Хөлс цусны “дархлаа” буюу сүрьеэтэй Монгол

suryeemongolСэдвээ илүү ойлгомжтой болгохын тулд нэг бяцхан баримт авъя. Би эхээс есүүл юм. Хамгийн том ах Г.Санзай маань 1945 онд Улаанбаатар хотын багшийн сургуульд ирж суралцаад жилийн дараа сүрьеэ өвчнөөр өвчлөн нутагтаа ирж билээ. Манайх эцэг эхийн байранд, ноорхой хар гэрт амьдарна. Ахаас гадна ээж, эмээ ээж, дүү, бид тавуул. Ах маань “Туул голын бохир уснаас очоод уучихдаг байсан. Түүнээс л энэ өвчнийг авсан болов уу гэнэ. Шавар зуухны хажууд адсага, ширдэг хоёр дээр үргэлж хэвтэнэ. Их бүгшүүлэн ханиалгадаг, байнга цэр нус гоождог, хатингар хүн байдагсан. “Паск” гэж нунтаг эм л хааяа ууж харагдана. Өөр ямар ч эмчилгээ тэр үед байгаагүй л дээ. Жил хэртэй өвчлөөд таалал төгссөн дөө. Ээж минь айлаас номхон цагаан ат авчирч, шарилыг нь том үхэр чулуутай тэнцүүлж ачаалаад аваад явчихсан. Ил тавьчихаад ирсэн гэдэг. Бид талийгаач ахтайгаа нэг гэрт, ор дэвсгэр үргэлж, хоол унд,аяга шанага дундаа хэрэглэдэг л байсан. Ядаж халуун бүлээн ус ч байгаагүй. Ийм нөхцөлд сүрьеэ өвчин бидэнд халдаагүй юм. Эмээ ээж 85, ээж минь 93 сүүдэр зооглож таалал төгссөн. Дүү бид хоёр одоо амьд сэрүүн байж л байна. Үүнийг би юуны учир бичиж байна гэхээр сүрьеэ гэдэг өвчин чинь бидний ярьдгаар бол “Биеийн  эсэргүүцэл” сайн, одоогийн хэллэгээр бол “Дархлаа” сайтай хүнд халддаггүй, өвчлүүлдэггүй өвчин юм шүү гэж ойлгуулах гээд байгаа юм. Саяхан нийслэлийн нэг сургуулиас 500 гаруй хүүхэд сүрьеэгийн нян тээж, гучин найман хүүхэд өвчилсөн тухай мэдээ цацагдаж, бүх нийтээрээ түгшүүрт автах шиг боллоо.

Эцэг эхчүүдээ тайван бай, битгий сандар. Сүрьеэ гэдэг өвчин чинь яаран халддаггүй, халдсан ч өнөөдөр онош эмчилгээ нь төгс сайжирсан байна. “Сүрьеэгүй Монгол” болох ч ойрхон  гэж хэлэх гэсэн юм. Тайвширхаас гадна тайвширч болохгүй гурван эх үндэс бий. Би түүнийг л ард түмэндээ хэлмээр санагдаад байгаа. Улаанбаатар хотод сүрьеэг бий болгож байгаа гурван хүчин зүйл байгаа. Түүнтэй л тэмцэх хэрэгтэй байна. Агаар хөрсний бохирдол, ард түмний ядуурал, цахим сүлжээний хэт замбараагүй хэрэглээ гурав л нийслэлийнхнийг тэр дундаа хүүхдийг сүрьеэтэй болгож байгаа юм. Хүмүүс, Эрүүл мэнд, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайд нарыг огцор л гэнэ. Сүрьеэтэй багшийг зайлуул л гэнэ. Сургуулийн удирдлагуудыг өөрчил л гэнэ. Эмч нарыг арга хэмжээ ав л гэнэ. Энэ чинь сүрьеэтэй тэмцэх зөв арга биш л дээ. Буруу зүйл байвал хуулийн дагуу засах учиртай. Тухайлбал, танай сургуульд сүрьеэтэй хүн байна шүү гэж эмнэлгийн шинжилгээ гарчихаад байхад дүлий дүмбэ суугаад байгаа  удирдлага,хуурамч бичиг баримт хийж өгсөн эмч эмнэлгийн ажилтан, үүргээ биелүүлээгүй мэргэжлийн хяналтын албаны ажилтнуудад хатуу хариуцлага тооцохыг буруу гэхгүй. Иргэдэд ч их дутагдал бий. Тэр бүхнийг хууль номынх нь  дагуу засч залж явах учиртай. Дээр хэлсэн гурван гол үүсвэрээ жаахан тайлбарлая.

Нэгдүгээрт, Нийслэл хотод, сүрьеэгийн тархалтад гол нөлөөлж байгаа зүйл бол агаар, хөрс, усны бохирдол. Гол буруутан нь үе үеийн Засгийн газар. Сүүлийн арван жилд  зөвхөн утааг бууруулна гэж  200 гаруй тэрбум төгрөг төсөвлүүлж аваад эрх мэдэлтнүүд нь хуваагаад идчихсэн. Цэвэр агаар сан, утаагүй түлш, утаагүй зуух… гэх мэтчилэн сайхан нэрээр ах дүү, хамаатан садан, танил талдаа хуваагаад өгчихлөө. Хэдэн  компани нь цулайтал баяжаад, хотын утаа улам нэмэгдсэн. Тэд зүйл бүрийн аргаар биднийг молигодсон. “ Утаа харагдаж байгаа ч хортой чанар нь төчнөөн хувиар буурсан” гэж бидний тархийг угаалаа шүү дээ. Тэгтэл, агаарын бохирдлын сэдвээр  докторын зэрэг хамгаалсан академич Н.Сайжаа  “Утаа л байгаа бол хортой чанар нь бүгд агуулагдаж байдаг” хэмээн тайлбарлаж байх юм.
Харин сүүлийн хэдэн жилд, тухайлбал У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд утааны эсрэг жинхэнэ арга хэмжээ авч байх шиг байна. Утааны гол эх үүсвэр болсон түүхий нүүрс оруулахыг, хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлшээр хангаж эхэллээ.   Зарим бэрхшээл үл ойлголцох явдал ч байсаар л байна. Жишээ нь, шахмал түлшээ эхлээд тараачихаж яагаад болоогүй юм. Айл болгоны хашаанд мөнгөөрөө худалдаад авчихсан өдий төдий түүхий нүүрс байна. Түүнийг хог дээр аваачиж хаях юм уу. Энэ нүүрсээ аваачиж тушаагаад оронд нь шахмал түлш авч болохгүй юу. Өмнө авчихсан түүхий нүүрсээ түлж байгаа айл, зуухуудыг 300 мянган төгрөгөөр торгох нь нугалаа, ард түмнээ залхаан цээрлүүлсэн харгислал биш юм уу…гэхчилэн олон асуулт хариу нэхэж байна. Сайжруулсан шахмал түлшээр хотын иргэдээ хангаад ирэх өвөл утааг 30-50 хувь бууруулчихвал У.Хүрэлсүхийн засгийн газрын гавъяа мөнөөсөө мөн. Тэр чинээгээр, сүрьеэгийн өвчлөл ч 30-50хувь буурна гэсэн үг.

Хоёрдугаарт, Сүрьеэ өвчний нөгөө нэг гол эх үүсвэр нь ядуурал. Ард түмний тал хувь нь ядуу тарчиг амьдралтай байгаа. Энэ бол сүүлийн гучин жилд тогтсон Монголын эмгэнэл. Гадныхантай үгсэн хуйвалдсан, хэтэвч нэгтэй Монголын мафийнхан ард түмнээ ядууруулж, XXI зууны гуйлгачин болгосон. Гадаад түншүүд нь, Монголын МАНАН-мафийнханд “Ард түмнээ ядуу байлга. Өөрсдөө баяжицгаа. Сонгуулийн өмнө мөнгө, эд бараагаар саналыг нь худалдаж авахад, ард түмэн чинь хэчнээн ядуу байх нь гол зүйл” хэмээн тулган шаардаж, манай эрх баригчид ч үг дуугүй толгой бөхөлзөж байсны уршгаар ядуурсан. Хамгийн хортой нүүрсээр утуулаад, бохир заваан нөхцөлд амьдрах боллоо. Тэгэхэд МАНАН-мафийнхан алтан абжууртай, усан бассейнтай арав хорин өрөөтэй тансаг ордонд амьдрах болсон. Нийгэм ингэж баян хоосны хоёр туйлд хуваагдсанаас “ядуугийн өвчин” сүрьеэ Монголд дэлгэрсэн юм. Та нар боддоо! Цэцэрлэг сургуулийн 100 барилга барьчих хөрөнгийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэрээр дарга сайд нар нь хуваагаад авчихсан байгаа. Гуравхан хувийн хүүтэй энэ зээлийг ард түмэнд хүртээсэн бол хичнээн мянган өрхийн амьдрал сайжирч тэр чинээгээр халдварт өвчин, тэр дундаа сүрьеэгийн өвчлөл буурах байсан бол. Үе үеийн УИХ, Засгийн газар ард түмнээ ядууруулсан хэдэн зуун баримтыг ч тоочиход бэлэн байна.

Гуравдугаарт, Өсвөрийн үеийнхнийг сүрьеэ өвчнөөр өвчлүүлж байгаа нэг гол эх үүсвэр нь цахим тоглоом, ухаалаг утасны хяналтгүй, замбараагүй үйлчилгээ юм. Цахим сүлжээний 100 гаруй тоглоомын газар хотод байна. Тэнд нэг шөнө  10 хүүхэд үйлчлүүлж нойргүй хонодог гэвэл хоногт мянган хүүхэд хонор нь. Хамгийн багаар бодож байгаа нь энэ шүү дээ. Нойр хоолоо мартан донтож байгаа тэр хүүхдүүд яаж өвчингүй, сүрьеэгүй байх юм. Ийм тоглоомыг дэлгэрүүлчихсэн, ард нь дандаа дарга сайд нар, баячууд сууж байдаг гэсэн. Хууль хяналтын байгууллагаас илрүүлээд, албан ёсоор хаачихад маргааш нь ажиллуулж л байдаг. Зөвшөөрлийг нь ” нэг том хүн” өгсөн байдаг юм билээ. Ингээд донтсон хүүхдүүдийг бүгдийг хэвтүүлж эмчилнэ гэвэл Шар хадны больницод багтахааргүй юм билээ. Нөгөө нэг эх үүсвэр нь ухаалаг утас. Хүүхдүүдийг бас л донтуулдаг зүйлийн нэг. Баячууд хүүхдээ багаас нь ухаалаг утсаар эрхлүүлж байгаа. Хүүхэд л юм чинь ядуус, дундчуудын хүүхэд ч дурлана. Ядахдаа сургуулийн орчинд битгий хэрэглүүл гэсэн ч хорьж чадсангүй. Найман настай охин хөнжил дотроо юм үзээд унтахгүй болж гэнэ. Аав ээж нь шалгасан  чинь, барууны порно кино үздэг байх юм гэнэ. Ийм л байдлаар орчин үеийн цахим сүлжээ хүүхдүүдийг минь өвчлүүлж, сүрьеэг ил далд тарааж байгаа юм даа. Монгол Улс сүрьеэгийн тархалт өндөртэй улсын нэг болж байна. Жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг юм байна. 10 хувь нь хүүхдүүд.

Сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод бүртгэгддэг аж. Энэ чинь миний түрүүчийн бичсэн гурван эх үүсвэрийг л хэлээд байгаа биз. Ийм байдалд хүргэхэд, сүүлийн 30 жил Монголыг удирдсан ямар нам, ямар Ерөнхийлөгч, ямар Засгийн газар, ямар парламент юу хийж гялайлгалаа даа. Чимээгүй л байцгаасан. У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд 2018 онд Ерөнхий сайдын ивээл доор дээд хэмжээний чуулган зохион байгуулж “Сүрьеэг устгах”  Улаанбаатарын тунхаг гарган хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар 50 шахам сургууль цэцэрлэгт тандалт судалгааны ажил явуулж, илэрсэн багш сурагчдыг шуурхай эмчилж байгаа. Цаашид 90 сургуульд тандалт судалгааны иж бүрэн ажил хэрэгжүүлж, илэрсэн өвчтөнийг яаралтай тусгаарлаж эмчлэх гэнэ. Энэ мэт олон төрлийн арга хэмжээ авч байгаа нь сүрьеэг устгах найдвар төрүүлж байгаа юм. Тэгтэл ажил санаачилж, хийж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газар, түүний гишүүн Сайд Д.Сарангэрэл, Ё.Баатарбилэг, дэд сайд Л.Бямбасүрэн нарыг  “Хариуцлага тооц” огцор гэж загнаад байгаа нь зүйд нийцэж байгаа юм уу. Өнөөдөр Монголд  суудал бөглөөд, авлига аваад явж байгаа эрх мэдэлтнүүд нь үнэд орж, ажил санаачлаад, хийгээд байгаа нэг нь ад үзэгддэг гаж тогтолцоо байгаад л харамсах юм даа. Сүрьеэ өвчинтэй тэмцэнэ, устгана гэж зориг шулуудсан нөхөддөө санаа аваасай гэсэн хэдэн зүйлээ бичье.  Монголд мөнгө байсан одоо ч байгаа. Хэдий болтол Олон улсын валютын сан гэдэг “Хойд эх”-ийн гар харж амьдрах юм. Эрх баригчид минь гурван сая ард түмнийхээ төлөө хөрөнгө мөнгө гаргаж сургууль цэцэрлэг, эмнэлгийг хүрэлцээтэй барь л даа.

Биднээс нууж хувхай амлаад байсан хэр нь сонгууль дөхөөд ирэхээр болзол хангасан бүх хүнд барьцаагүйгээр хорин сая (20.000.000) ын зээл олгоно гэнэ. Мөн ч баян байгаа биз.. Монголын алт авдар дүүрэн байна. Үүнийгээ ард түмний ядуурлын эсрэг, эрүүл мэндийн төлөө зориулал даа.Хий дэмий юманд үргүй зардал гаргахаа болимоор байна. Хамгийн тансаг олон байртай хотын захиргааг нүхт рүү, шинээр өргөтгөсөн Төрийн ордноо Их тэнгэрийн ам руу нүүлгэх гэж мунгинаж зөрүүдлэхээ болиоч дээ. Сурагчид нь гурван ээлжээр хичээллэж, эмнэлэг нь шалан дээр гудас дэвсчихээд байхад эрх баригчид та нар ордон байраа сольж, олон зуун тэрбумын зарлага гаргаж байх эрх байхгүй. Энэ бол эрх тушаалаа ашигласан, хатуухан хэлбэл гэмт хэрэг шүү.Та нарын муучлаад байгаа хуучин тогтолцооны үед Монголын төр сүрьеэ өвчинтэй тэмцэж байсан юм. Дамбадаржаагийн аманд уушгины сүрьеэгийн эмнэлэг, Урд уулын аманд ясны сүрьеэгийн больниц, Төр хурахад сүрьеэгийн сувилал, хот хөдөөгүй сүрьеэгийн диспансер, өвчтөний цэр шатаах зуух хүртэл байсан юм. Ардчиллын нэр барьсан луйварчид энэ бүхнийг устгаад, 30 жилийн дотор зөвхөн нэг сургууль нь 500 гаруй хүүхдээ сүрьеэтэй болтол нь ядуурууллаа. Одоо болоо юм биш үү? Тэд ард түмнийхээ хөлс цусаар ямарч өвчин халдахааргүй дархлаатай болсон. Харин Чингисийн Монгол л “Сүрьеэтэй Монгол” боллоо доо.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих