“100.000 айлын орон сууц” хөтөлбөр 100.000 “сайжруулсан агуй” барих хөтөлбөр болж хувирах вий

Монгол Улсад гүний усны нөөц байхгүй Нийслэл орчмын гүний цэвэр усны нөөц 2020 онд дуусна, 2015 онд дуусна гэсэн мэдээлэл хоёр жилийн өмнөөс иргэдийн дунд гарах болсон билээ. Гэтэл үүнтэй зэрэгцэн хэрэгжиж эхэлсэн 4000 айлын орон сууц барих хөтөлбөр 100.000 айлын орон сууц барих хөтөлбөр болж өргөжчихөөд байхад Усны газрын удирдлагууд ундны усны эх үүсвэр хайх ажил эхлэхгүй “Ундны усны тав дахь эх үүсвэрийг хайх шаардлагагүй”, “Гүний усны нөөц дуусна гэдгийг мэдэх боломжгүй, хэн тэгж байгаа юм бэ” гэх зэргээр хэвлэлд ярилцлага өгснийг олж уншлаа.

Үнэхээр манай улс газрын гүний усны тийм их нөөцтэй орон уу гэвэл тийм биш аж. Монгол орны гадаргуугийн усны нөөц 608 кмЗ байдгаас 2003-2007 оны хооронд 2937 нуур цөөрөм, гол, горхи ширгэсэн гэсэн дүн гарсан. Гадаргуугийн усны санг дөрвөн жил тутамд тоолж байх ёстой гэсэн Усны тухай хуулийн заалт бий.

Ээлжит тооллого энэ жил явагдана. Мөрөнгийн энтэй гэгддэг Завхан гол өнгөрсөн зун тасарсан гээд бодохоор харамсмаар үр дүн гарах нь тодорхой. Харин гүний усны хувьд Дэлхийн гүний усны нөөцийг тогтоох зөвлөлөөс гаргасан албан ёсны баримт бичигт манайхыг гүний усны нөөцгүй улсад тооцдог аж. Өөрөөр хэлбэл, гүний усны нөөцөө тогтоогоогүй гэсэн үг.

Нийслэлийн гадаргын усны нөөц үндсэндээ үгүй болсныг бүгд харж байгаа. Орон сууцанд амьдарч байгаа 1 хүн өдөрт 230-350 л ус хэрэглэж байна. Гэтэл гэр хороололд байгаа хүн 4-8 л ус хэрэглэдэг. Тэгвэл гэр хороололд байгаа хүмүүсээ орон сууцанд оруулна гэх юм бол усны хэрэглээ асар их нэмэгдэнэ. Тэр их усны хэрэглээг хангах нөөц Туул голын сав газарт байхгүй.

Орон сууцнаас халуун хүйтэн ус, цахилгаан, халаалт, бохир усны системийг нь авчихвал орон сууцны хорооллууд агуйнаас ялгаагүй болж хоцорно. Гэхдээ яах вэ, эрх биш хаалга, цонхтой болохоор “сайжруулсан” гэсэн зүүлт хийж болох юм биз. Гэтэл байдал ийм байгааг мэдсээр байж, 100.000 айлын орон сууц барих урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж байгааг ойлгох ганц л өнцөг байна. “Залуус биднийгээ “хошгоруулаад” байгаа юм биш биз” гэж.

Архичин хүргэнээ дэлгүүрээс зээл авч архи уу гэж явуулчихаад зэмлэсэн охиндоо “Цаадуул нь өгөхгүй ээ. Яах вэ дэлгүүр рүү гүйг, эрүүл мэндэд нь хэрэгтэй шүү дээ” гэж хэлдэг эмгэний тухай хошин шог шиг. Яах вэ, итгээд зээл аваг эхнээсээ орон сууцанд орж байг, тэгж байтал болно гэсэн байдлаар хандаад байна уу даа.

Байгаль орчны яам, гадаргын усыг хуримтлуулах далан босгох, усан сан барих ажилд “ихээхэн” хүч тавьж байгаа нь үүнийг нотолж байна. Гэтэл гадаргын усыг ашиглах, далан суваг барих чиглэлээр 2010-2020 оны хооронд 20-хон сая ам.долларын ажил хийхээр төлөвлөсөн нь үнэхээр чамлалттай. Ус нь хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байхад Туул гол дээр далан барих ажлыг хойшлуулсан нь ойлгомжгүй. Ухаандаа Засгийн газраас мөнгө гаргахад чандмань эрдэнэ болсон ус хамгаалах зорилготой байсан ч гэсэн эдийн засгийн үр ашиг гээч юмыг харгалзаж үздэг юм гэнэ. Энэ ажил хэрэгжихээр болсон ч цаг хугацаа алдсаны гайгаар Туул ширгэчихвэл бас л үр дүнгүй ажил болж хувирах юм.

Завхан гол дээр барьсан Тайширын усан цахилгаан станцын далан одоо болтол дүүрээгүй байна. Гэтэл Завхан гол Туулаас том билээ.

“Дэлхийн усны өдөр” буюу өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-нд НҮБ-аас гаргасан тайланд “Азийн орнуудын цэвэр усны нөөц 2018 он гэхэд дуусна, уул уурхай хөгжүүлж буй орнуудынх бүр ч хурдан барагдана” хэмээн дурьджээ.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих