“Найрамдал” зуслангийн газрыг улстөрчид авсан уу

olloo_mn_1530613247_nrmdl_bЕрөнхий сайд У.Хүрэлсүх олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас булааж авсан олигархиудтай тэмцэхээ мэдэгдсэн билээ. Тэрбээр “Найрамдал” зуслангийн эзэмшлийн өмчийн газрыг хууль бусаар өмчилснийг судлан тогтоож, буцаан олгох, хууль бус шийдвэрийг судлах ажлыг зохион байгуулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг БОАЖЯ болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон.

“Найрамдал” зуслан анх 5220 га газартай байсан. Одоо 1200 га газар л “Найрамдал”-д үлдсэн байна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн юм. Тэгвэл хүүхдийн зуслангийн газраас хэн хумслав? БОАЖ-ын сайдаас эхлээд УИХ-ын гишүүд газар авсан асуудалд нэр холбогдож эхэллээ. Харин тэд энэ мэдээллийг үгүйсгэж байна.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: Н.Цэрэнбат гэсэн байна лээ. Намсрайн Цэрэнбат мөн үү, биш үү гэдгийг мэдэхгүй. Би 2016 оноос хойш ХОМ бөглөж байгаа. Газар эзэмшдэг бол тэнд бичих ёстой. Худал учраас шүүхэд өгнө дөө. Би Жигжидэд жижигхэн газартай. Миний хамааралтай хүн ч Найрамдалд газаргүй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Намайг энд тэнд олон сайхан хаус, байшинтай болгодог. Би бэлгэ дэмбэрэл, амны билгээрээ зүгээр гэж боддог. Надад Найрамдалд газар байхгүй. Манайх Баянбулагт хүүхдүүдтэйгээ 0.07 га газартай. 13 мянган Бат-Эрдэнийн нэг юм байлгүй.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Найрамдалд газар авч байсан түүх надад байхгүй. ХНХ-ын сайдаар дөрвөн жил ажиллахдаа газартай холбоотой эрхзүйн зохицуулалт хийж байсан тохиолдол нэг ч  байхгүй.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Найрамдалд Ж.Батзандан, Л.Болд хоёр газар авсан гэх хуурамч мэдээ гарсан байна. Ж.Батзандан, Л.Болдын нэр дээр Найрамдал зусланд газар байгаа бол сэтгүүлч, иргэд та бүхэнд үнэ төлбөргүй өгье. Гэрчилгээг нь олоод ирээ. АН-ын дарга С.Эрдэнэ гэдэг хүн Найрамдлын газрыг өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тарааж өгсөн гэдэг мэдээлэл бидэнд байгаа. Хулгай нь баригдаад ирэхээр хуурамч нэр тавьсан мэдээлэл тарааж байна.

Ерөнхий газрын зүгээс газар эзэмшигчдийг тогтоож, шийдвэрийг буцаах үүргийг өгсөн. Харин шийдвэрийг цуцалж, газрыг буцаах боломж эргэлзээтэйг БОАЖ-ын сайд хэлж байна. Тэрбээр “БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагын шийдвэр шүүх дээр очоод цуцлагддаг. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой” гэсэн тайлбарыг өглөө.


URL:

Сэтгэгдэл бичих