“Шар тэмдэглэгээтэй уулзваруудад дүрэм зөрчвөл гэрийн хаягаар нь торгуулийн төлбөр хүргэгдэнэ”

228

Уулзваруудын ачааллыг бууруулах зорилгоор хотын төвийн дөрвөн уулзарт шар тэмдэглэгээ хийснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Тус тэмдэглэгээ хөдөлгөөний аюулгүй байдал, түгжрэлийг багасгахад ихээхэн ач холбогдолтой гэдгийг тухайн үед тодотгож байсан ч уулзваруудыг камержуулах ажил бүрэн шийдэгдээгүй байсан учир дүрэм зөрчсөн жолооч нарт торгуулийн арга хэмжээ авагддаггүй байсан юм.

Тэгвэл, дээрх уулзаруудын камержуулалтын ажил хийгдэж, шар тэмдэглэгээний дүрэм зөрчсөн жолоочийг хяналтын камераар хянах бүрэн боломжтой болжээ.

Үүнтэй холбогдуулан бид, Энэ тэмдэглэгээ нь ямар ач холбогдолтой, жолооч нар юуг анхаарах ёстой талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Шар тэмдэглэгээ хийгдээд багагүй хугацаа өнгөрлөө. Өчигдрөөс эхлээд камерын бичлэгээр торгодог боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн дүрэм хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Дүрэм хэрэгжиж эхлэхээс өмнөх үеэс эхлээд иргэдэд дүрмийн талаар болон шар тэмдэглэгээний талаар мэдээлэл сурталчилгааг хүргэсэн. Өөрөөр хэлбэл, жолооч нар дүрмээ мэдэхгүй биш мэдэж байгаа хэрнээ зөрчөөд байгаа нь тодорхой цаг хугацаа шаардаад, дадал хэвшил дутагдаад байгаа болов уу гэж үзээд тодорхой хугацаанд торгохгүйгээр тайлбарлаад сануулах, арга хэмжээ авч байсан. Тэр ч утгаараа энэ хугацаанд чамлахааргүй өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Одоо жолооч  нар шар тэмдэглэгээ гэж юу юм бэ, ямар тохиолдолд торгох гэдгээ мэддэг болсон. Тиймээс энэ сарын 20-ны даваа гарагаас эхлээд шууд торгуулийн арга хэмжээ авч байгаа.   Өнөөдрийн байдлаар Цэцэг төвийн уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Цаг уурын уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзварт шар тэмдэглэгээг хийж бүрэн камержуулсан учраас дүрэм зөрчсөн жолооч нарт гэрийн хаягаар нь торгуулийн төлбөр хүргэгдэнэ.

-Зөвшөөрөгдөх гэрлэн дохио ассан байсан ч гэсэн торгох уу?

-Шар тэмдэглэгээтэй уулзвар дээр жолооч тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний хурдыг тааруулж, гэнэтийн эрсдэл үүсэхэд тээврийн хэрэгслийг асуудалгүй зогсоох, унтраах хэмжээний хурдтай явах ёстой. Хэрвээ хурдтай явж байгаад улаан гэрэл асаж, гэнэт тормослоод шар тэмдэглээ дээр зогсвол Замын хөдөлгөөний шинэ дүрэмд заасны дагуу торгуулна. Мөн тухайн чиглэлийн зам түгжрээтэй байвал ногоон гэрэл ассан ч түгжрээ арилтал жолооч машинаа зогсоож, дараагийн зөршөөрсөн гэрлээр хөдлөх юм байна. Хэрвээ түгжрээтэй байхад ногоон гэрлээр гараад шар тэмдэглэгээн дээр түгжирч зогсвол бас л торгуултай. Тэгэхээр жолооч та зөвшөөрөгдсөн гэрлээр замын хөдөлгөөнд оролцохдоо хамгийн нэгдүгээрт, түгжрэл үүссэн эсэхийг харах хэрэгтэй. Түгжрэл үүссэн бол шар тэмдэглэгээнээс гарах боломжтой хугацаа хүртэл хүлээхийг мартаж болохгүй гэсэн үг.

-Шар тэмдэглэгээ рүү орж зогссон зөрчил хэр их бүртгэгдэж байгаа вэ?

-Нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болчихсон байгаа. Баяр ёслолын үе болон өглөө оройд ажил цуглах, тарах үеэр үүссэн замын ачаалалтай холбоотойгоор зөрчил бүртгэгдэж байгаа. Одоо  бол энэ зөрчлүүдийг камерын тусламжтайгаар илрүүлж гэрийн хаягаар нь торгуулийн хуудас илгээж байгаа. Мөн цагдаагийн албан хаагчид газар дээр нь арга хэмжээ авах гэх мэтээр хариуцлага тооцож байгаа.

-Шар тэмдэглэгээ рүү орж зогссон тохиолдолд хэдэн төгрөгөөр торгох вэ?

-Хэрэв шар тэмдэглэгээ рүү орж зогсвол хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгох юм.

-Хамгийн их ачаалалтай дөрвөн уулзваруудыг сонгож шар тэмдэглэгээ хийсэн гэсэн. Тэгэхээр энэ тэмдэглэгээг хийснээр дээрх уулзваруудын ачаалал хэр багассан бэ?

-Түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил, уулзвар дээр гардаг осол хэргийн тоо мэдэгдэхүйц буурсан гэж хэлж болно. Гэхдээ яг хангалттай  хэмжээнд хүрч чадсан уу гэвэл бас үгүй.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих