Монгол Улс гадаад худалдаанд “ялагдах” шалтгаан
Монгол Улсын зах зээлд Улсын төсөв, гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспорт, арилжааны банкны зээл гэсэн дөрвөн төрлийн эх үүсвэрийн хөрөнгө эргэлддэг. Улсын төсөв болон арилжааны банкнаас олгодог зээл нь хар ухаанаар хэлбэл, дотоодын эх үүсвэрээс үүсэж, дотооддоо цутгадаг. Гадаадын хөрөнгө оруулалт бол эргэж төлөгдөх нөхцөлтэй, мөн хүүг цаг тухайн үед төлөөд явдаг тул буцаад гадагшаа урсдаг гэхэд болно. Ингэхээр Монгол Улсын хэтэвчээ зузаатгах ганц боломж нь экспорт. Гэвч Монгол Улс энэ боломжийнхоо 10 хувийг л ашигладаг. Өнгөрсөн онд манай улсын экспортын орлого долоон тэрбум ам.доллар байсан. Тэгвэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдаа 4.3 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 2.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 386.6 сая ам.доллараар өссөн байна. Монгол Улс энэ боломжоо ашиглаж чадахгүй гадаад худалдаанд “ялагдахад” гурван шалтгаан байдгийг “Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдын төлөв” хэлэлцүүлгийн дурдав. Нэгдүгээрт, гадаад зах зээл цөөн буюу экспортод гарч буй бүтээгдэхүүний нэр төрөл цөөн. Манай улсын нийт экспортын 88 хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Энэ онд гэхэд төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлнэ. Дан нөхөн сэргээгдэхгүй бараа бүтээгдэхүүн дунд ноолуур багахан хувийг эзлэх нь гялтайх ганц нь. Гэхдээ мөн л нөөц бололцоогоо бүрэн ашиглаж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, 66 сая мал, 27 сая ямаа, дэлхийн ноолуурын салбарт хоёрдугаарт бичигддэг улсын хувьд жилдээ 3.2 тэрбум ам.доллар эргэлддэг энэ зах зээлд бид ердөө 350 сая ам.долларын л оролцоотой байх нь дэндүү чамлалттай. Түүнчлэн Япон руу чацаргана, ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, АНУ руу ингэний хоормог, арьс ширэн бүтээгдэхүүн гарч байгаа ч эдийн засагт жин дарж чаддаггүй. Үүн дээр нэмээд сүүлийн хоёр жил махны экспорт нэмэгдэж байгаа хэдий ч дотоодод махны нийлүүлэлт хомсдолд орж, үнэ өсөв. Тухайлбал, энэ оны эхний улиралд махны экспортын орлого 80 тэрбум төгрөгт хүрсэн. Ингэснээр өнгөрсөн жилийн экспортын орлогыг нэг улиралдаа бүрдүүлээд буй. Энэ чигээрээ борлуулалт үргэлжилбэл, оны эцэст махнаас 200 тэрбум төгрөгий орлого олох тооцоо байсан. Харин өмнө дурдсан дотоодын нийлүүлэлтийн хомсдол үнийн өсөлтөөс шалтгаалан махны экспортыг улирлын чанартай хязгаарлахаар болсон. Гадаад худалдааг өргөжүүлэхэд дотоодын таваар талаасаа энэ мэт шалтгаан байдаг аж.
Хоёрдугаарт, экспорт хийж буй компанийн өртөг их буюу тээвэрлэлтийн зардал өндөр. Ази, Номхон далайн орнуудын худалдааны өртөгөөс манай улсынх хоёр дахин их байдаг байна. Тодруулбал, тус орнуудад худалдааны өртөг 1300 орчим ам.доллар байдаг бол манайд 2600 ам.доллар байгаа талаар Гадаад худалдааны яамны Гадаад худалдаа хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд дурдсан юм. Ийнхүү тээврийн зардлаар өрсөлдөөнд ялагдахад манай улсын газар нутгийн байрлал буюу дэлхийн зах зээлд гарах гарцын асуудал нөлөөлдөг. Дэлхийн банкнаас гаргадаг тээврийн бүтцийн логистикийн индексээрээ 130 дугаарт эрэмбэлэгдсэн нь энэ шалтгааныг батлах юм. Гуравдугаарт, бүтээгдэхүүнүүдээ түүхийгээр нь борлуулах буюу нэмүү өртөг шингэдэггүй. Үүнтэй хэн ч маргадаггүй ч, байдал бас хэзээ ч өөрчлөгдөхгүй байгаа. Хэд хэдэн боловсруулах үйлдвэрийн төсөл байгаа ч сураг төдийгөөс хэтрээгүй л байна. Нүүрс баяжуулах үйлдвэр, Метан хийн, төмрийн, нефть боловсруулах гэх мэт. Салбар яамнаас ч уул уурхайн бүтээгдэхүүнээ боловсруулж, нэмүү өртөг шингээх бодлого явж байгаа гэдэг тайлбартайгаа өнөөг хүрч буй.
Eagle.mn
URL: