Б.Мөнх-Очир: “Улаан сарнай” хамтлаг спорт бүжгийн эхлэлийг Монголд анх тавьсан

303

“Улаан сарнай” бүжгийн студийн үүсгэн байгуулагч, “Улаан сарнай” бүжгийн хамтлагийн багш, дасгалжуулагч Б.Мөнх-Очиртой ярилцлаа.


-Хамтлаг анх хэзээ байгуулагдаж байв?

-Улаан сарнай хамтлаг 1986 онд байгуулагдсан. 33 жилийн түүхтэй. Анх “Цагаан сарнай” нэртэйгээр Санхүү эдийн засгийн техникумын сургууль гэж байхад байгуулагдаж байсан. Түүнээс нэг жилийн дараа “Улаан сарнай” болон нэрээ өөрчилсөн байдаг.

-Яагаад нэрээ солих болсон юм бол?

-Тухайн үедээ монголчуудад цагаан сарнай нь арай сонсоход эвгүй байсан байх. Тэгээд улаан сарнай нь илүү гоё сонсогдож байна гэсэн утгаар нь ард түмэндээ ойртуулж нэрийг нь сольсон байх. Хүнд цэцэг бэлэглэсэн ч улаан сарнай нь илүү дотно санагдана шүү дээ.

-Анх хамтлаг байгуулагдахад бүжиглэж байсан ахмад бүжигчид одоо бүжиглэдэг үү?

-Бид бол мэргэжлийн бүжгийн хамтлаг биш. Санхүү эдийн засгийн сургуулийн оюутнуудын дунд чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх зорилгоор сургуульдаа зохиож байсан урлаг соёлын арга хэмжээнээс түрүүлсэн оюутнууд сонирхлоороо нэгдэн байгуулж байсан. Хамтлагийг удирдаж байсан Төмөрхүү багштайгаа нийлэн “Улаан сарнай” хамтлагийг байгуулсан түүхтэй. Тухайн үед анх бүжиглэж байсан гишүүд одоо зарим нь бүжиглэдэг, зарим нь дараагийн үедээ боломж олгон өөрсдийн амьдралыг хөөгөөд явсан байна. Гэхдээ өөрсдийн чөлөөт цаг, бүжиглэхийг хүссэн үедээ ирээд бүжиглэдэг. Сургуульд сурч байх хугацаандаа бүжиглэхийг хүссэн оюутнууд хичээлийн хажуугаар сонирхлын журмаар бүжиглэдэг. Сургуулиа төгсөөд ажил мэргэжлээрээ цаашид явах нь их л дээ. Зарим бүжиглэх сонирхолтой, бүжгээ хаяхгүй гэсэн хүмүүс нь ажил амьдралаа зохицуулаад бүжиглээд явж байгаа.

-33 жилийн хугацаанд “Улаан сарнай” хамтлагийг хэдэн оюутан дамжиж гарав?

-Бид 25 жилээрээ тооллого хийж байсан юм. Тэр үед 800-гаад хүн манай хамтлагтай холбогдсон байна гэсэн судалгаа гарч байсан.

-Одоо “Улаан сарнай” студи болоод мэргэжлийн түвшнийх болсон уу?

-Монголын бүжгийн спортын холбоо гэж бий. Түүнд харьяалагдаж, бүжгийн спорт төрлөөр хичээллээд, сургалтаа явуулаад, тэмцээн уралдаанд оролцоод явж байгаа. СУИС-ийн бүжгийн багш Алтанцэцэг “Улаан сарнай” хамтлагийг хагас мэргэжлийн гэж дүгнэсэн. Тэгэхээр манай хамтлаг яг бүтэн мэргэжлийнх гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл урлагийн сургалттай биш учраас. Хагас мэргэжлээрээ бол бид маш сайн. 2009 оноос хойш цэнгээнт бүжгийн хамтлагаас бүжгийн спортын хамтлаг болсон байдаг.

-“Улаан сарнай” студи хэзээ байгуулагдаж байв?

-2018 оны наймдугаар сараас студиэ нээгээд явж байна. Насны ангиллаар сургалт явуулдаг. Цэцэрлэгийн насны ангилал, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн насны анги, насанд хүрэгчид, ахмад гэсэн ангиллаар хичээллэдэг. Одоогоор нээгдээд удаагүй учир тэр болгон хүмүүс мэдэхгүй байна л даа. Хүүхдийн ангид арав гаруй сурагч, насанд хүрэгч болон ахмадын ангид хорь гаруй элсэгчтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрээс нь манай хамтлагийн гишүүд өөрсдөө оройн цагаар энэдээ бэлтгэлээ хийдэг. Хамтлаг найман хосын бүрэлдэхүүнтэй.

-Бүжгийн спортыг хүмүүс хэр сонирхох уу, Монголд хэр хөгжиж байгаа вэ?

-Бүжгийн спорт Монголд ер нь хөгжиж байгаа. Бүжгийн спортын холбоо Монголд анх 2001 онд байгуулагдаж байсан. Би холбооны нэрэмжит анхны тэмцээнд орж аварга болж байлаа. Хоёр жилийн дараа хорин жилийн ойгоо хийх гэж байна. Энэ хугацаанд асар олон хүн бүжгийн спорт гэдэг төрлөөр хичээллэж эхэлсэн. “Улаан сарнай” анх ганцаараа бүжгийн спортын хамтлаг байсан бол одоо Moon dance, Star dance, Хатан туул зэрэг олон бүжгийн хамтлаг бидний араас төрөн гарсан байна.

-“Улаан сарнай” хамтлагийн амжилтын түүх арвин байх даа?

-Жил бүр бүжгийн спортын дэлхийн аварга болдог. Дэлхийн аваргын тэмцээнд манай хамтлаг 2011 оноос хойш оролцож байгаа. Хамгийн анх явахдаа маш амжилттай оролцож хагас финальд үлдэж, 19 хамтлагаас аравт орж байлаа. Түүнээс хойш тогтмол амжилтаа бататгаад явж байгаа. Дэлхийн аваргад явахад зардал мөнгөө хамтлагийн гишүүд байнгаа өөрсдөөсөө гаргаж явдаг. Тиймээс жил болгон явахад санхүүгийн байдал хэцүү.

-Бүжгийн спортын техник, шүүлт ямар зарчмаар явдаг вэ?

-Ер нь бол дэлхийн бүжгийн спортын холбооноос заасан стандарттай. Энэ тодорхой баллаас бууж хөлийн тавилт нь 90 градус ч гэдэг юмуу бүх зүйлийг стандарттай заачихсан. Зүйрлэж хэлбэл мөсөн дээр гарвал уран гулгалт гэсэн үг. Бүжгийн спорт маань олимпийн төрөлд орохоор судлагдаж байгаа. Арваад жилийн өмнөөс судалгааны ажил эхэлсэн гэж ярьж байсан. Тэгэхээр бүжгийн спортыг спорт мөн гэдгийг сайн тодотгож өгсөн.

-Бүжгийн спортыг сонирхоод хичээллэе гэсэн хүмүүст тавигдах шаардлага гэж бий юу?

-Шаардлага гэвэл тухайн хүн өөрөө сонсгол сайтай, өөрийн хичээл зүтгэлтэй байхад л болно. Нэг талаар энэ бол спорт. Нөгөө талаар бүжгийн урлаг. Тэгэхээр шалгаруулж авахын тулд уян хатан байдал, сонсгол чухал. Хичээллэж эхлээд хүмүүс заримдаа шантарна шүү дээ. Тэгэхээр хичээл, зүтгэл хэрэгтэй.

-Бүжгийн спортоор хичээллэж эхлэхэд тохиромжтой нас нь хэд вэ?

-Хүн бүр өөр зүйл хэлэх байх л даа. Минийхээр бол хамгийн тохиромжтой нас нь дунд ангийн хүүхдүүд. Яагаад гэвэл хүлээж авах чадвар нь тэр насанд маш сайн байдаг. Түүнээс жаахан бол хүлээж авах чадвар нь багасдаг. Тиймээс багшийн заасан зүйлийг тэр бүр ойлгохгүй үе гардаг. Харин дунд насны хүүхдүүд хүний яриаг ойлгодог, хүлээж авдаг, тогтоодог.

-Бүжгийн спорт хүнд ямар нөлөөтэй вэ?

-Бүжгийн спорт нь хүний бие болоод сэтгэлд маш сайн нөлөөтэй гэдгийг шинжлэх ухаан ч нотолчихсон. Жишээ нь, настай хүмүүс дээр аваад үзэхэд бүжиглэснээрээ эрүүлжинэ, ой тогтоолт сайжирна. Нас ахих тусам хүний тогтоох чадвар буурдаг бол бүжиглэснээрээ нас нь уртасна, ой тогтоолт сэргэнэ. Буруу сууснаас улбаалан хүний нуруу бөгтийдөг. Өдөрт 5-10 минут, хамгийн ихдээ 30 минут нуруугаа бариад бүжиглэхэд хүний нурууны бөгтөр засагддаг гэх жишээний олон сайн үр дүнг үзүүлнэ.

-“Улаан сарнай” бүжгийн студийн онцлог давуу тал юу вэ?

-Манайх гэртээ хүүхдээ хардаг ээж, эмээ нарт зориулан хүүхэд саатуулах өрөөтэй. Тэгэхээр хүүхдээ хардаг ээж, эмээ нар маань манайд ирээд хүүхдэдээ санаа зовох зүйлгүй хичээллэж болно. Мөн бид хурим найранд зориулан хосуудад бүжгийн сургалт хийдэг. Хуримаа хийж байгаа хосууд эхнэртээ юмуу, нөхөртөө гэнэтийн бэлэг болгон бүжиг бүжиглэх тохиолдол бий.

-Бүжгийн спортоор хичээллэсний ач холбогдол юу вэ?

-Биеийн жигд хөгжил, цаг барих, хаана ч очсон биеэ зөв боловсон авч явах, багаар ажиллах чадвар суух гээд олон ач холбогдолтой.


URL:

Сэтгэгдэл бичих