Хиагт-Алтанбулагийн боомтоор зорчихгүй байхыг зөвлөжээ
Бүгд Найрамдах Буриад Улсын засгийн газар Фейсбүүк дэх албан ёсны хуудсаараа дамжуулан иргэддээ долдугаар сарын 9-ний өдөр Монгол руу зорчихоос татгалзахыг зөвлөн, мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
“Торгоны зам-2019” олон улсын раллигийн багууд 2019 оны 07дугаар сарын 09-ний өдөр Орос-Монголын хилээр нэвтрэх тул Хиагт Автозамын шалган нэвтрүүлэх боомт ачаалал ихтэй болно.
Тэмцээн 07 дугаар сарын 06-ны өдөр Эрхүүд эхлэж, гараа нь 07 дугаар сарын 16-ны өдөр Хятадын Дунхуань хотод болох юм. Энэ тэмцээнд дэлхийн 40 орны тамирчид оролцож байгаа бөгөөд нийтдээ 400 орчим автомашин, мотоцикл хөдөлгөөнд оролцоно гэсэн үг.
Тэмцээний оролцогчид Буриадад 07 дугаар сарын 09 хүртэл байж, мөн өдрийн өглөөний 5 цагт Монгол руу хөдлөх юм. Өөрөөр хэлбэл Хиагт шалган нэвтрүүлэх боомтоор энэ өдөр ойролцоогоор 400 тамирчин машинтайгаа нэвтэрнэ гэсэн үг. Тиймээс Буриадын оршин суугчдыг Монгол руу зорчих өдрөө өөр өдөр товлохыг зөвлөж байна” хэмээжээ.
Энд дуулгахад, зуны улиралд аялал зугаалгаар манай улсын иргэд хойд хөршийг олноор зорьдог. Мөн наадам, цагаан сар зэрэг олон хоногийн амралттай баярын өдрүүдээр Буриадыг зорих иргэдийн тоо эрс нэмэгдэн, хил дээр багагүй ачаалал үүсдэг юм.
Энэ жилийн тухайд долдугаар сарын 09-ний өдөр ийнхүү олон улсын тэмцээний тамирчид хилээр нэвтрэхтэй холбоотойгоор ихээхэн ачаалал үүсэх нь тодорхой. Тиймээс Монгол улсын иргэдийг ч аялал, ажлаа зохицуулан төлөвлөхийг энэ мэдээллээр дамжуулан зөвлөж байна.
Г.Бямбасүрэн
URL: