Тагнуулын байгууллагыг тойрсон ШУУГИАН
Сүүлийн өдрүүдэд Тагнуулын ерөнхий газартай холбоотой хэд хэдэн мэдээлэл олон нийтийн сувгаар цацагдлаа. Үүнтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:
Сүүлийн үед цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тагнуулын ерөнхий газрын үйл ажиллагаа, удирдлагуудад холбогдуулан худал мэдээ, мэдээллийг зориуд, зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн оролдлого цөөнгүй гарч байна. Тухайлбал, “isee.mn”, “eagle.mn” цахим хуудаст 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр нийтлэгдсэн “Тагнуулын ерөнхий газрын удирдлагыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн”, “Өдрийн сонин”-д “Тагнуулын ерөнхий газрын нэгэн албан тушаалтан хэрэгт холбогдсон” гэх зэргээр огт үндэслэлгүй, худал мэдээ, мэдээлэл нийтэлж, Тагнуулын байгууллагын нэр хүндэд ноцтойгоор халдав.
Иймд тус байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл /Гүтгэх/-д “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хариуцлага хүлээнэ” гэж заасныг үндэслэн, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдье гэсэн байна.
URL: