Хятадад “АРДЫН ДАЙН” хүчээ авлаа

000_b_b

Бээжин, Вашингтон харилцан нэгнийгээ чиглэсэн татвар хураамжаа нэмэгдүүлэх зуур дэлхийн хоёр том эдийн засгийн худалдааны сөргөлдөөнд Хятадын бизнес болон энгийн хэрэглэгчид татагдан орж байна. Хятадын компаниуд ажилтнуудаа Америкийн автомашин, айфон худалдаж авахгүй байх, Макдональдсд хооллохгүй, ер нь л Америкийн брендээс татгалзахгүй бол ажлаас хална хэмээн “сүрдүүлж ” байгаа талаар РИА новости агентлаг тоймлосныг товчлон хүргэе.

Ардын дайн өрнөв

Хятад дахь Америкийн эсрэг суртал ухуулга оргилдоо хүрчээ. Үүнд хүч нэмсэн нэг үйл явдал нь Huawei компанитай хамтран ажиллахыг хориглосон Дональд Трампын хориг байлаа. Энэ шийдвэрийн улмаас Google, Microsoft, Intel, ARM, Qualcomm, Broadcom гэсэн Америкийн тэргүүлэгч IT компаниуд Хятадын компанид программ хангамж, технологи, тоног төхөөрөмж нийлүүлэхээс татгалзсан юм.

Хэдэн долоо хоногийн өмнө Хятадын төрийн хэвлэл болох  The Global Times  сонин редакцийн булан дээрээ АНУ-тай “ардын дайн зарлах”-ыг уриалсан нийтлэл гаргаж байв. Энэ уриалгын хариу тийм ч удаан байсангүй. Олон нийтийн сүлжээгээр Америкийн бүтээгдэхүүнийг бойкотлож, Huawei гар утас худалдаж авахыг уриалсны дээр Apple ухаалаг төхөөрөмжийн эсрэг олныг хамарсан уриалга гаргаж эхэлжээ.

“Би Huawei гар утас авна, мөн Apple Watch худалдаж авах гэж байснаа болилоо. Ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг Хятад үйлдвэрлэдэг шүү дээ. АНУ зүгээр л доромжилж байна” хэмээн Weibo олон нийтийн сүлжээний хэрэглэгч бичжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт “Хуаньцю шибаю” сонин дээр Huawei компанийн ажилчдын ярилцлага нийтлэгдсэн байна. Тэд бүгд л АНУ-ын шийдвэр гарсны дараа ч хэвийн ажиллаж байгаа, ямар ч хүндрэл тулгарсан хамтын хүчээр давна, компани, нийгэм, улс орны үнэт зүйлийн төлөө мөнгө чухалчилахгүй ажиллана хэмээн ярьжээ.

Мөн энэ сонины мэдээлснээр одоогийн хүнд нөхцөл байдалд  Huawei компанийн ажилчдыг ар гэр найз нөхөд нь ихээхэн дэмжиж байгаа гэнэ.

Зөвхөн дотоодын бүтээгдэхүүн

Америкийн бүтээгдэхүүний эсрэг “ардын дайн”-д Хятадын бизнесменүүд ч нэгджээ. Тухайлбал интернет бүтээгдэхүүн боловсруулагч Mengpai Technology  компани Huawei гар утас худалдан авсан ажилтнууд болон гүйцэтгэгчдэд цалингийнх нь 158 хувьтай тэнцэх хэмжээний шагнал санал болгосон бол айфон хэрэглэсэн ажилтнуудаа утасных нь үнийн дүнгээр торгоно гэж мэдэгджээ.  Түүнчлэн энэ компани Америкийн брендийн оффис тоног төхөөрөмж, автомашин худалдан авахыг хоригложээ.

Энэ компанийн “эх оронч алхам”-ыг хэвлэлийнхэн мэдээлсний дараа үлгэр дуурайл авах олон компани гарсан гэнэ. Тодруулбал, цахилгаан эд анги үйлдвэрлэдэг Shenzhen Huiyisheng компани  Huawei гар утастай ажилтнууддаа 500 юанийн шагнал өгсөн бол айфоноос татгалзахыг зөвлөж, энэ саналыг хэрэгжүүлэхгүй бол ажлаас хална гэж мэдэгджээ.

Мөн Jinggang автомашин шалгалтын өртөө бүхий л ажилтнууддаа Америкийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг хориглосон байна. Айфон ашиглах, Америк машин унах, McDonald’s эсвэл KFC-д хооллох, энэ улсын гоо сайхны хэрэгсэл болон живх худалдан авахыг хоригложээ. Байгууллагын удирдлага энэ шийдвэрээ “худалдааны дайнд ялахад нь эх орондоо туслах зорилготой” хэмээн тайлбарласан бөгөөд шийдвэрийг зөрчсөн хэнийг ч ажлаас хална хэмээн онцолсон байна.

Шанхай хотын худалдааны танхим ч Huawei гар утас худалдан авсан ажилтнуудаа шагнаж, харин Apple ухаалаг төхөөрөмж хэрэглэсэн хүн бүрийг хатуу шийтгэнэ гэжээ.

Ийнхүү хэрэглээгээ өөрчилж эхэлсэн хятадууд урлагаар ч дамжуулан “дайн зарлаж” байна. Өмнө нь төрийн түшээ байсан Чжао Лянтяны бичсэн “Худалдааны дайн” нэртэй суртал ухуулгын дуу олон нийтийн сүлжээнд ихээхэн дэлгэрч байгаа гэнэ. Энэ дуунд “Хятадууд мянга мянган жил амьдарч байна, мөн мянга мянган жил дайсныхаа эсрэг эвлэлдэн нэгддэг. Дайсан бидэнд цохилт өгвөл засгийн газар, ард түмэн нэгдэн хариу цохилт өгнө. Дайсан бидэнд цохилт өгвөл дипломат болон эдийн засаг түүний хариуг барина. Дайсан бидэнд цохилт өгвөл бид дайсныхаа толгой нь эргэж, нүднээс нь гал манартал цохино” хэмээн өгүүлэх аж.

Г.Бямбасүрэн


URL:

Сэтгэгдэл бичих