Ипотекийн шинэ бодлого хэзээ өгөөжөө өгөх вэ
АМИНЫ ОРОН СУУЦЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ЭРЭЛТ ИХТЭЙ Ч, НИЙЛҮҮЛЭЛТ ХОВОР БАЙНА
Өнгөрсөн оны сүүлээр Засгийн газрын хуралдаанаар баталсан ипотекийн зээлийн шинэ журмыг Барилга хот байгуулалтын сайд нь танилцуулж байлаа. Уг журмыг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж мөрдөхөөр заасан. Гэвч хагас жил өнгөрөхөд шинэ бодлогын өгөөж гараагүй л байна.
Өнөөдрийг хүртэл нийт 93 мянган иргэн орон сууц худалдан авах хөнгөлөлттэй зээлд хамрагдсан тоо бий. Тэгвэл шинэ журмаар зөвхөн орон сууц биш, инженерийн байгууламжийг шийдсэн, цахилгаан халаагууртай, 120 метр квадрат хүртэлх талбайтай амины орон сууц худалдан авахад 60 сая төгрөг хүртэл зээл авч болохоор тусгасан юм.
Гэвч амины орон сууцны худалдаанд засгийн бодлогод заасан стандартыг хангасан нь өдрийн од шиг ховор байна. Тиймээс иргэд ипотекийн зээлийн нөхцөлөөр дээрх шаардлагыг хангасан амины орон сууцаа өөрсдөө барихад дэмжлэг үзүүлэхийг хүсэж буй. Агаар, хөрсний бохирдолд нэрмээс болохгүй, сантехник болон халаагуурын асуудлаа суурь тавихаас нь эхлэн төлөвлөж, эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг сонгон шинээр барих амины орон сууц нь, худалдаанд нийтлэг байгаа хаусыг бодвол өртөг зардал ихтэй байдаг. Дэлхий нийтээр ногоон барилгын стандарт баталж, салбарын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн бодлого байгальд ээлтэй эко барилгад цутгах шинэ хандлага давалгаалж байна. Ийм зорилгоор хөгжиж буй орнуудын хот төлөвлөлтөд анхаарч, “ногоон зээл” олгосоор ирсэн.
Манайх ч энэ урсгалаас хүртсэн. Тодруулбал, НҮБ-ын “уур амьсгалын ногоон сан”-гийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламж юм. Мөн Азийн хөгжлийн банкнаас 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, дэвшилтэт технологийн сангийн гурван сая ам.долларын буцалтгүй тусламж гэх мэтээр хөврөх санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулахад энэхүү шинэ журмын амины орон сууцыг зээлд хамруулах нөхцөл яв цав тохирно. Харамсалтай нь ногоон хөрөнгө оруулалтыг нөгөө л түгжрэл, төвлөрөлдөө чихэж багтаах бодлого уламжилсаар байна.
Шинэ журам хэрэгжих хугацаа тоолж эхэлсэн ч санхүүжилт гацав
Нийт хорь орчим хороололд 10 мянган айлын орон сууц барьж, түрээсээр болон ипотекийн зээлээр олгохоор төлөвлөчихсөн байх жишээтэй.
Шинэ журам хэрэгжих хугацаа тоолж эхэлсэн ч санхүүжилт орж ирээгүй шалгаанаар арилжааны ихэнх банкууд ипотекийн зээл олголгүй 100 гаруй хоног гацсан. Харин дөрөвдүгээр сард санхүүжилт олгосноор 955 иргэний 67 тэрбум төгрөгийн зээлийг шийджээ. Цаашид тавдугаар сард 56 тэрбум, зургадугаар сараас эхлээд сар бүр 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг энэ оныг дуустал банкуудад олгохоор төлөвлөсөн байна. Харин банкууд дотоод эх үүсвэрээсээ гаргасан ипотекийн зээлдээ дээрх санхүүжилтийг нөхөх маягаар явж байгаа тул шинээр олголт хүлээгдсэн хэвээр байх нь. Уг нь Засгийн газар 2019 онд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 200 тэрбумыг санхүүжүүлнэ гэж үзсэн.
Үүн дээр засгаас 120 тэрбумыг гаргаснаар, арилжааны банкууд сард дунджаар 300-400 иргэнд зээл олгох боломжтой гэж тооцож байгаа юм. Харамсалтай нь санхүүжилтийн явц удаашралтай. Багцын удирдлагаар явдаг банкны системийг эрсдэлд оруулахгүйн тулд ипотекийн зээлийн хязгаарыг 30 хувиар тогтоодог. арилжааны банкууд энэ квотоо хэтрүүлэхгүйн тулд орон сууц санхүүжилтийн корпорацид шаардлага хангасан зээлээ худалдаж, балансаа барьдаг.
Монгол Улсын хэмжээнд нийт 4.4 их наядын ипотекийн зээлийн үлдэгдэл байгаагаас 63.3 хувь буюу 2.7 их наяд төгрөгийн зээл нь ОССК-аар дамжин Монголын ипотекийн Корпорацад /МИК/ шилжсэн тоон мэдээ бий. МИК бол Монгол Улсад ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 175 хувьцаа эзэмшигч бүхий хөрөнгийн биржид бүртгэлтэй компани.
• Иргэд ипотекийн зээлийн нөхцөлөөр дээрх шаардлагыг хангасан амины орон сууцаа өөрсдөө барихад дэмжлэг үзүүлэхийг хүсэж буй.
• Дэлхий нийтээр ногоон барилгын стандарт баталж, салбарын хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн бодлого байгальд ээлтэй эко барилгад цутгах шинэ хандлага давалгаалж байна.
• Харамсалтай нь ногоон хөрөнгө оруулалтыг нөгөө л түгжрэл, төвлөрөлдөө чихэж багтаах бодлого уламжилсаар байна.
Арилжааны банкуудаас шаардлага хангасан зээлүүдийг худалдан авч, дахин зээл олгох боломжийг хангаж өгдөг. Тус компани Монголд анх удаа Засгийн газрын баталгаагүйгээр олон улсын зах зээлээс 300 сая ам.долларын бонд босгосон хэлцлээрээ оны шилдэгт тооцогдсон юм. Энэхүү бондоор ипотекийн шаардлага хангаагүй иргэдэд зориулсан зээлийг санхүүжүүлэх зорилготой аж. Ийм зээл 1.1 их наяд орчим төгрөгт эргэлддэг гэхээр бондын санхүүжилтийн зах зээл бэлэн байна.
Хэрэв Засгийн газраас баталсан шинэ журмын дагуу амины орон сууцанд ипотекийн зээл олгож эхэлвэл МИК ОССК түүнийг нь худалдан авч, дахин санхүүжүүлэх боломж нээлттэй. Гэвч журамд заасан шаардлагуудыг бүрэн хангаагүй, цэвэр, бохир усаа шийдсэн ч эрчим хүчний чадал, хүртээмжээс хамаараад нам даралтын зуухаар халаадаг, эсвэл цахилгаан халаагууртай ч зөөврийн устай зэрэг амины орон сууц худалдан авахад арилжааны банкууд өөрийн нэрлэсэн хүүгээр зээл олгох тохиолдол бий. Ийм нөхцөлтэй зээлүүдийг МИК ОССК ХХК-д шилжүүлэх бүрэн боломжтой.
Дэлхийн чиг хандлага, ногоон барилгад дөхөж буй амины орон сууцны санхүүжилтийг төрөөс бодитоор дэмжих анхны алхам болсон ипотекийн шинэ журмаа улам боловсронгуй болгож, шаардлагад нийцсэн барилгад хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлээ цутгахгүй юм аа гэхэд усалж өндийлгөхийг иргэд хүлээж байна.
Э.Батцэцэг
URL: