Дунзянь боомт дахь Монгол Улсын эзэмшлийн 10га газарт тээвэр логистикийн төв байгуулна

4135

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын “Тяньжин портын эдийн засаг, техник технологийн хамтын ажиллагаа” ХХК-тай хамтран “Хятад Монголын Олон Улсын Логистик Бүс”  компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын далайд гарах үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлэх, Тяньжин хотын Дунзянь боомтын эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг анх 2009 онд Тяньжин хотын Ардын засгийн газар болон тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хооронд байгуулсан. Мөн өнгөрсөн оны 2 дугаар сард Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд, БНХАУ-ын Тээврийн сайд болон Тяньжин хотын Ардын засгийн газрын дарга нар 2009 онд байгуулагдсан санамж бичгийг Монгол Улсын “Талын зам”, “Хөгжлийн зам” БНХАУ-ын “Бүс ба зам” хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулж, агуулгыг баяжуулан, шинэчлэх нь зүйтэй хэмээн тохиролцож, 2018 оны 5 дугаар сард шинэчлэн байгуулсан.

Тяньжин хотын Дунзянь боомт дахь Монгол Улсын эзэмшлийн 10 га газарт тус тээвэр логистикийн төвийг байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ирэх 7 дугаар сард эхлүүлэх бөгөөд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм. Арван жилийн турш зогсонги байдалд байсан дээрх төсөл ийнхүү хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улс далайд гарцтай болох, цаашлаад далайн боомтоор дамжуулан гуравдагч зах зээлд гарах боломж нээгдэх эдийн засгийн  ач холбогдолтой.


URL:

Сэтгэгдэл бичих