“120 мянгат”-ынханд “сэвэгч” хэрэггүй
Би Хан-Уул дүүрэгт, одоо асуудал үүсээд буй “Номин холдинг”-ийн байшин барихаар төлөвлөж буй газарт амьдардаг хүн л дээ. Мэдээж үр хүүхдээ зүлэг ногоо, ногоон модод, цэвэр агаартай газарт байлгах чин хүсэлтэй. Өнгөрөгч баасан гарагт буюу 2019.05.24-ний өдөр 120 мянгатынханы фэйсбүүк бүлэгт “Номин холдинг” байшин барих гэж байна, иргэд эсэргүүцэх хэрэгтэй, ногоон байгууламжаа авч үлдэцгээе гэсэн пост, лайвууд гарч эхэлсэн. Би ч дэмжсэн. Гэтэл 2019.05.22 гэсэн огноотой мессежийн зургийг сайтууд нийтэлж, хүн дарамталж байна гэхчилэн мэдээг гаргаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн байгууллагууд “Номингоос татгалзах тухай”, “Номинг бойкотлоё” гэх зэрэг “Номин” супермаркетаас хүнсээ худалдаж авахаа болих агуулгатай мэдээллүүдийг тарааж эхэллээ. Энэхүү асуудал тавдугаар сарын 24-нд эхэлж иргэд тухайн газарт асар майхан барин хонож, барилга барих компанийг эсэргүүцэж, тэмцлийг эхлүүлсэн атал тавдугаар сарын 22-нд сүрдүүлсэн мессежийг ирүүлсэн байдаг.
Бодоё. Зүгээр сууж байтал 2015 онд хотын дарга энд танайх юм барь, газар өгье гээгүй л байлтай. Барилга барих боломжгүй бол тухайн үед газрын зөвшөөрлийг сунгахгүй байхад л асуудал үүсэхгүй байсан асуудал л даа. Гэтэл тэгээгүй, зөвшөөрлийг нь сунгасан. Харин үүнийг зарим этгээд өлгөн авч “Номин”-гоос худалдан авалт хийхгүй байх тухай “аян”-ыг өрнүүлж байгаа нь хэнд ашигтай бол? 120 мянгатынхан газрынхаа төлөө тэмцэж авч үлдэж байсан туршлагатай. Өмнө нь “Алтай констракшн”-аас газраа авч үлдэн одоогийн 120 мянгатын автобусны ар талын “Амьтантай цэцэрлэгт хүрээлэн”-г бий болгож байсан юм. ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Нийслэлийн засаг даргад энэхүү газрын зөвшөөрлийг цуцлуулах тухай албан бичгээ ч илгээсэн. Үндсэндээ дүүргийн засаг захиргаа, 120 мянгатын иргэд олон нийт нэгдсэн хэрэг. 120 мянгатынхан албан хүсэлт, хууль, дүрэм, журмын дагуу гаргах гомдол, иргэдийн няцашгүй сэтгэл, зүтгэлээр ГАЗРАА хамгаалан авч үлдэнэ гэдэгт итгэж байна. Бидэнд гуравдагч “сэвэгч”, бусдын нэр төрд халдагч, далимдуулагч, худлаа сенсацилагч, ашиг хонжоо хайгч ХЭРЭГГҮЙ.
Г.Билгүүн
Undesten.mn
URL: