Хотын захирагч “Явуулын ажлын байр” ажиллуулж эхлэв
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах, тэдний ажил, амьдралд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх “Явуулын ажлын байр”-ыг дүүргүүдэд өнөөдрөөс ажиллуулж эхэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хотын даргын “Явуулын ажлын байр” болон иргэдийн санал гомдлыг хүлээж авах тусгай дугаар ажиллуулна гэдгээ хэлсэн.
Тэрбээр Хан-Уул дүүргийн “Явуулын ажлын байр”-т өнөөдөр өглөө ажиллаж, тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн багш, сурагчдын хамт “Номын баяр 2019”-т оролцохоор Сүхбаатарын талбайд ирлээ. “Явуулын ажлын байр” болон “Улаанбаатар сити тур” аяллын автобусаар номын баярт оролцохоор ирэх замдаа хүүхэд багачууд хотын Захирагчтай илэн далангүй яриа өрнүүлж, хүсэл мөрөөдөл, санал бодлоо хуваалцсан юм. Энэ үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан хүүхэд багачуудын дунд Улаанбаатар хотын түүх, соёлын талаар танин мэдэхүйн асуулт асууж, амжилттай хариулсан хүүхэд бүрт “Бумбардай”, “Явуубаатар” зэрэг ном бэлэглэв.
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Номын баярын өдөрлөгтэй холбоотойгоор Засаг даргын “Явуулын ажлын байр-аа өнөөдөр нээж, алсалсан сургуулийн сурагчдын санал бодлыг сонсож, ном уншихын ач холбогдлын талаар тэдэнтэй ярилцлаа. Бидний ирээдүй хойч ямар их хүсэл тэмүүлэлтэй, өмнөө тавьсан том зорилготой байгааг хараад эрхгүй бахархаж байна. Цаашид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид энэхүү явуулын ажлын байранд иргэд, олон нийттэй уулзаж, асуудлыг аль болох газар дээр нь шийдвэрлэх юм” хэмээв.
Хотын дарга Хан-Уул дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуультай танилцаж, сурагчидтай уулзлаа. Хотын Захирагчийг тус сургуулийн удирдлагууд болон багш, сурагчид угтан авч, захирал Ө.Болормаа сургуулийн орчин нөхцөлийн талаар танилцуулав. Тус сургуулийн шинээр барьж буй 640 хүүхдийн өргөтгөлийн байрыг ашиглалтад ороход тулгамдаад буй зарим нэг асуудалд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллана. Ингэснээр алсалсан нэг сургуулийн сурагчид гурван ээлжээр хичээллэдэг хүндрэлтэй нөхцөл байдлаасаа гарах боломжтой болж байгаа юм.
URL: