Канад Филиппинээс хог хаягдлаа авна

5ce644429223cКанадын хог хаягдлыг Филиппинээс энэ зундаа багтаан зөөх тээврийн компанийг хөлслөсөн байна. Энэ тухай телевизийн “CBC” суваг Канадын Байгаль орчин болон уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан сайд Кэтрин Маккеннугийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Түүний мэдээлснээр, бүх хог хаягдлыг зургадугаар сард багтаан Канадад авчрах бөгөөд зун дуусахаас өмнө зохих шалгалтыг хийсний дараа дахин боловсруулна. Тээврийн болон дахин боловсруулах бүх зардлыг Канадын Засгийн газар хариуцах аж.

“Эх орныг нь хогийн сав болгон хувиргасан” Канад улсад “дайн зарлана” гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте дөрөвдүгээр сард мэдэгджээ. Олон тонн хог хаягдлыг Канадын хувийн компаниуд Филиппин руу хууль бусаар хил дамжуулан тээвэрлэж байна гэж хэвлэлүүд урьд нь мэдээлж байв.

Хог хаягдал бүхий 69 чингэлгийг Канад руу буцааж илгээх хөлөг онгоцуудыг хөлслөхийг Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте үүрэг болгосон байна. Хэрэв Канад улс чингэлгүүдийг хүлээж авахаас татгалзвал ачааг тус улсын усан нутаг дэвсгэрт үлдээх хэрэгтэй гэж тэрбээр мэдэгджээ.

2013-2014 онд хууль бусаар хил дамжуулан тээвэрлэсэн хог хаягдлууд нь хүрээлэн буй орчинд болон хүний эрүүл мэндэд хохирол учруулж байгаа учир Канад руу буцаах ёстой гэдэг шийдвэрийг Филиппиний шүүх 2016 онд гаргасан байна. Тухайн үед Канадын эрх баригчид хог хаягдал ачсан чингэлгүүд нь Засгийн газарт хамаагүй арилжааны үйлчилгээний асуудал гэж мэдэгдэж байсан боловч дараа нь буцаан авахыг зөвшөөрчээ. Филиппиний эрх баригчид эцсийн хугацааг тавдугаар сарын 15-наар тогтоосон бөгөөд хугацаа өнгөрсний дараа Элчин сайдаа болон Ерөнхий консулуудаа Канадаас эргүүлэн татжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих