13 настай охины аминд хүрсэн Д.Жавхлан, М.Амарболд нарын ялыг хэвээр үлдээв

450

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд Д.Жавхлан, М.Амарболд нарыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор бүлэглэж алсан, мөн бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийг тохуурхан доромжилж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.7, 2.11 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарт бүх насаар хорих ял, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Жавхланд 20 жил хорих ял,  М.Амарболдод 15 жил хорих ял тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг бүх насаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Д.Жавхлан, М.Амарболд нарыг хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор” гэсэн 2 өөр агуулгатай шинжийг давхардуулан зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, ”өөр гэмт хэргийг нуун далдлах зорилготой байсан” гэсэн шинжийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих