Трампыг дэмжигчид хилийн дагуу хана барих ажлыг эхлүүлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид санхүүжилт босгох кампанит ажил явуулсныхаа дараа АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг эхлүүлсэн байна.
Нью-Мексико мужид ган хана барьж буй гэрэл зургийг АНУ-ын Агаарын цэргийн хүчний албан хаагч асан Брайан Колфаж твиттер хуудсандаа нийтэлсэн байна. Түүний хэлснээр, өнгөрсөн онд цахимаар явуулсан кампанит ажлын хүрээнд 22 сая гаруй ам.долларын санхүүжилт босгосон ажээ.
2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Д.Трампын өгсөн гол амлалтуудын нэг болох хилийн дагуу хана барих талаарх түүний саналд АНУ-ын Конгресс санхүүжилт олгохоос татгалзсаны дараа Б.Колфаж “WeBuildtheWall” хэмээх кампанит ажлыг эхлүүлжээ. Тэрбээр твиттер хуудсандаа, “Бид түүхийг бүтээлээ. Олон нийтийн санхүүжилтээр барьж буй анхны хилийн дагуух хана энэ болж байна” хэмээн бичсэн байна.
“WeBuildtheWall” байгууллагын зөвлөл зөвлөлийн даргаар Цагаан ордны ахлах стратегич асан Стив Беннон ажиллаж байгаа ажээ. Түүний “CNN” сувагт мэдээлснээр, хувийн санхүүжилтээр барьж буй шинэ хана нь урьд нь байсан 33 километр урттай хоёр ханыг холбох ажээ.
URL: