Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

406

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ”Хууль тогтоомжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан багц хуулийн төслийн онцлогийг харгалзан, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэсэн бол

Сангийн яамнаас ”Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр татварын багц хуульд хориг тавихдаа Улсын Их Хурлаас огт батлаагүй Хүн амын орлогын албан татварын тухай гэх хуульд хориг тавьжээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан” гэсэн юм.

Харин үүний хариуд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ”Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад хориг тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Хуульд хориг тавих тухай” Е/27 дугаар албан бичигт Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн нэрийг 2 удаа Хүн амын орлогын албан татварын тухай хууль гэж андуурч бичсэн техникийн алдаа гарсан байх тул хоригийн төгсгөл хэсэгт байгаа “Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.8, 5.10 дахь хэсгийн” гэж, “Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэснийг “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон эдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна” гэж тус тус залруулж байгааг Улсын Их Хурлын гишүүдэд уламжилж өгөхийг хүсье” гэжээ.

МАН-ын бүлэг өнгөрсөн даваа гаригт хуралдаж, Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан  хоригийг хүлээн авах боломжгүй гэдгээ хэлсэн билээ.

Харин өнөөдөр чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх гэж байна.

Б.Аз


URL:

Сэтгэгдэл бичих