Гурван тонн гаруй “хар зайрмаг”-ийг устгалаа
Эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй хулсны нүүрс /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрсэн тул Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн үйлдвэрийн үйлдвэрлэсэн 3 тонн гаруй бүтээгдэхүүнийг хурааж, устгалд орууллаа. Мөн худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үүрэг, чиглэл өгсөн бөгөөд татан авалт хийсний дараа устгалд оруулах юм.
Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ Засгийн газрын 2011 оны 304 тоот тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд мөрдөх техникийн зохицуулалт”-ын 8.3 “Сүү боловсруулах үйлдвэрт хэрэглэж байгаа хүнсний нэмэлт нь MNSСАС 192 “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, шаардлага”-ыг хангасан, … бөгөөд тэдгээрийн хэмжээнд тогтоосон нормтой нийцсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн тул дээрх арга хэмжээг авсан байна. Нянгийн бохирдолтой холбогдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ариун цэврийн нөхцлийг сайжруулах, түүхий эдийн сонголтод анхаарах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Үүнтэй холбогдуулан импортоор оруулж ирж буй зайрмагт хяналт тандалт хийхэд эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийн шаардлагыг хангаж байгаа дүнтэй байна. Тухайн хүнсний нэмэлттэй зайрмагыг гурван компани импортолдог бөгөөд энэ онд 2 тонн импортлогдсон. Энэ төрлийн зайрмагийн орцонд ордог хүнсний нэмэлт /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь Монгол Улсад одоогоор мөрдөгдөж буй “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул “Хүнсний тухай” хуулийн 16.1-д заасны дагуу Хүнс, Хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл хугацаагаар импортыг түр хязгаарлаад байна.
Цаашид хүнсний нэмэлт бүтээгдэхүүний стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавьж, хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
URL: