Ш.Айдосын хэргийн талаар мэдээлэл өгөхгүй байхыг үүрэгджээ
А.Тлейхан гишүүний туслах Ш.Айдос төрийн өндөрлөгүүдийн нэрийг барьж залилан хийсэн тухай бид мэдээлсэн. Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байсан уг хэргийг өдгөө шүүхэд шилжүүлсэн гэх боловч энэ талаар мэдээлэл өгөхгүй байхыг дээрээс нь үүрэгдсэн гэнэ. Ш.Айдосын залилангийн хэргийн талаарх өргөдөл Улсын мөрдөн байцаах газарт анх 2010 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр ирсэн гэдэг. Үүнээс хэд хоногийн дараа буюу шинэ оны өмнөхөн Улсын мөрдөн байцаах газраас хэргийг тодруулахад “Өргөдөл гаргагчийн ирүүлсэн материалтай танилцаж байгаа. Тэрхүү өргөдөлд “Ш.Айдос Ерөнхийлөгч болон өөр албан тушаалтнуудын нэрийг ашиглан залилан хийсэн, залилан хийхийг завдсан гэсэн байгаа” гэхээс өөр мэдээлэл өгөөгүй.
Харин өнгөрсөн баасан гаригт хэргийг шалгах явц ямар байгаа болон шүүхэд шилжүүлсэн эсэхийг нь тодруулахаар Улсын мөрдөн байцаах газраас лавлахаар хошууч Н.Баянтүмэнтэй уулзав. Тэрээр “Өөртэй чинь утсаар ярьснаас болж “алуулах” шахсан. Ш.Айдосын хэргийн талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байхыг дээрээс зааварласан. Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас энэ талаар тодруул. Биднээс нэг ч үг олж сонсохгүй л болов уу” гэлээ.
Харин Цагдаагийн ерөнхий газрын олон нийттэй харилцах тасгаас хэргийн талаар мэдээлэл авахыг хүсэхэд дуулж мэдсэн хүн нэгээхэн ч гарсангүй. “Энэ хэргийн талаар танай сониноос л уншлаа. Үүнийг манайх шалгаж эхэлбэл бусад байгууллагынхаа ажилд саад болсон хэрэг болно. Бидэнд уг хэргийн талаар ямар ч мэдээлэл алга” гэж байлаа. Ямартаа ч түүний хэрэг шүүх, хяналтын байгууллагад шилжин шалгагдсаар байгаа бололтой.
Ш.Айдос өөрөө хаана байгаа, хоригдсон эсэх талаар одоогоор мэдээлэл алга. Гэхдээ түүнийг сайн таньдаг хүмүүс нь Хаяхан эхнэртэйгээ зүгээр явж байсан” гэх. Мөн Ш.Айдос хаана байгааг сураглан эхнэр рүү нь утасдахад “Хөдөө явсан” хэмээж байгаа юм. Харин А.Тлейхан гишүүн өөрийн туслах байсан Ш.Айдосын талаар нэг ч уг унагахыг хүсэхгүй байна. “Ш.Айдос өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг байсан. Түүний хэргийн талаар огт сонсоогүй” гэхээс өөр зүйл хэлээгүй. Гэвч тэрээр Ш.Айдосын оронд аль хэдийнэ өөр туслах авчихсан гэж байгаа.
Залилангийн хэрэгт сэжиглэгдэж байгаа Ш.Айдос дээд сургууль төгссөн жилээ УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нутгийн ах А.Тлейханы кампанит ажилд хүчин зүтгэж итгэлийг нь даасан байна. Тиймээс А.Тлейхан гишүүн сонгуульд ялалт байгуулж, УИХ-ын гишүүн болмогцоо нутгийн дүүгээ туслахаараа авчээ. Тэгтэл удаа ч үгүй угаас сэргэлэн туслах нь түүний нэрийг барьж “Өлгийчүүдийг Солонгос гаргана” хэмээн их хэмжээний мөнгө авсан хэрэг манджээ. Гэвч тэгсгээд сүр дуулиан бололгүй хэрэг намжиж, Ш.Айдос туслах хэвээрээ үлдсэн байна. “Уг нь А.Тлейхан гишүүн айхтар хүн дээ. Гэтэл өөрийнх нь нэрийг барьж залилан хийсэн туслахаа зүгээр орхисон нь хачирхалтай” хэмээн ярих хүмүүс ч таарч байв. Гэтэл Ш.Айдосын хүмүүсийг Солонгос гаргах нэрээр залилан хийсэн тухай яриаг казахуудад дургүй зарим өлгийчүүд дэгдээсэн байж мэдэхийг нутгийнх нь зарим хүн хэлэх аж. Магадгүй ийм учраас л А.Тлейхан гишүүн Ш.Айдосыг зүгээр орхиж, туслахаараа хэвээр үлдээсэн байж магадгүй гэнэ. Гэсэн ч Ш.Айдосын дараагийн хэрэг мандсан нь бүр том залилан болж хувирчээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын нэрийн өмнөөс албан бичиг үйлдэн албан байгууллагууд руу илгээдэг байсан гэнэ. Өнгөрсөн аравдугаар сарын 14-ний өдөр Ерөнхийлөгч “Олон нийтийн оролцоот хөгжил-”Хуримтлалын бүлэг”-ийн үйл ажиллагааг дэмжиж орон даяар өрнүүлэх тухай” зарлиг гар-гасан билээ. Үүний дараахан Оюу толгой компанийн удирдлагад Ерөнхийлөгчийн Тамгын газраас гэж хаяглагдсан албан бичиг ирсэн байна. Үүнд нь Ерөнхийлөгчийн хуримтлалын бүлгийг дэмжин дэлгэрүүлэх тухай зарлигийг дурдаад нэгэн ТББ-д энэ чиглэлээр 300 гаруй сая төгрөг гарган өгөхийг хүссэн бичгийг явуулсан байж. Уг нь Ерөнхийлөгчийн тамга, гарын үсэгтэй албан бичиг ямар нэгэн хувийн компани руу битгий хэл албан газарт очдоггүй гэдэг. Гэтэл нэгэн хувийн компанид мөнгө гаргаж дэмжихийг хүссэн Ерөнхийлөгчийн албан хүсэлт ийн иржээ. Энэхүү албан хүсэлтийг А.Тлейхан гишүүний овжин туслах үйлдэж, хялбархан аргаар мөнгө олохоор сэдсэн бололтой. Энэ нь ил болж шалгагдсан байна. Ш.Айдос гэж чухам хэн байсан тухай өмнө нь манай сонин мэдээлж байсан. Түүнийг МУИС-ийн хуулийн анги төгссөн гэдгийг зарим эх сурвалж хэлж байсан юм. Үнэндээ тэрээр Их засаг их сургуульд суралцаж байгаад Хилийн цэргийн дээд сургууль руу шилжин төгссөн гэдгийг ойрын эх сурвалж нь баталж байна. Дунд сургуульд байхын нийгмийн идэвхтэй байсан тэрээр Казах оюутнуудын холбооны тэргүүнээр ажиллаж явсан гэдэг. Хуулийн мэргэжил эзэмшсэн гэдэг утгаараа тэрээр Үндсэн хуулийг казах хэл рүү хөрвүүлж байсан аж. Тиймдээ ч нутаг орондоо нэлээд нэр хүндтэй учир тэд түүнийг залилангийн хэрэг хийхээр хүн биш хэмээн өмөөрдөг юм билээ. Тэгээд ч нэртэй зүстэй хүний хүүхэд хэмээн өлгийчүүд ам сайтай байдаг гэнэ. Ш.Айдосын аав Баян-Өлгий аймгийн нэртэй зохиолч соёлын гавьяат зүтгэлтэн Н.Шинай гэдгийг бид өмнөх мэдээлэлдээ дурдаж байсныг санаж байгаа биз ээ.
Ш.АЙДОС НАМЗХ-НЫ ГИШҮҮН БИШ ГЭЛЭЭ…
Ш.Айдос оюутан байхаасаа л янз бүрийн сонгуульт ажил хийж байж. Казах оюутнуудын холбооны тэргүүнээр ажиллаж явсан зайтай нэгэн гэдэг. Төрийн ордонд УИХ-ын гишүүний туслах болмогцоо Туслахуудын холбооны даргад нэр Дэвшин өрсөлдөж явжээ. Харин түүнийг МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны гишүүн байсан гэх мэдээлэл ч ирсэн юм. Энэ талаар лавлахаар НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэтэй холбогдоход “Тийм хүн байхгүй. Энэ талаар ерөнхий нарийн бичгийн дарга Н.Алтансүхээс илүү тодруулж болно” гэсэн зөвлөгөөг өгөв.
Түүний хэлснээр холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Алтансүхтэй холбогдлоо.
-Танай холбоонд Ш.Айдос хэмээх гишүүн байдаг уу?
-Тийм хүн байдаггүй. Албан ёсоор бүртгүүлж, үнэмлэх авсан зүйл байхгүй.
-Та таньдаг юм уу?
-Танихгүй ээ. Насаар бага хүүхэд. Энүүгээр явж л байдаг юм гэсэн хариулт өгөөд утсаа таслав.
Түүний хэлсэн “Энүүгээр явж л байдаг” гэсэн үг анхаарал татсан юм. Түүний хэлснээр Ш.Айдос албан ёсоор гишүүнээр элсээгүй ч НАМЗХ-ны байраар явж, үйл ажиллагаанд нь оролцдог болж таарах нь.
Өнгөрөгч онд НАМЗХ-ны гишүүн А.Эрдэнэбат найзтайгаа хамтарч байгуулсан компанийнхаа хувьцааг нууцаар өөрийн болгосон хэрэг гарч хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд шуугиан дэгдээж байсан.
Гэтэл холбооных нь “дүү” ийнхүү ээлжит хэргийг тарьж, олны анхаарлыг татаж байгаа нь НАМЗХ-г бас нэгэн эвгүй байдалд оруулав бололтой.
Я.МӨНГӨН Т.ГЭРЭЛ. Л.ТӨР
URL: