Хөрөнгөтэй салбар хөдөлмөрлөх хүчээ хүлээж байна
ЭНЭ ОНД ЗӨВХӨН ТӨСВИЙН 1.6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН АЖИЛ БАРИЛГЫН САЛБАРЫНХНЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА
Хил гаталж, харьд ажиллах монгол хүний хөлийн чимээгээр хөөс шиг хэврэг, дотоодын хөдөлмөрийн зах зээл хоосорч, Монгол Улс ажиллах хүчний хомсдолд ороход ойртлоо. Бүтээн байгуулалтын улирал айлсаж, өвөлжингөө амарсан барилгын салбар “амилж” эхэлсэн энэ үед хүн хүч хайсан компаниудын захиалга олон байгаа аж. Энэ салбар сүүлийн хэдэн жилийг бүүдгэр үдсэн. Макро эдийн засгийн тэнхээ муудаж, ипотекийн эрч суларснаар барилгын борлуулалт буурч, энэ салбарынхан гал алдчихгүйг хичээж ирсэн.
Харин сүүлийн жилүүдэд манай макро эдийн засаг дээрдэж, төсөв сайжирснаас барилгын салбар харьцангуй сэргэж эхэллээ. Энэ онд л гэхэд зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалттай 1.6 их наяд төгрөгийн ажил барилгын салбарынхныг хүлээж байна. Энэ нь 2017 оныхоос даруй тав, 2018 оныхоос хоёр дахин их мөнгө. Санхүүгээр ангаж байсан уг салбарыг ундаалах зарим төслөөс дурдвал Азийн хөгжлийн банк болон бусад байгууллагын 570 сая ам.долларын өртөгтэй, гэр хорооллыг дахин төлөвлөх төслийг энэ оноос эхлүүлнэ.
Ирэх жилүүдэд ч үргэлжлэх энэ төсөл 100 мянга орчим иргэнийг хамарна гээд ямар хэмжээний далайцтай ажил болох нь харагдана. Үүнээс гадна БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 1070 айлын орон сууц барихаар төлөвлөж буй бол БНСУ-ын 500 сая ам.долларын зээл, төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт гээд салбарын компаниудыг завгүй болгох ажлууд мундахгүй. Зөвхөн олон улсын байгууллагууд болон донор орнуудын санхүүжилтээр нийт хоёр их наяд орчим төгрөгийн дэд бүтэц, бүтээн байгуулалт хийх гэж байна.
Гэтэл энэ их ажлыг нугалах хангалттай ажиллах хүч салбарын компаниудын толгойны өвчин болжээ. Тиймээс мэргэжлийн болон мэргэжлийн бус, хариуцлагатай, шударга үнэнч хүний эрэлд гарсан компанийн захирлууд холбогдох мэргэжлийн байгууллага болон сургалтын төвүүдэд ажиллах захиалга өгсөөр байгаа. Ялангуяа, сэргэлт ажиглагдсан энэ онд ажиллах хүчний нөөц багасаж, нийлүүлэлт буурсан нь илт мэдрэгдэж буйг зарим менежер учирлаж байна.
Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Барилгын салбарт мэргэжлийн ажилчны хомсдол бий болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Энэ жилээс барилга, бүтээн байгуулалтын цар хүрээ өргөжиж байна. Компаниуд ч мэргэжлийн боловсон хүчний захиалга өгч, сурагласаар байна. Гэтэл мэргэжлийн ажиллах хүчний олдоц их биш. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. тухайлбал, БНСУ-ыг чиглэх монголын ажиллах хүчний урсгал нэмэгдсэн. Мөн мэргэжил сургалт, үйлдвэрийн төвүүдийг төгссөн залуучуудыг дадлагашуулах, ур чадварыг ахиулах ажил хүлээгдэж байна” хэмээн өгүүлсэн юм.
Улирлын шинж чанартай барилгын салбарт тогтвортой ажиллах боломж хомс байдаг
Өвөл зогсож, дулааны үед идэвхиждэг, улирлын шинж чанартай барилгын салбарт тогтвортой ажиллах боломж хомс байдаг. Тиймээс барилгын ажиллах хүчин бригадын хэлбэрээр ажилладаг бөгөөд энэ хэрээр хүний нөөц бүрдүүлэхэд амаргүй болж болдог аж. Ялангуяа, барилгын туслан гүйцэтгэгч компаниудад албан ёсны ажилтан ховор. Дийлэнх нь гэрээгээр болон түр хугацаагаар хөлсөлдөг.
Гэтэл мэргэжлийн ажиллах хүчээр зогсохгүй хар бор ажил хийх залуусын тоо ч эрс буурчээ. Цаашид ч багасна гэсэн тооцооллыг салбарын байгууллагаас гаргасан байна. Ажиллах хүчний хомсдол хоёр шалтгаантай гэж “Барилга.мн” төвийн гүйцэтгэх захирал Г.Батсүх үзэж байна. Нэгдүгээрт, залуус гадаад руу ажиллах хүч болон явах болсон нь нөлөөлсөн байна. Албан бус мэдээллээр БНСУ-д гэхэд монгол улсын 49300 иргэн ажиллаж, амьдарч байна. Жил ирэх тусам тус улсыг зорих монгол иргэдийн цуваа нэмэгдэж байна. 2014 онд монголын 64.9 мянган иргэн БНСУ-д зорчих виз авч байсан бол 2017 онд 108.1 мянга болж өссөн байна. Хоёрдугаарт, хөдөлмөрийн үнэлэмж болон бусад хүчин зүйлийн улмаас уул уурхайн салбарт ажиллах хүмүүсийн сонирхол өндөр байгаа аж.
Барилгын салбарт 90 гаруй мянган хүн ажилладаг гэх албан судалгаа бий. Гэхдээ зарим судалгаанд 60 гаруй мянган хүнийг ажлын байраар хангадгийг дурджээ. Энэ салбар улирлын чанартай учир ажиллагсдын тоог нарийн гаргахад амаргүй байдаг аж. Мөн энэ шалтгааны улмаас ажиллагсдыг мэргэшүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулахад бэрхшээл учирдаг байна.
Барилгын үндэсний ассоциацийн мэдээллээр энэ салбарт 80 мянган хүн шаардлагатай бөгөөд 57 мянган хүн одоогоор ажиллаж байна. Монголын барилгачдын нэгдсэн холбооны мэдээллээр жилд 12 мянган хүн барилгын мэргэжлийн сургууль төгсөж байгаагаас 40 хувь нь салбартаа тогтвортой ажиллаж байна. Барилгын ажил улирлын чанартай учраас ажиллагсдыг мэргэшүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах төвөгтэй. Үүн дээр салбарын яамд хамтран хууль эрх зүйн зохицуулалт, мэргэжлийн арга зүй, удирдлагаар хангах ажлыг цаашдаа авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.
• Барилгын салбарт мэргэжлийн ажилчны хомсдол бий болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон.
• Залуус гадаад руу ажиллах хүч болон явах болсон нь барилгын салбарт нөлөөлжээ.
• Монголын барилгачдын нэгдсэн холбооны мэдээллээр жилд 12 мянган хүн барилгын мэргэжлийн сургууль төгсөж байгаагаас 40 хувь нь салбартаа тогтвортой ажиллаж байна.
Барилгын үндэсний ассоциацийн дэд ерөнхийлөгч Б.Нэмэхбаяр “Шаардлагатай тохиолдолд гадаадаас ажиллах хүч авах асуудлыг уян хатан шийдэхгүй асуудал хүндэрч, ажил гацаж мэднэ. Гадаадаас ажиллах хүч авахад ажлын байрны төлбөр 600 мянган төгрөгийг дотоодын аж ахуйн нэгжүүд төлдөг. Энэ мөнгийг бүтээн байгуулалтын оргил үетэй уялдуулан уян хатан болгох нь зүйтэй гэж үзэж байна. Дотоодод бүтээн байгуулалтын салбарууд эхнээсээ ийнхүү ажиллах хүчний хомсдолтой нүүр тулаад байх зуур япон, БНСУ монголоос ажиллах хүч авахаар идэвхтэй ажиллаж байна. Энэ үед дотоодын зах зээлийг тэнцвэржүүлэхийн тулд төр засгийн байгууллагатай ярилцах, шаардлага тулгарсаар байна” хэмээн хэлсэн юм.
Улсын хөгжлийн цохилох зүрх болсон хөдөлмөрийн хүчээ мянга мянгаар нь гадагш явуулах зуур дотоодын компаниудын хүн хүчгүй болж эхэлсний тусгал нь барилгын салбараар илэрч байна. Энэ салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт нь өсөж, бодлого төлөвлөлт нь жигдэрч буй ч барилга, бүтээн байгуулалт цохилох зүрх болсон хөдөлмөр хүчээ хүлээсээр байна.
Угаасаа Монгол Улс хүн ам цөөтэй, ажиллах хүч багатай орон. 2017 оны эцсийн байдлаар манай улсын 15-аас дээш насны, эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо 1.4 сая ч хүрэхгүй байхад урд хөршийн хөдөлмөрлөх хүчний тоо 800 саяыг давсан. Ийм цөөхүүлээ атлаа бид яг ид хийж бүтээх насан дээрээ яваа, эрүүл чийрэг залуусаа шилж, сонгуулж байгаад гадагш нь гаргачихдаг. Гадаадад ажиллах монголын ажиллах хүчний квотыг нэмсэн сайдад алга ташин баяр хүргэсээр байна. Харин энэ зуур хар ажлыг гадаадын ажиллах хүчээр хийлгэхээс өөр сонголтгүй гэдгээ компаниуд илэрхийлж байна. Хамаг залуусаа харсаар суугаад гадагш алдчихаад нэг л мэдэхэд залуусын орон гэгддэг Монгол Улс дэлхийн зарим орон шиг хүн хүчний эрхшээлд орж, мянга мянгаар хөдөлмөрийн хүч “импортлох” вий.
“Засгийн газрын мэдээ” сонин
URL: