Явагдаагүй нөхөн сонгуулийн ялагч нь хэн бэ
17 мянган сонгогчтой УИХ-ын 42 дугаар тойрог энэ парламентын бүрэн эрхийн хугацааны сүүлийн хасагт төр төлөөлөлгүй явсаар ирэх оны сонгуультай золгох нь.
Учир нь ҮХЦ УИХ-ын нөхөн сонгуулийг товлон зарласан УИХ-ын тогтоолыг хоёронтаа түдгэлзүүлж, хүчингүй болгоод байна. УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг шийдэх хэдий ч эс хүлээж авбал Их суудлын хуралдаанаараа эцсийн дүгнэлтээ гаргана. Тиймээс хүлээж авч, дараагийн алхамдаа шилжихээс өөр гарц үгүй. Мэдээж энэ нь эрх баригчдын бэлтгэсэн сценарийн дагуу явагдаж байгаа асуудал болохоос хэн нэг иргэний сайн дураар судалсан маргаан хийгээд Хэнтийн сонгогчдын төлөө ч хийж байгаа үйлдэл бус.
ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа гэхэд дараагийн асуудал гацаанд орно. УИХ-ын тогтоолын дагуу Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө УДШ-д бүртгүүлсэн нам сонгуульд оролцох, эвлэлдэн нэгдэх эрхийг олгожсон хугацааг бүрдүүллээ гэхэд нөхөн сонгуулийн зардал дээр бүдэрнэ. Учир нь нөхөн сонгуулийн зардлыг улсын нэгдсэн төсвөөс гаргах тухай заалт сонгуулийн хуулинд байгаа. Засгийн газар улсын төсөвт тодотгол хийхгүй байх зарчмыг баримталж байгаа. Зөвхөн Хэнтийн нөхөн сонгууль явуулахаар улсын төсөвт тодотгол хийж болох ч эрх баригчдын улс төрийн бодлого харшилна.
Тиймээс л сөрөг хүчин хийгээд бусад улс төрийн намууд Хэнтийн сонгуулийг эрх баригчид гацаалаа, МАНАН гацаалаа гэж өндөр дуугаар мэдээлж байгаа. Хэнтийн нөхөн сонгуульд оролцохоор парламент дахь гуравдагч хүчин сонгуулийн хуулийн хугацаа нээгдэнгүүнт нэр дэвшигчээ зарласан. МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр намаасаа нэр дэвшихээр тодорсон ч нөхөн сонгуульд гацаа үүснэ гэдгийг эртнээс мэдэрч байсан нь лавтай. Н.Энхбаярыг улс төрийн алсын хараатай гэдгийг өнөөгийн улстөрчид хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч ҮХЦ-д иргэний гомдол гаргасантай зэрэгцээд нөхөн сонгуульд явагдахгүй гэдгийг мэдсэн МАХН-ын дарга Н.Энхбаяр хамгийн түрүүн нэрээ зарласан. Мэдээж, Н.Энхбаярын тухайд Хэнтийд рейтэнг өндөртэй, намын бодлого, хөтөлбөрийг нь сонгогчид дэмжиж байсныг хэлэхээ мартсангүй.
Харин АН-ын тухайд энэ сонгуульд Хэнтийн Засаг дарга асан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлсэн. ҮХЦ-д иргэний маргаан үүсгэснийг хэрэгсэхгүй байх тайлбар хүргүүлж, нөхөн сонгууль явуулахгүй байх эрх баригчдын ээлжит улс төрийн захиалга гэж үзэж байгаа байр сууриа ч илэрхийлж байсан. Харин ҮХЦ-ийн шийдвэр гарсны дараагаар АН-ын дарга С.Эрдэнэ “Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойргийн 17 мянган сонгогчийн эрх ашгийг уландаа гишгэлээ. ҮХЦ иргэнийхээ эрх ашгийг дэвсэлж хаялаа” гэдгийг онцолсон. Хэнтийн нөхөн сонгуульд АН-д ялсан ч, ялагдсан ч хохиролгүй хэдий ч нэр төрийн асуудал байсан. Хэдийгээр Б.Пүрэвдорж гишүүний хэлсчлэн “Манай намын захын хүн Хэнтийд нэр дэвшээд гараад ирнэ” гэж попорсон ч ялах эсэх нь эргэлзээтэй.
Харин эрх баригч хүчин МАН өнгөрсөн хугацаанд ам нээлгүй явж , бодлогоо хэрэгжүүлсээр ирсэн. Гэхдээ улс төрийн хүчнүүдийн МАН-д чиглэсэн дайралтад хариу өгөх үүндээс Хэнтийн нөхөн сонгуульд бэлтгэл ажлаа хангасан хийгээд “У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлж, МАН ялалт байгуулан ирэх сонгуулиа угтах байсан” гэж “матрын нулимс унагалаа”. Ингэхдээ тэд өөрсдийнх нь бодлого хэрэгжсэнд баярласан мишээлээ нууж чадахгүй байгаа нүүрнээс нь илт.
Ийнхүү улс төрийн хүрээнд хоёр жил дараалан яригдсан Хэнтийн нөхөн сонгууль ҮХЦ-ийн дүгнэлт, эрх баригчдын бодлогоор хаагдлаа. Одоо нөхөн сонгууль бус УИХ-ын ээлжит сонгуульдаа бэлтгэцгээх биз ээ, улс төрийн хүчнүүд.
shuud.mn
URL: