Хонгор сумын хордсон иргэд ялгаварлан гадуурхагдаж байгаагаа ярьж байна

Дархан-Уул аймгийн Хонгор сум урд, хойд гэсэн тосгонтой. Одоогоос таван жилийн өмнө химийн хорт бодис урд тосгоны ойролцоо алдагдаж бохир усны далантай нийлсэн юм. Үүнээс үүдээд  200 метрийн зайд байрлах айл хунарын мал олноор өвчилж, хүн нас барсан.  Нэг айлаас дөрвөн хүн нас барсан тохиолдол бий. Урд тосгонд химийн бодис алдагдахаас өмнө 1000 орчим хүн амтай байсан. Ихэнх айлууд нь нүүсээр  өдгөө 450 орчим иргэн л байгаа гэсэн барагцаа тоо бий. Бид эдгээр иргэдтэй уулзан тэдний яриаг хүргэж байгаа билээ. Урд тосгоны төлөөлөл болсон арав гаруй иргэд манай сонины “Асуух эрхийн танхим”-д хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд МАН-аас зохион  байгуулсан уулзалт дээр Хонгор сумын хэсэг иргэд “Бид хордоогүй” хэмээн нулимс дуслуулан ярьж байна.  Яг л хойд Солонгосын их удирдагч Ким Жөн Ирийн оршуулга дээр иргэд нь нэгэн хоороор уйлж байгаатай төстэй санагдана.

Ингэж уйлж, гашуудаагүй солонгосчууд цалингаасаа хасуулж, шоронд орсон мэдээ ч байдаг юм. Түүнтэй адилхан Хонгор сумын иргэд “Химийн хортой бодист хордсон” л гэж ярих  юм бол гадуурхагдана. Ажилгүй болно, зодуулна, хэл амаар доромжлуулна. Нэг нэгээр иргэдийг тагнуулж, үзэл суртлын ухуулгаар хэвэнд цутгахыг чухалчилдаг билээ.

Ерөнхий сайд С.Батболд Сангийн сайдын суудалд УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг  нэр дэвшүүлэхээс өмнө Хонгор сумын иргэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгсөн. Цаг хугацааны хувьд ингээд таарчихсан юм. Цианит натрид хордон  ах дүү, аав, ээж, үр хүүхдээ алдсан хүмүүс ярилцлага өгсөн. Таван жил хамуутай, тэмбүүтэй гэж доромжлуулсан иргэд сэтгэлээ онгойтол ярьсан. Ингэж ярьсных нь төлөө очиж загнадаг, зохион байгуулалттай доромжилдог  нь хүнлэг ёс гэж үү. Үүд хаалгыг нь үхэл хагацал  зогсоо зайгүй тогших иргэдийн зовлон бусдад нь хамаагүй гэж үү. Тариа будаа, хүнсний ногоо тэр олон хүний амь наснаас үнэтэй гэж үү. Сумынх нь Засаг дарга  Ч.Чүлтэмбат “Хонгор сумын иргэд цианит натрид хордсон гэх мэдээллээс болоод ХХААХҮЯ-наас хэрэгжих гэж байсан мал үржүүлгийн төсөл, хөтөлбөрүүд зогсох боллоо” хэмээн сүржин мэдэгдэж байна.

Эд мөнгө, эдийн засгийн алдагдал гэж ярихаасаа өмнө иргэдийнхээ үхэл, өвчин эмгэгийн  талаар дуугарах ёстой байсан биш үү. Зөвхөн л УИХ-ын гишүүн Д.Хаянхярваад тал олох гэж иргэдээ хоёр талцуулан хэрэлдүүлж байгаа нь анзаарагдана. Ийм  Засаг даргатай сум улс төржихгүй гээд ч яахав дээ. “Хонгор сумыг улс төрийн сонгуулийн талбар болголоо. Цианит натрид хордоогүй, тийм асуудал гараагүй” гэх суртал ухуулгыг төлбөртэй хийж байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа  “Хонгор сумын хүн амын дунд харшил хордлого ихэсч, 83 хүний 64,4 хувь ходоод гэдэсний үрэвсэлтэй байна. Дурын 15 хүний шээсэнд шинжилгээ хийхэд химийн бодис илэрсэн, хордлогын гаралтай гүвдрүүт тууралт нэмэгдсэн. Химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс 1,8-90,7   дахин их байгаа нь тогтоогдсон” гэсэн албан тоотыг 2007 оны наймдугаар сарын 02-нд ЭМЯ-ны сайд Д.Туяад илгээсэн байдаг юм.

Үүний дараагаар тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр “Та нарын зовлонг хуваалцах эх орон, төр засаг чинь байгааг хэлэх гэж ирсэн юм. Нэг л өдөр нөмөрсөн аюулыг цугтаа сөрөлцөх гэж ирлээ. Хонгор сумын иргэд хордсон уу. Хордсон. Юу үнэн бэ гэвэл энэ үнэн” гэж мэдэгдсэн. Мөн Хонгор сумыг химийн хорт бодисоор хордуулсан гэх нөхдийг ажлаас нь халж, торгож, заримыг нь шоронд хийсэн.  Засгийн газар, орон нутгийн удирдлага, шүүх засаглал, ЭМЯ-ны шинжээчид “Хонгор сумын иргэд  химийн хорт бодист хордсон”  гэдгийг гаргаж ирсэн. Түүнээс  биш Ц.Мөнхбат, Ш.Саранцэцэг, Ч.Шаравхаан, А.Бавнай зэрэг иргэд гэнэт гаргаад ирээгүй. Харин дээрх иргэд хохирогчид билээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа  өнгөрөгч бямба гаригт  Хонгор суманд очиж хорт хавдар туссан хүмүүстэй уулзахдаа “Ерөнхийлөгч мөнгө өгөхгүй шүү дээ. Харин Засгийн газраас нөхөн олговор өгөх хууль гаргадаг. Би нарын асуудлыг цааш ярина” гэсэн аж. Үүнээс үзвэл “Ерөнхийлөгчид хандаад хэрэггүй” гэсэн санааг хэлсэн байгаа юм. Харин сумын удирдлага эмч нарын хамтаар өвчин зовлонтой айл хунараар үзлэг шинжилгээ хийхээр болжээ.

Хонгор сумын ухамсар муутай иргэд хордсон гэх хүмүүсийг “Бөөгөөр хараалгаж үр үндсээр чинь устгана. “Бид Хонгор сумандаа үлдэнэ, та нар явцгаа” хэмээн хөөх болжээ. Орон нутгийн дарамтаас үүдээд хордсон иргэд хэл ам хийхээс ч айж цөхрөлийн байдалтай байгаа юм. Дарга нартаа  ингэж нэг нэгнээ гадуурхаж харагдаж байгаа ч цаагуураа болохоор  “Төр засгаас нөхөн олговор олгох болов уу. Би ч гэсэн хордсон” гээд нэрээ сэм бичүүлж байгаа сурагтай.

“Эрүүл орчин-Ирээдүйн төлөө” хөдөлгөөний тэргүүн Ш.САРАНЦЭЦЭГ:

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэд хэвлэл мэдээллийнхэнд хандахаар 14-үүлээ ирлээ. Хонгор суманд дөрвөн тонн цианит натри, мөнгөн ус 2007 онд алдагдсан. Тэр химийн хорт бодисоос болоод сумын иргэд суурь өвчтэй, хорт хавдартай болчихоод байна. Үүнийг хэлэхээр улс төржлөө гэж загнадаг, дарамталдаг болоод удлаа. Сангийн сайдад Д.Хаянхярваа нэр дэвшиж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн оройгоос эхлээд Хонгор сумын удирдлага дарамталлаа. Хонгор сумынхан  бүхлээрээ хордоогүй. Харин нэгдүгээр багт цианит натрид хордож олон хүн нас барсан. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллага бидний үгийг гаргадаггүй. Сая л гэхэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн машинаар МҮОНТВ, НТВ очсон. Харамсалтай нь бидний дүрсийг хальт харуулаад нэг ч   яриа гаргаагүй. МАН-ын зохион байгуулсан хурал дээр “Хордсон гээд байгаа иргэд зайл” гэж хөөсөн. Үг хэлэнгүүт л микрофон хаах, ар талаас шүгэлдэж  элдвээр доромжилж байсан.

-Таны ярилцлага дотор долоо хоногт 2-3 нас барж байна гэсэн мэдээлэл бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-2011 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдөр “Химийн хорт бодис” хэлэлцүүлэгт оролцохоор Улаанбаатар хотод ирсэн. Тэр долоо хоногт хоёр хүн нас барчихсан байсан. Улаанбаатар хотод орох замд дахиад нэг хүн нас барчихлаа гэсэн мэдээлэл ирсэн. МАН-ынхан үгийн өө дээр тоглож долоо хоног бүр 2-3 хүн нас барж байгаа мэт гушгин гуйвуулж доромжилж байгаа юм.

-Хорт хавдрын хор нөлөө одоо л мэдрэгдэж байна уу?

Ц.МӨНХБАТ:

-Тийм ээ. Бид зөвхөн хорт хавдрын тухай л ярьж байгаа шүү дээ. Уушги, сүрьеэгийн өвчлөлийг ярих юм бол их тоо гарна. 2007 оноос хойш зөвхөн хорт хавдраар л гэхэд 70 гаруй хүн нас бараад байна. Хорь гаруй насны залуучууд л гэхэд хорт хавдраар нас барж байна шүү. Би ч гэсэн хорт хавдраар өвчлөөд сайн эмч нарын хүчинд амьд мэнд явна.

-Хорт хавдрын өвчлөл буурсан уу?

-Өчигдөр л гэхэд ходоодны хавдартай хүн нэгээр нэмэгдэж байх жишээтэй. 2529 хүн амтай сумын төвд хорт хавдрын өвчлөл өндөр байгааг яагаад нуугаад байгаа юм бэ. Яасан эдгэдэггүй хамуу, тэмбүү вэ. Эрүүл мэндийн сайд асан Д.Туяа Хонгор сумын иргэд хамуутай, тэмбүүтэй гэж гаргаж ирсэн. Химийн хорт бодис алдагдсан гэдгийг Дархан-Уул аймгийн Засаг дарга Д.Хаянхярваа зарласан. Хүн ард, байгаль дэлхий химийн хорт бодист хордсон гэдгийг шүүх, эрдэмтэн докторууд гаргаад ирлээ. Үүнээс илүү яалгах гээд байгаа юм бэ.

-Хонгор сумын иргэд та нарыг нэр гутаасан гэж үзэж байгаа юм биш үү?

-Тэр шүүх дээр нь очъё. Нэг талдаа гаръя л даа. Эхлээд С.Баяр, Д.Хаянхярваа нартай хариуцлага тооцох хэрэгтэй биз дээ.

-Та нартай мөр зэрэгцэн тэмцэж байсан нөхдүүд “Хонгор хордлогогүй” гэх болжээ.

-Тийм ээ. Хүний амьдрал сонин шүү дээ. Хорт хавдраар нөхрөө алдчихсан эмэгтэй бидэнтэй хамт тэмцэж явсан. Гэтэл түүнд цэвэрлэгчийн ажилд оруулахад тэмцлээсээ ухарч байгаа юм. Газар өгөх, ажилд оруулах гээд бүгдийг нь хагалан бутаргасан. Тэр сумын Тамгын газрын дарга Лхагвасүрэн гээд нөхөр байна. Ажилгүй байхдаа “Хонгор сум  хордсон” гээд тэмцэж явсан. Тэгэхэд өнөөдөр биднийг доромжилж байгаа байхгүй юу. Ах дүү, аав ээж нь хорт хавдраар нас барчихаад байхад Хонгор сум хордоогүй гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй юм.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа мөнгө төгрөг амлаж байсан уу?

-Манай “Эрүүл орчин-Ирээдүйн төлөө” хөдөлгөөний гишүүдэд “Та нар дуугүй болвол арван сая төгрөг өгнө” гэж амласан байдаг юм. Сая ирээд уулзахдаа “Тийм зүйл амласан” гэж байна лээ.  Манай сум жилдээ л гэхэд 84 хүн группэд ордог байсан. Бас нэг авлигын хэлбэр юм уу даа.  Хонгор сум тэргүүний ажил олгогч болсон. Төмөрлөгийн үйлдвэрт хэл ам хийгээгүй иргэдийг ажилд оруулдаг юм.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг Сангийн сайдад нэр дэвшсэнээс үүдээд Хонгор сумын хордлогын асуудал дэвэрлээ гэх юм.

-Бид таван жилийн хугацаанд ярьсаар ирсэн. Энэ зун л гэхэд “Боловсрол”, СБН телевизэд ярилцлага өгсөн. Мөн хэд хэдэн сонинд ярилцлага өгөөд байлаа. Цаг хугацааны хувьд тэгээд таарчихсан байх юм. Сая УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Хонгор сумын иргэдийг хэл ам гаргахгүй байхыг гуйсан байна лээ. Албан тушаалын төлөө ард түмнээ дуугүй байхыг л гуйж явдаг хүн дээ.

-Одоо хордлогын шинж тэмдэг илэрдэг үү?

-Бүх иргэдийн ам хамраас өмхий үнэртэнэ. Ам хамраас нь өмхий ханхална. Бүгд төмрийн харшилтай.

-Тарьсан ногоо, үхсэн малд нөхөн олговор олгосон байдаг юм билээ. Та нарт нөхөн олговор олгосон уу?

Нэгдүгээр багийн иргэн С.ЦЭРЭНДЭНДЭВ:

-Ерөнхий сайд асан С.Баяр анх “Та нар хүлцэнгүй тайван ард түмэн юм байна. Нөхөн олговор олгоно” гэж хэлсэн. Гэтэл энэ хорыг нуух сонирхолтой албан тушаалтан байгаа учраас нөхөн төлбөр одоо хүртэл олдоогүй.  2500 хүн амтай сумаас нийтдээ дал гаруй хүн хорт хавдраар нас бараад байна. Тэр  хорны нөлөө одоо илэрч байгаа юм. Би өөрөө хорт хавдартай, манай нөхрийн бие хаа бас муу байна. Тэгэхээр би ярихгүй, тэмцэхгүй яах юм бэ.

Хохирлын хэмжээг тооцож болох уу?

Нэгдүгээр багийн иргэн Б.ЁНДОНДПИЛ:

-Хамгийн том хохирол бол хүний амь нас шүү дээ. Хүний амь насыг хэдээр үнэлдгийг мэдэхгүй юм. Хорт хавдартай хүн өдөрт зуун мянган төгрөгийн эм тариа хэрэглэдэг. Миний хувьд хэд хоног ч гэсэн амьд явмаар байна шүү дээ.

Нэгдүгээр багийн иргэн Ч.БАТМӨНХ:

-Манайх 2005 онд Хонгор суманд ирсэн. Одоо Дархан хотод амьдарч байна. Иргэд олноор нүүсэн нь үнэн шүү дээ. Би л гэхэд шилжүүлгээ хийлгээгүй байгаа юм. Ихэнх албан хаагчид Дархан-Уул аймгаас ажил төрөлдөө явдаг. Хонгор суманд нүүх чадалгүй, өвчин зовлонтой л хэдэн хүн амьдарч байна.

-Улс төржилтийн балгаар та нар хохироод байна уу?

-Ний нуугүй хэлэхэд МАН сонгуулийн оноо алдахгүй гэхдээ “Хонгор сумын иргэд хордоогүй” гэж зүтгээд байгаа юм.

Нэгдүгээр багийн иргэн Ц.ЦЭРЭНЛҮНДЭВ:

-Эрх мэдэлтнүүд өөрсдийн албан тушаалаа хадгалж үлдэхийн тулд Хонгор сумын олон иргэдийн амь насыг золиослож байна гэхэд болно. 2007 онд Хонгор сумын иргэд тэр аяараа л “Хордчихлоо” гэж явсан улс. Биеэ гайгүй болохоор “Хордоогүй юм байна” гэж сэтгэлээ хуурдаг. Хонгор сумаас 13 км зайд байх Салхит багт гэхэд гурван хүн нас барчихлаа. Намайг наашаа гарангуут “Энэ талаар хэвлэл мэдээлэлд хандаарай” гэж хэлсэн. Сумын удирдлагыг тойрон хүрээлдэг нөхдүүд бий. Тэдний дарамт шахалт гэж их байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бидний яриаг ор тас гаргадаггүй. Нөгөө тойрон хүрээлэгч нар нь биднийг дарамталж байдаг юм.

-УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай уулзсан уу?

Нэгдүгээр багийн иргэн Х.ЖИВЗМАА:

-Миний нөхөр Чойжил хорт хавдраар нас барсан. Эгч маань бас хорт хавдар тусаад хэзээ мөдгүй болчихоод байна. Бас дээрээс 100 гаруй малаа цианит натри гэдэгт хордуулж үхүүлсэн. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа дээр эгчийгээ аваад очсон. Тэгэхэд  Д.Хаянхярваа “Би эмч биш.Яаж мэдэх бэ. Харин та нар хэвлэл мэдээлэлд гарсан буруу мэдээллээ залруул” гэж хэлсэн.  Бидний өвчин эмгэг буруу мэдээлэл юм болов уу.

Нэгдүгээр багийн иргэн А.БАВНАЙ:

-Телевиз, сонины сэтгүүлчдэд хамаагүй зүйл битгий ярь гэсэн. Нэг яр шархтай хүн биеэ үзүүлсэн. Тэгэхэд Д.Хаянхярваа наадах чинь арьсны өвчин гэж байгаа юм. Өөрийгөө бас хамуутай гэдэг хүн шүү дээ гэлээ.

Нэгдүгээр багийн иргэн  Ш.Күндз дөрвөн настай охины хамт хүрэлцэн ирсэн юм. Түүний охин хялгасан судасны хорт хавдраар шаналж байгаа нэгэн. Хоёр жил дараалан хагалгаанд ороод байгаа аж.

Т.ЦОГТ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих