Тавин хувиа хийсэн бөх байсангүй
Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё буюу тавдугаар сарын тэмцээн тун сонирхолтой өрнөх янзтай болчихлоо. Тэмцээн эхлэх үеийн яриагаар бол Хакүхо аварга бэртлийн улмаас барилдсангүй башёг өнжих болсон учир түрүү бөх аварга Какирюү болон гурван озеки нарын хооронд л болох болов уу гэсэн таамаг байлаа. Гэтэл тэр таамгаас ганцхан аварга л сайн байгаа нь харагдсан. Харин озеки Такиясү, Гоэйдо нар тэмцээний эхний таван өдрийн дараа гурав, гурав уначихав. Шинэхэн озеки Такикейшёо нэг унасны дараа бэртлийн улмаас тэмцээнийг орхисон. Гэхдээ тэр гурван өдрийн дараа буюу тэмцээний найм дахь өдөр эргэн ирж барилдсан ч Абаямад татуулаад тун амархан унав. Уг нь озеки цолоо хамгаалахын төлөө эргэн барилдсан шиг байгаа юм. Үлдсэн долоон өдрийн зургаад нь давж байж тэр зорилгодоо хүрнэ гэдэг бэртэлтэй хүнд хэцүү л байх.
Тэмцээний найм дахь өдөр санамсаргүй гэхээр барилдаан нэг биш болов. Эхний өдрүүдэд унаагүйгээр долоон даваатай явсан аварга Какирюү, секиваке Точиношин хоёр учраагаа дийлсэнгүй. Тэгснээр тавин хувиа хийсэн бөхгүй боллоо. Какирюү Тамавашигийн түлхэлтийг даагаагүй бол Точиношин Эндод шийдсэн зайлалтад нь сөхөрчихөв. Тэгснээр Тамаваши, Асанояма нар тэдэнтэй адил долоон даваатай болж тэмцээний тэргүүн эгнээнд бичигдлээ.
Бас нэг завшаан гэвэл зургаан даваатай яваа Рюдэн, Энхо нар тэргүүлэгчдийн хоёр дахь эгнээнд орж ирлээ. Найм дахь өдөр өмнөх башёд 14 давж секиваке цолоо буцаан авсан Ичиножёо барууны долоогоос босч барилдсан бразил сүмоч Кайсей нар гэмтлийн улмаас дэвжээг орхилоо.
Энэ тэмцээнд дээд зиндаанд хамгийн залуу бөх Энхо гэгч жижиг биетэй хүн сүмод барилдаж болохыг үнэхээр харуулж байна. Найм дахь өдөр өөрөөсөө хоёр дахин илүү жинтэй Чёомарүг сандаргаж байгаад хөлийг нь авч дэвжээнээс гаргалаа. Тэр хоёрын барилдаж байгааг харахад том хүн, хүүхэд хоёр шиг л байв даа. Энэ башё Японы Рэйва эрин буюу шинэ тооллын анхны тэмцээн гэхийн учир сүмочид хэн нь ч гэсэн түрүүлэхийн төлөө л байгаа. Тиймээс хүчтэй нь юм уу азтай нь түрүүлэх байх. Өнөөгийн өнгөөр бол азтай нь түрүүлж ч мэдэхээр байна. Магадгүй одоо таван даваатай яваа бөхчүүдээс ч гарч ирэхийг хэн байг гэхэв. Ямартай ч найм дахь өдрийн дүнгээр тавин хувиа хангасан бөх байсангүй ээ.
URL: