Улс төрчдийн шоу: Махаа авч идэх тэнхэлгүй болтол “эдийн засгийг хэвтүүлэх үү”
Сүүлийн үед монголчуудын ярианы сэдэв “МАХ” болсон. Тааралдсан хүн бүр мах үнэтэй зарагдаж байгааг халаглан, хятадууд их хэмжээгээр мах өндөр үнээр худалдаж аваад ховордлоо гэх яриа салхины хурдаар тархав.
60 сая толгой малтай хэрнээ бид адуу, ямаа, үхэр, хонийн махаа тэр бүү хэл дайвар бүтээгдэхүүнээ хүртэл худалдан авч идэх тэнхэлгүй болох гээд байна уу гэлтэй дүр зураг тодроод ирэх нь тэр. Сонгуулийн дуу ойртоод ирэх тусам өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, ам,долларын ханш хүртэл өмнө нь давтагдаж байгаагүй хэмжээнд хүрчихдэг. Энэ байдал мөн л ирэх сонгуулийн дуунаар давтагдах нь уу.
Өмнөх долоо хоногийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.7 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 10.6 хувиар өсчээ.
Махны дундаж үнэ энэ сарын 15-ны байдлаар ямааны ястай махны үнэ 37.5 хувь, адууны ястай махны үнэ 36.7 хувь, үхрийн ястай махны үнэ 23.6 хувь, хонины ястай махны үнэ 22.4 хувь, үхрийн цул махны үнэ 21.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад ямааны ястай махны үнэ 37.5 хувь, адууны ястай махны үнэ 36.2 хувь, үхрийн ястай махны үнэ 24.1 хувь, үхрийн цул махны үнэ 21.9 хувь, хонины ястай махны үнэ 21.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал, нэг килограмм үхрийн цул мах 14383 төгрөг, үхрийн /ястай/ мах 11912 төгрөг, хонины /ястай/ мах дунджаар 10 658 төгрөг, адууны /ястай/ мах 9188 төгрөг, ямааны /ястай/ мах 8800 төгрөгийн үнэтэй байв. Харин гурилын үнэ мөн л өссөн үзүүлэлттэй гарчээ. Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.7 хувь, 1-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувиар буурсан бол дээд зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 3.1 хувь, 1-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар буурсан бол 2-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувиар өссөн байна. Түүнчлэн цагаан будааны үнэ өмнөх сараас 1.1 хувь, өмнөх 7 хоногоос 0.5 хувиар нэмэгджээ.
Нэг килограмм махаа 16 мянган төгрөгөөр худалдан авч дийлэхгүй иргэд дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэж махны хэрэгцээгээ хангаж байгаа юм. Гэвч зүрх, гол мах, гүзээ зэрэг нь 8000 төгрөгийн үнэтэй болжээ. Өмнөх долоо хоногт хонины толгойг 3 мянган төгрөгөөр худалдаж авч байсан бол өнөөдөр 3000-4000 төгрөгөөр хүрчээ.
Хоёр долоо хоногийн өмнө иргэд нөөцийн махны худалдаанд оочерлож байсан гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Урт дараалал үүсгэсэн иргэдэд худалдаж авах махны хэмжээг нь тогтоон худалдсан нь олон хүний дургүйцлийг хүргээд авсан. Гэсэн хэдий ч иргэд 3-4 хоногийн хоолны махаа худалдаж аваад дуугүйхэн явцгааж байсан юм. Өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригаас эхлэн махны үнэ 2-3 мянган төгрөгөөр буурчээ. Уг нь өдийд махны үнэ аль хэдийнээ буусан байдаг хэмээн наймаачид онцолж байв.
Манай улсад нэг асуудал дэгдэхээр бүгд улс төрчидтэй холбогдчихдог болоод буй нь нууц биш. Тэгвэл махны үнэ буурч байгааг хэн нэгэн төрийн түшээд нь гарч ирээд “би буулгалаа” хэмээн шоу хийчих вий дээ. Уг нь эдийн засгаа өндийлгэж, ард иргэдээ ядуурлаас гаргах хөтөлбөртэй нам улсыг захирч яваа. Иргэдээ махаа худалдан авч идэх тэнхэлгүй болгож байгаагаа харж л суугаа байгаа даа. Сонгуулийнхаа үеэр махны үнийг манай нам л буулгасан гээд лоозондож мэдэх л нөхдүүд.
Dorgio.mn
URL: