.
Эцэст нь хэлэхэд, шинэтгэлийг нийт хуулийн байгууллагын тогтолцоонд нь цогцоор хийгээгүй доголон, эрэмдэг зэрэмдэг болгосон нь шинэтгэлийн үр дүнд шууд нөлөөлсөн. Нөгөө талаас хууль шүүхийн байгууллагын хэрэглэдэг хуулиудыг өөрчилсөн ч, шинэчилж чадсангүй. Өөрчлөлт болгон шинэтгэл биш шүү. Уул нь анх цогцоор хийх санаа сэдэл, бодлого гарч эхэлсэн ч улс төрчид түүнийг зогсоосон. Шүүхтэй хамт хуулийн бусад байгууллагын шинэтгэлийн зэрэгцүүлэн хийгээгүй. Ухарсан, эргэж буцсан. Гэтэл шүүхийн шинэтгэлийг хуулийн байгууллагын тогтолцоотой нь, хэрэглэдэг хуулиудыг нь тогтолцоотой уялдуулж хамт хийхээс гадна хуулийн сургуулиудтай хамтад нь хийдэг юм байна..
-Энэ хавар шинэтгэлийн тухай бус, харин эрүү шүүлтийн тухай мэдээ нийгмийг цочроолоо. Юу яасан шинэтгэл гэж хүмүүс ярьж, асууж, бухимдаж байна.
-Асуулт зөв өө. Хаваржин эрүүдэн шүүлтийн тухай ярилаа. Улс төрчид өөрсдийн ажлын булхаагаа өөрсдөө гаргалаа. Энэ сайн хэрэг. Өөр хүн хэлбэл хүлээж авахгүй, харин ч оролдоод эхэлнэ. Мэхт мэхэндээ гэдэг бил үү. Олон нийт анхааралдаа авлаа. Энэ бас л дээр хэлсэн шинэтгэлийг тогтолцоогоор иж бүрэн хийгээгүйтэй холбоотой. Энэ нь улстөрчдийн амбиц, төрөөс төрсөн тэрбумтнуудын захиалга байсан гэж ярьдаг. Үнэн байх. Хуулийн байгууллагын шинэтгэлийг зориуд зогсоосон шүү дээ. Эрүүдэн шүүлт хийсний хариуцлагыг шүүх хүлээхгүй гэлтэй биш. Хэн хийдгийг ард түмэн тэр болгон мэдэхгүй шүү дээ. Шууд биш гэхэд шүүх дам хүлээхээс өөр аргагүй.
Ер нь энэ эрүүдэн шүүлт Манжийн эзэрхийллийн үеийн 9 эрүү шүүлтээс нэр томьёо ч, үйлдэх арга ажиллагаа, санаа сэдэл нь тасралгүй өнөөдрийг хүрчээ. Гэтэл үүнийг таслан зогсооход хуулийн байгууллагын шинэтгэлийн зорилго оршиж байсан юм шүү. Гэтэл яагаад хуулийн байгууллагын шинэтгэлийг зогсоов гэсэн асуултыг ярихгүй байгаа билээ.
Хүний эрхийн үндэсний комиссын 18 удаагийн тайланг судалж үзвэл эрүү шүүлт тасралтгүй байсаар ирсэн юм билээ. Жишээ нь, 2006 оны тайланд хоригдож байсан хүнийг 5 см-ийн банзаар биеийн бүхий л газар цохиж, хөдөлж чадахгүй болохоор нь шалан дээр ус асгаж, нүцгэн биеэр хэвтүүлж, асгасан усандаа тог залгаж, гүйдлээр цохиулж, гялгар уут болон шүдний сойзны иш шатааж, нүцгэн бие дээр дусааж байсан тэр ул мөр одоо ч үлдсэн гэж бичсэн байсан. Тухайн үед би түүнийг уншаад зүрх зүсэгдэх шиг болж байв. Гэтэл энэ байдал одоо ч засагдаагүйг энэ хаврын үйл явдлууд гэрчиллээ. 2018 оны тайланд хилс хэрэг хүлээлгэх зорилгоор нэг иргэнийг шал долоолгож, толгой дээр гишгэж, баруун гарын долоовор хурууг бахиар хавчиж байгаад төмрөөр цохисон гэж хүний эрхийн комисст М.Э гаргасан гомдолдоо дурдсаныг тайланд оруулсан байна лээ. Нөгөө Үндсэн хууль, хүний эрх, хууль ёс хайчсан. Энэ бүхэн хуулийн байгууллагыг шинэтгээгүй, түүний буруу тогтолцоотой шууд холбоотой. Гэтэл тэдгээр тайланг УИХ хэлэлцээд засах үүргийг Засгийн газарт өгөөд л байсан. Засаагүй л байна. Тийм учраас хуулийн байгууллагын тогтолцоогоо дахин эргэн харах нь хүний эрхийн асуудал, монгол хүний амьд явах эрхийн асуудал болсон байна. Гэтэл эрүүгийн хууль тогтоомжоо саяхан шинэчилсэн байдаг. Бараг бүрэн хэрэгжүүлж амжаагүй шахам байгаа. Буруу, дутуу хийхийн гай, хор энэ. Тэгэхлээр эрүү шүүлт цаашдаа байх л болчихоод байна. Тогтолцоо засахгүйгээр шударга сайн хүн олоод засна гэх байх л даа. Тэр бол үлгэр. Зөв тогтолцоо, зөв чиг үүрэг, хяналтыг тогтоодог. Тэр зөв коридор буюу тогтолцоо хууль ёсыг сахиулах үндэс болдог. Амьдрал их л сургамж өгч байна даа. Үүнийг ухаарч авах оюун бодол, зориг, алсын хараа байна уу.
–Шүүгчийн хариуцлага муу байгаа талаар шүүмжлэл их өрнөж байна. Хариуцлагатай байлгах арга хэмжээг багц хуульдаа тусгаж чадаагүй юм уу?
-Хариуцлагатай байдлыг бэхжүүлэх талаар багц хуульд олигтой зохицуулалт оруулж чадаагүй нь үнэн. Тэр үед мэдлэг, мэдээлэл хомс байсан. Ганц монгол бус дэлхий шүүгчийн хариуцлагыг 200 жил мартсан юм шүү. Одоо хариуцлага ярих цаг үнэхээр болсон. Хэтрээд байгаа юм бас бий. Цалин нэмсэн, түүнийг дагаж ажил албандаа хариуцлагатай ханддаг нэгэн байхад тэгэхгүй тэгэх ёстой юм шиг ханддаг нэгэн бас байна. Шүүх, шүүгчийн хариуцлага гэхээр манайхан шүүгчид шийтгэл ногдуулах л гэж ойлгоод байдаг. Энэ бас тийм биш. Шүүгчийн хариуцлагатай байдал гэдэгт гурван бүлэг зүйл ордог. Нэгдүгээрт, шүүгчийн шийдвэр шүүхийн шат шатаар хянагдаж, хүчингүй болж, өөрчлөгдөж байгаа нь нэг хариуцлага мөн. Үүнээс шүүгч нэг мэдрэмж, зовиур, шаналал, сургамж авч байдаг. Хоёрдугаарт, шүүгч шийдвэрээрээ талууд, бусад эрх мэдэл, нийгмийн өмнө хариуцлага хүлээж байдаг. Сайн муугаараа цоллуулж, нүүрээ улаалгаж, нүдээ бүлтэлзүүлж байгаа хэрэг шүү дээ. Эндээс бас хүн юм чинь зовиур шаналал зэрэг нэг мэдрэмж авна. Ийм хоёр төрлийн буюу мэдрэмжийн хариуцлага хүлээж байгаа. Энэ хоёр манайд байгаа. Гуравдугаарт, сахилгын болон ёс зүйн хариуцлага хүлээнэ. Энэ манайд байгаа юу гэвэл байгаа. Харин үр нөлөө муу байгаа. Үр нөлөө муу байгаа ахиад л хууль тогтоомжтой холбоотой. Жишээ нь, сахилгын болон ёс зүйн хариуцлагыг хууль тогтоомжоор ялгаагүй, хариуцлага тооцох ёстой үйлдэл, эс үйлдэхүйг олж хуульчилж чадаагүй, шүүгчийн алдаа оноог олж илрүүлэх байгууллагад эрх хэмжээ, зөв процесс тогтоож өгөөгүй, шүүхийн хяналтын давс хужрыг хэтрүүлж, шүүх шүүгчээ хамгаалах аргыг хуульчлаад өгчихсөн, түүнийг нь Үндсэн хуулийн Цэц хүртэл давхар баталгаажуулсан гэх мэт түмэн буруу байгаа. Ингээд бодохоор хууль тогтоомжоос маш их зүйл хамаарч байгааг манай хууль тогтоогчид ойлгоосой. Өөрийн гэмийг өрөөлд тохоод байж болохгүй. Хууль тогтоомж санаачлахаараа холбогдох байгууллагаас санал авдаггүй, авсан нь түүнийг ажил хэрэгчээр судалж тусгадаггүй. Жишээ нь, би шүүхээс хэрэг прокурорт буцаах тухай хуулийн өөрчлөлтийг нэг сэтгүүлчээс сонссон. Шүүх, шүүгчтэй шууд холбоотой хуулийг өөрчлөхөд шүүхээс заавал албан ёсоор санал авна гэсэн олон улсын эрх зүйн хэм хэмжээ хүртэл бий шүү.
-Шүүхийн шинэтгэл цаашид тасралтгүй үргэлжлэх процесс байх л даа. Одоо эн тэргүүнд тулгамдсан, шийдлээ хүлээсэн зөвхөн нэг зүйлийг Та хэлэхгүй юү.
-Төсвийн хомсдол. Үүний хор уршиг маш их. Муу шийдвэр, үйлчилгээний доголдол, авлига гээд тоочоод байвал урт жагсаалт гарна. Шүүх ядуурах нь улсад аюултай. Үндэсний аюулгүй байдалд хортой. Эдгээр нь хоосон үзэл санаа, хэллэгийн жорган биш шүү. Бодитой юм. Сүүлийн 5 жилд жил бүр хөрөнгө оруулалт О дүнтэй байсан шүү. Шүүхийн төсвийг ингэж удаа дараа хүрэлцэхгүй хэмжээгээр хуваарилахыг шүүх эрх мэдлийг зориуд хүчгүйдүүлсэн, үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг зөрчиж, нийтийн ашиг сонирхлыг хөндөж, ардчилсан нийгмийн суурийг ганхуулсан гэж үзэж үндсэн хуулийн шүүхэд өгөх бололцоотой. Ийм практик дэлхийн улсуудад бий. Өөр одоо яалтай нь билээ.Улсын эдийн засгийн хүнд байдлыг бодож, жил бүр бас горьдож олон жил хүлээсэн. Одоо хүлээлт дууссан. Дээр нь сангийн сайд нь шүүхийн байрыг булааж авна гээд гүйж явна гэнэлээ. Энэ арай хэрээс хэтэрнэ. Үндсэн хууль зөрчиж байгаагаа тэр хүн мэдэхгүй байна. Мэдрүүлэх цаг ирнэ биз дээ. Одоо ингээд өөр сэдэв ярих уу. Буцах бүсгүйд үнээ тугал нийлэх хамаагүй гэгчээр одоо л нэг их юм ярьж гэнэ гээд амьтан хүн харааж загнаад байх байх.
-За тэгье дээ. Уул нь одоо л ам халж байсан юм. Тантай Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентын засаглалын талаар ярилцахаар асуулт бэлтгэсэн байгаа. Эхний асуулт нь парламентын тогтолцоо гэж дарга нар, ялангуяа Их Хурлын гишүүд их ярих юм?
-Сурах бичигт байдаг ойлголт. Сонгодог гээд л зарим нь ярьдаг. Юугаа л яриад байгаа юм бүү мэд. Ер нь Засгийн газрыг байгуулах, хариуцлага хүлээлгэхэд парламентын эрх мэдэл харьцангуй өндөр байдаг тогтолцоог хэлдэг. Гэхдээ Засгийн газрын тэргүүн, сайд нарыг толгой дараалан парламент томилдог тогтолцоо гэж ойлгож болохгүй. Манайд тэгж байгаа болохоор ерөөс тийм байдаг гэж ойлгодог хүн олон. Онол нь болоод нийтлэг практик нь тийм биш юм. Энэ бол манай тогтолцооны нэг том гажиг. Асуудал, бэрхшээлийн нэг шалтгаан энэ мөн.
-Яагаад тэр билээ?
-Засгийн газар чинь улс орныг удирдах үүрэгтэй. Энэ үйл ажиллагаанд багтахгүй юм гэж байхгүй. Цалин пүнлүү, сургууль, цэцэрлэг, зам харгуй, шинжлэх ухаан боловсрол гээд үргэлжилнэ. Хамгийн наад зах нь татвар төлөгчдөөс авсан мөнгөө улс орны тулгамдсан асуудлыг зэрэглэж, төлөвлөж, улсад хэрэгтэй, өнөөдөр ашиг тусгүй юм шиг атлаа ирээдүйд нийгэмд хэрэгтэй зүйлд зориулах эрх мэдэл засгийн газарт байх ёстой.
Гэтэл оруулсан төсвийг задлах эрхтэй, дуртай үедээ огцруулах боломжтой, толгой дараалан ам өчгөө өгөн байж томилогдсон томилгооны хараат байдал нь гүйцэтгэх эрх мэдлийг зоримог шийдмэг, асуудлыг алсыг харж, төлөвлөж шийдэх бололцоогүй болгодог. Жижиг мажоритар тогтолцооны эрх ашигт үйлчлэхээс өөр аргагүйд хүргэдэг. Гэтэл Адам Смит 220 жилийн өмнө Үндэстний баялаг зохиолдоо төр нийгэмд дээд зэргийн ашигтай, гэхдээ тухайн хүн эсвэл хэсэг бүлэг хүний зардлыг ашгаараа нөхөхгүй тийм олон нийтийн ажлыг эрхлэн гүйцэтгэх ёстой гэж хэлснийг энэ урт хугацаанд хэн ч үгүйсгэж чадаагүй, харин ч хүлээн зөвшөөрч, ухаарч, хэрэгжүүлэхийг зорьж, Үндсэн хуульдаа санхүү- эдийн засгийн бүлэг нэмж чиг зүгээ гаргаж байна. Өөрөөр хэлбэл, хэн нэг этгээд ашиг тус олох зорилгогүй, тухайн нөхцөлд алдагдалтай байсан ч нийгмийн ач тус нь ямагт их байх бүтээн байгуулалтын ажлууд гэсэн үг л дээ. Ийм ажлыг Монгол Улс хийж чадахаа больсон.
-Тэгэхлээр манай улс дахь парламентын тогтолцоо асуудалтай байгаа хэрэг үү. Тэгвэл ямар байх ёстой юм ?
-Бид энэ асуудлыг олон жил бас муугүй судалсан. Эхний үед олон хүн ойлгодоггүй байсан. Одоо олон хүн ойлгодог боллоо. Түүний үр дүнд Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөл оруулах нэг үндэслэл үүнтэй холбогдож байгаа.
-Та Парламентын тогтолцоог Засгийн газар байгуулахад парламентын эрх мэдэл харьцангуй өндөр байдаг гэж дээр хэллээ. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?
-Өндөр байна гэдэг нь Засгийн газрыг бүрдүүлэхэд парламентын олонхоос ерөнхий хамааралтай байна гэсэн үг. Бид шууд хамааралтай болгосон нь Засгийн газраа хүчгүйдүүлсэн. Хариуцлага хүлээх чадваргүй болгосон. Онолын хийгээд нийтлэг жишиг нь Ерөнхий сайдаа парламентаас тодруулдаг. Тодруулдаг гэдэг нь сонгодог, томилдог эсвэл Ерөнхийлөгч нь томилдог гэсэн үг. Ерөнхий сайд нь сайд нараа томилж, чөлөөлдөг. Ерөнхий сайдыг огцруулах, парламент тарах хоёр харилцан уялдсан байх ёстой. Энэ нь парламентын тогтолцооны нэг чухал механизм. Тэгж байж засаг төр тогтвортой байдаг. Үүнийг одоогийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд оруулж чадаагүй.
–Энэ юу гэсэн үг вэ. Тодруулахгүй юу?
-Ер нь аливаа улсын нэг зовлон бол Засгийн газраа хянах байдаг. Түүнд бодит эрх мэдлүүд их байдаг учраас зовлонтой. Хянах ч ёстой. Харанхуй бүдүүлэг, боловсролгүй хүмүүс сайд болбол бүүр ч хэцүү, үр дагавар их. Нөгөө талаас засгийн газар парламентаас “дам” төрсөн учраас засгаа эрхшээлдээ байлгах, дуулгавартай байлгах сонирхол парламентад бас бий. Энэ бол парламентын тогтолцооны бас нэг сул тал, зовлон. Тэр нь сонгуулийн, намын мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэсэн том үг хэлээр илэрч, засаг руу анхаарал хандуулдаг. Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр ерөнхийдөө олон түмэнд таалагдах тал руугаа хэвийсэн байдаг нь нууц биш. Гэтэл Засгийн газар улсаа бодох уу, намын популист хөтөлбөрт захирагдах уу гэдэг сонголтод хүссэн хүсээгүй тулдаг. Улсаа бодоод зүтгэвэл парламентын олонх огцруулах эрсдэлтэй тул түүнээс хамгаалах институт нь Ерөнхийлөгч болдог. Хэрэв намаар явцуурч улсаа бодсон засгийг огцруулах гэвэл Ерөнхийлөгч парламентыг тараах эрхээ эдлэх тул парламент хүсэл зоригоо татахаас өөр аргагүй болдог. Үүнийг л хэлээд байгаа юм. Манайд ийм механизм байхгүй учраас өнгөрсөн он жилүүдийн гашуун түүх үргэлжилсээр байна.
–Засаг тогтворгүй байгаа тухай олон жил ярьсан. Үнэндээ ч 1.9 жилийн настай байсан гэсэн судалгаа байгаа. Тийм учраас уг зохицуулалтыг нэмэлт, өөрчлөлтөд тусгах ёстой асуудал байсан юм биш үү.
-Уг нь тийм. Гэхдээ энд нэг асуудал бий. Тэр нь Ерөнхийлөгчийн институт төрийн эрх мэдлийн аль салаанд байх тухай асуудал манайд шийдэгдээгүй. Үндсэн хуулиас болон органик хуулиудаас хайгаад олохгүй. Одоо хэн ч мэдэхгүй. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог, түүний улмаас Ерөнхийлөгч өөр намаас, өөр мөрийн хөтөлбөртэй хүн сонгогдох бололцоотой. Тиймээс парламентын олонх Ерөнхийлөгч хоёр нэг бодлогод зангидагдахгүй байх бололцоотой. Нам дотроосоо Ерөнхийлөгч байсан ч болохгүй байсныг бид мэднэ. Тэр нь хүний асуудал биш, Тогтолцооны л асуудал байсан. Үүний улмаас засаг байгуулах, парламентын улс төрөөс засгийн газрыг хамгаалах бодит эрх хэмжээ ерөнхийлөгчид олгогдоогүй. Энэ шалтгаанаар дээр хэлсэн хяналт, тэнцвэрийн механизмыг хэрэгжүүлэх бололцоогүй байгаа.
-Энэ парламентын тогтолцоог шүүмжилдэг, Ерөнхийлөгчийн улс болох нь дээр гэсэн яриа хэлэлцүүлэг одоо ч байсаар л байна. Таны байр суурийг сонсъё.
-Зарим хүн сонгодог парламентын засаг гээд л ярьдаг юм билээ. Энэ бол буруу хэллэг болов уу. Мэргэжлийн бус яриа байх гэж боддог. Тохирсон улсдаа “сонгодог” болохоос ерөөс сонгодог загвар гэж байхгүй. Монголд хэр зэрэг тохирсон бэ гэж асуувал өөр хэрэг. Тохирно гэдэг нь олон намын хүчтэй, тогтвортой тогтолцоо бүрдсэн үү гэдэгтэй шууд холбоотой. Үүнийг дан тоон талаас харж болохгүй. Чанарын талаас харах хэрэгтэй. Тодруулбал, тэдгээр улс төрийн намын нийгмийн бааз хэрэг зэрэг ялгаран хуваагдсан, хэр зэрэг итгэл үнэмшилтэй болсон, тууштай дэмжих хандлага нь тогтвортой эсэх зэрэг шалгуураар харж болно. Олон намын хүчтэй, тогтвортой тогтолцоо нь сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог хүссэн хүсээгүй дагалдуулдаг. Пропорциональ тогтолцоо парламентын улсын салшгүй шинж гэхэд бараг болно. Тэгж байж тэр намуудад хуваагдсан байдлаа парламентад оруулж ирж засаг төрөө барих утгатай.
Гэтэл монголд 33 нам бүртгэлтэй атлаа сонгуульд орж, мандат авдаг нь хэд билээ. Дээр нь том намууд жижиг намуудыг сонгуулийн босгоор амь оруулах ямар ч сонирхолгүй. Пропорциональ тогтолцоог авах бүү хэл холимог тогтолцоог авч үр шимийг хүртсэн атлаа манай улсын Үндсэн хуульд нийцэхгүй гээд Цэцээр дүгнэлт гаргуулчихсан. Тэгсэн атлаа дээр доргүй манай улс парламентын тогтолцоотой гэж ярьдаг. Байдал нэг иймэрхүү ороо бусгаа.
Гэсэн хэдий ч одоо энэ тогтолцоог өөрчлөх тухай бус мөн чанарыг зөв ухаарч засаж сайжруулахаас өөр арга үлдээгүй биз ээ.Энэ тогтолцоонд давуу болон сул талын аль аль нь бий.
-Давуу тал нь юу байна.
-Ард түмнээс шууд мандаттай төлөөлөгчид төрийн бодлогод нөлөө ихтэй. Эрх мэдлийн төвлөрлөөс сэргийлсэн, үзэл бодлын уралдаан, олонх дахь цөөнхийн хяналт гээд сайн талууд бий. Дашрамд хэлэхэд шууд мандаттай гэдэг нь сонгогдох нь арга нь тойрог хэлбэртэй болохоос мандатын хүчин чадал нь улсын хил, хүн амаар л хязгаарлагдаг гэсэн үг. Үндсэн хуулийн 23.1-д УИХ-ын гишүүнийг ард түмний элч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гээд тойргийн төлөөлөгч биш шүү гэдгийг тодорхой заасан.Тийм учраас тэр тойргоос төлөөлөлтэй, төлөөлөлгүй гэсэн яриа байх ёсгүй гэж би боддог. Сул тал нь улс төрийн нам их хүчтэй. Төрийг булаачих гээд байдаг. Өмнө нь 70-80 жил булаалгасан. Одоо харин булаалгасан уу үгүй юу ?
-Таны бүрэн эрхийн хугацаа дуусаж байна. Цаашид ямар төлөвлөгөөтэй байна.
-Хийх ажил зөндөө байна. Чөлөөнд гарсан ч Академик эрх чөлөөгөө эдэлж, дуу хоолойгоо гаргасаар байх болно. Гэхдээ цагийн юм цагтаа гэдгийг тооцож, залуу үедээ саад болохгүй байхыг бас хичээнэ. Судалгаа, эрдэм шинжилгээний ажлаа эрчимжүүлнэ. Их сургуульдаа лекцээ уншина. Мэдсэн, сурсан зүйлээ улс нийгэмдээ дамжуулна.
Шүүхийн ерөнхий зөвлөл 1993 онд байгуулагдаад есөн даргын нүүр үзсэн. С.Батдэлгэр нэг 5 жил энэ албыг давхар хашсан. Бусад дарга нар нь зургаан сараас гурван жил хийсэн байдаг. Нямдорж нэг хоёр жил давхар хашсан. Би 6 жил энэ албыг хашлаа. Итгэл хүлээлгэсэн шүүгч нар, үе үеийн төрийн тэргүүн нартаа талархаж байна. Шүүхэд сайн мөр үлдсэн гэдэгт огт эргэлзэхгүй байна. Сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц. Дашдондов гуай нэг номоо “Балтаар цохисон ч балрахгүй үнэн” гэж байдаг гэж нэрлэсэн шиг шүүхэд миний багийн хийсэн ажил мөддөө балрахгүй байхаа. Цаг хугацаа бас харуулна. Сошиалаар хараагчид бус шүүгч, шүүхийн ажилтан нар юу хийснийг, юуг хийж чадаагүйг илүү бодитой дүгнэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
URL: