Л.Пүрэвдоржийн асуудлыг түргэвчлэхийг шаардлаа
Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг огцруулах асуудлыг түргэвчлэхээр АН-ын бүлэг шийдвэрлэлээ. Улс төрийн тогтворгүй байдалтай зэрэгцэн нийгэмд буй болсон шатахууны үнийн хөөрөгдөлд ам.долларыг буруутгаж, цаашлаад ажлын хариуцлага алдсан хэмээн төвбанкны ерөнхийлөгчийг суудлаас нь огцруулах үндэслэл болсон юм. Улмаар АН-ын бүлгийн 27 гишүүний гарын үсэгтэй хариуцлага тооцох асуудлыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан билээ. Эл асуудлыг энэ долоон хоногт багтаж, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг АН-ын бүлэг дахин санууллаа.
Тус бүлэг нэгдүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанаараа үнийн өсөлттэй холбоотой асуудлыг хэлэлцээд “Нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд төв банк валютын ханшийн өсөлтийг хазаарлаж тогтвортой барих талд тодорхой арга хэмжээ авч чадаагүй гэж үзэн, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, мөн ажлын хариуцлага алдаж, газрын тосны бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийж чадаагүй гэсэн үндэслэлээр Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах нарт хариуцлага тооцох шийдвэрт хүрсэн.
Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа дээрх нэр бүхий хүмүүсээс агентлагийн хоёр даргыг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Харин төвбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн асуудлыг хэлэлцээгүй юм. Иймээс АН-ын бүлэг асуудлыг шуурхай авч хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн нефть импортлогч компаниуд валютын ханшийн өсөлтөөр далимдуулан бүтээгдэхүүнийхээ үнийг хэт өндөр үнээр борлуулсан тул цаашид ийм байдлыг дахин давтуулахгүйн тулд монополь компаниудын зах зээлийг задлах шийдвэрт хүрчээ. Тэр дундаа шатахууны бөөний худалдааг монополь цөөн аж ахуйн нэгжид нийлүүлж байгаагийн учир шалтгаан, томоохон уул уурхайн төсөл хөтөлбөрүүдэд цөөн тооны компани давамгай байдалтайгаар ханган нийлүүлж байгааг тогтоох ажлын хэсэг байгуулсан байна.
Энэ сарын 9-ний бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт өнөөдөр гарах гэнэ. Ажлын хэсэг хоёр долоон хоног ажилласан бөгөөд өнөөдөр болох хэлэлцүүлгийн дараа үр дүнгээ тайлагнах аж. Тэр үед Засгийн газарт энэ талаар тодорхой асуудлыг тавихаа мэдэгдлээ.
Түүнчлэн зах зээл дэх өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа махны үнийг буулгах зорилгоор гаргасан нөөцийн мах, шатахуунд ажлын хэсэг гарган “шалгалт” хийхээр болсон байна. Учир нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хотын захирагчийн ажлын алба хамтран улаанбаатарчуудын хүнсний хэрэглээнд зориулж жил тутамд мах нөөцөлдөг. Энэ жилийн хувьд 12 мянган тонн мах нөөцөлсөн гэж холбогдох албаныхан мэдэгдээд буй.
Гэвч төсвөөс баталсан үнийн дагуу мах бүрэн нөөцлөгдөж дуусаагүй байгаа талаар зарим гишүүн ярих болсон гэнэ. Мөн одоогийн нөөцөлсөн гээд байгаа 12 мянган тонн мах хүрэлцэхгүй гэх шүүмжлэлийг үндэслэн дээрх мэдээллийг нягтлах ажлын хэсэг байгуулжээ.
Төрийн ордныг хоёр өдөр гороолсон жагсагчдаас тус намын бүлэгт дөрвөн шаардлага ирүүлсэн гэнэ. Үүний хоёр нь үнийн хөөрөгдлийг тогтворжуулах байсан бол үлдсэн нь шатахууны хөөрөгдлийг бууруулах тухай байжээ. АН дээрх шаардлагын хариуг өчигдөр мэдээлэл хийх үеэрээ өгсөн юм. Тус нам валютын ханшийг тогтвортой барьж чадаагүй төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох, хоёрдугаарт, монополь нефтийн компаниудын импортыг задлах тал дээр бүлэг тодорхой судалгаа хийж буйгаа тухай хариу өглөө.
Л.Нинж
Эх сурвалж: “Нийгмийн толь” сонин
URL: