Л.Наранбаатарын санаачилсан жагсаалд гишүүд нь ирсэнгүй

44388c30365e7e160ecf44de3b6482f0Эдийн засагч Л.Наранбаатар болон “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” төрийн бус байгууллагаас өнөөдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гадна жагсаал зохион байгууллаа. Жагсаалд оролцсон гишүүд хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгө хэлбэрээр авахыг хүсч компанийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагуудыг огцрохыг шаардсан юм.

Жагсаал зохион байгуулах тухай зарыг “1072 хувьцаа” нэртэй сошиал сүлжээгээр олон хоногийн өмнө тараасан. Гэвч өнөөдрийн жагсаалд хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс хангалттай ирсэнгүй. Тодруулбал, 10 хүрэхгүй хүн л иржээ.

Л.Наранбаатар нь жагсаалын хандив нэрээр фэйсбүүк группийн гишүүн бүрээс 1000 төгрөг цуглуулж байсан бөгөөд жагсаалын үеэр нэг иргэн “1000 төгрөг төлөөд бүртгүүлчихвэл ногдол ашгаа бэлэн мөнгө болгож авна гэж ойлгосон учраас ирсэн” хэмээн ярьж байлаа.

Жагсаалын үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн жирийн уурхайчин, ажилтны төлөөлөл Л.Наранбаатараас иргэдийг нийгмийн сөрөг хандлагад уриалахгүй байхыг хүсэж, компанийн ажилчдыг тайван ажлаа хийлгэхийг хүсэж буйгаа илэрхийллээ. Мөн өмнө нь 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос гаргасан хүсэлтийн дагуу шаардлагатай мэдээллүүдийг гаргаж өгсөн, хамтарсан ажлын хэсэг хүртэл байгуулсан гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих