Нийгмийн хариуцлага хаана байна, НОМИН?!

4151

Манай том компаниуд нийгмийн хариуцлага гэж ярих дуртай. Тухайлбал, “Номин Холдинг” ХХК гэхэд жил бүрийн 6 дугаар сарын нэгэнд Номин нэртэй хүүхдүүдэд бэлэг тараадаг. Тэдний нийгмээ хариуцлагаа ухамсарласны нэг жишээ. Тэгвэл энэ удаа “Номин Холдинг” ХХК-ийг нийгмийн хариуцлагаа дорвитойхон ухамсарлах санал тавьж байна.

Манай компанийн эзэмшдэг 2 194 мкв газарт мод, ногоон байгууламж хамааралгүй гэсэн мэдэгдэл гаргахаасаа өмнө нийслэлийн иргэдэд гишгэх газар, алхах талбай үлдээх нийгмийн хариуцлагаа сана. “Номин Холдинг” ХХК-ийн нэр хүндэд ноцтой халдсан гэж сүржигнэхийн оронд өөрсдөө иргэдийн амьдрах орчинд халдаж байгаагаа ойлго.

Дээр нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд хэт нэг талыг барьсан мэдээлэл гаргаж, туйлширч буйд харамслаа илэрхийлжээ. Нийтийн эрх ашгийн төлөө дуугарч, иргэдийг гишгэх газар, алхах талбайтай үлдээхийн тулд мэдээлэл түгээж байгаа бүхний өмнөөс “Номин Холдинг” ХХК-д харамсал илэрхийлье. Энэ компани газар эзэмших эрхээ эдэлж чадахгүй байгаадаа харамсаж буй гэнэ. Харин нийслэлийн иргэд гишгэх газар, салхилах талбайгүй болох гэж буйдаа халаглаж байна.

“Номин Холдинг” мэдэгдэлдээ худалдаа үйлчилгээний салбарт тэргүүлэгч гэдгээ дурдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулдаг тухайгаа бичихээ ч мартсангүй. Иргэдийн худалдан авалт  энэ компанийг ийм хэмжээнд хүргэснийг мартаж болохгүй. Худалдан авагчгүй “Номин”-г төсөөлөөд үз.

“Арьсаа” хамгаалж мэдэгдэл гаргахаасаа өмнө цаг минут тутам худалдан авалт хийж, ашиг орлого оруулдаг нийтийн эрх ашиг нэн тэргүүний юу гэдгийг сана. Улаанбаатарчууд “Номин”-гүй байлаа гээд өлсөхгүй. Харин худалдан авагчгүй “Номин” хаалгаа барихаас өөр сонголтгүй.

Хотын дүүрэгт бүрт сүлжээ дэлгүүрээ нээж, нийслэлчүүдийн ачаар хангалттай баяжсан бол одоо иргэдэд газрыг нь үлдээж, буян үйлд. Овоолсон шороо, ухсан нүхгүй алга дарам газар бүрт мөнгөтэй бүхэн шунах албагүй.

Б.Болд

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN


URL:

Сэтгэгдэл бичих