МҮОНРТ Оросын “Звезда” телевизтэй хамтран баримтат кино бүтээнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамцын санаачилгаар Бүх Оросын олон нийтийн-эх оронч радио телевизийн “Звезда” сувагтай хамтран ажиллах саналыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчний “Звезда” телевиз таатай хүлээн авчээ. Өчигдөр дээрх гэрээний дагуу хамтарсан уран бүтээл туурвих хоёр талын ажлын комисс видео зөвлөгөөн зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнд ОХУ-ын талаас “Звезда” телевизийн Ерөнхий продюсер Б.Г.Яновский тэргүүтэй уран бүтээлчид оролцсон байна. МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ахлуулсан баг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-25-нд тус телевизэд зочилж, Хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах төслүүдээ зөвшилцжээ.
Монгол, ОХУ-ын хоёр талын уран бүтээлчдийн бүтээх баримтат кинонд 1939 оны хүнд хэцүү цаг үеийн ерөнхий дүр зураг буюу Монгол Улс болон Манж го улсын хилийн болон улс төрийн ээдрээт нөхцөл байдал ЗХУ, Монгол, Япон улсын цэргийн мөргөлдөөн болон хувирсан цаг үеийг харуулах юм. Түүнчлэн Халхын голын тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн үйл явдлыг үзэгчдэд хүргэнэ.
Тус бүтээлд дээрх улс орны тухайн үеийн геополитик, улс төр, тактик, цэргийн хүчин чадал, батлан хамгаалах салбарын удирдагчид болон тэдний эр зориг, шийдвэрүүдийг онцолно. Эл баримтат бүтээлийн эхлэлд бүс нутаг дараа нь улс орон, арми, командлагч нарын талаар өгүүлэх бөгөөд удаах хэсэгт энгийн иргэд болон дурдатгал гарах юм. Харин зургийг зөвхөн Монголд бус БНХАУ, Япон улсад авах юм байна. Хоёр талын кино багийнхан Халх голын ялалтын аль ч ойн баяраар хийж байгаагүй том хэмжээний уран бүтээлийг үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна.
Дээрх дөрвөн ангит баримтат бүтээлд Монголын талын Ерөнхий продюсероор МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Продюсер, зөвлөхөөр зохиолч М.Эрдэнэбат, Ерөнхий найруулагчаар Г.Энхтөр нар ажиллана.
URL: