Улс орнуудад авлигачдыг хэрхэн шийтгэдэг вэ
Дорнын орнууд авлигачдыг үзэж чаддаггүй. Улсын хөрөнгөнөөс хулгай хийсэн авлигачдыг тамлаж, тэр бүү хэл шууд л буудна. Нутгийн эртний уламжлалаас хамаарч улс орон бүр авлигачидтай өөр өөрийн аргаар тэмцдэг. Ерөнхийдөө л ард түмний эрх ашгаас урваж бохирдсон гарыг хатуу цээрлүүлдэг. Улс орнууд авлигачдыг яаж цээрлүүлдэг вэ…
Иранд чулуугаар цохиж, ташуурдан, хурууг нь тайрдаг
Иранд исламын хувьсгал ялсан 1979 оноос эндхийн шүүх “Цулгай газраас баяжсан” хүмүүс, авлигачдын эсрэг тэмцэж эхэлсэн гэж болно. Шариатын хуулиар хурууг нь тайрах, чулуугаар цохих, ташуурдаж шийтгэдэг. Төрийн өмч хөрөнгөнөөс хулгай хийсэн өндөр албан тушаалтныг шийтгэсэн нь ч нэг биш удаа.
Хэдий хэмжээний мөнгө хулгайлж завшсан байна мөн тэр хэмжээгээр ташуурдах жишээтэй. 2016 онд гэхэд л Тегераны Ерөнхий прокурор Саид Мортазавиг 135 удаа ташуурдаж шийтгэсэн байна. Үүний 70 нь “төсвийн мөнгөнөөс хулгайлсаных нь” төлөө, 65 нь “төсвийн хөрөнгө хий дэмий үрэгдэж байхад үл хайхран албан хариуцлага алдсаных нь” төлөө байжээ. Саид Мортазави ч энэ шийтгэлийнхээ төлөө гомдоллоогүй гэнэ. Түүний өмгөөлөгч Мостаф Турк Хамедани “Бид харин ч үүнээс хатуу шийтгэл ногдуулах байх гэж бодож байсан” гэж мэдэгдэж байжээ. Зөвхөн 2015 онд Иранд 977 хүнийг цаазалсны ихэнх нь хөрш Афганистанаас хар тамхи оруулж ирсэн хэрэгтэй холбоотой хүмүүс байсан ч дүүжлүүлсэн хүмүүсийн 25 хувь нь хар тамхины наймаачдаас авлига, шагнал, бэлэг авсан цагдаа, хилчид, албан тушаалтан байжээ.
2018 онд Иранд авлигын том хэрэг мандсан. Төв банкны ажилтан байсан 16 хүн нийтдээ 3.5 сая ам.долларын авлига авсан нь илэрч дуулиан тарилаа. Тэд их хэмжээний зээл авах гэсэн хүсэлтэд зээлийн баталгаа гаргаж өгснийхөө хариуд ийм авлига авсан нь илэрсэн байна. Энэ хэрэгт байгалийн хийн худалдааны томоохон компанийн ажилтнууд бас оролцсон байж. Ингээд энэ хүмүүсийг тус бүр 74 удаа ташуурдан 10 жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Гэмээ ухамсарлаж, улсыг хохиролгүй болгосон бол гурван жилээр засан хүмүүжүүлэх ажил хийх ялаар шийтгэдэг гэнэ.
Авлигыг Иранд хулгайтай адил гэж үзэж исламын хатуу хуулиар шийтгэдэг. VII зууны үеэс хулгайчийн хурууг тайрдаг байсан уламжлалаа ч бас хадгалдаг. 2013 оноос Ираны Дотоод хэргийн яам хулгайн хэрэгтнийг шийтгэж хуруу тайрах тусгай аппарат хэрэглэдэг болсон. Энэ шийтгэлийг олон нийтийн өмнө хүлээлгэдэг байна.
Умард Солонгос, Вьетнам “зүгээр л” буудчихдаг
Өнгөрсөн цагийн болон өнөөгийн коммунист орнууд бол авлигачдыг шийтгэх гэж элдэв жүжиг тавиад байхгүй. Тэд зүгээр л буудчихаад хэзээ хойно хэвлэлээр шуугина. Заримдаа яасан нь мэдэгдэхгүй дэмий цуу яриа болоод өнгөрнө.
2014 онд Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрийн авга эгчийн нөхөр Чан Сон Тхэкийг амьдралын буруу хэв маяг, санхүүгийн луйвар, авлигад буруутган цаазалсан. Ким Чен Уныг засгийн эрхэнд гарсны дараа авлигын хэрэгтнүүдийг цаазлах явдал нэмэгдсэн гэж ажиглагчид хэлдэг. 2015 онд түүний тушаалаар Армийн оперативын газрын удирдагч генерал Пен Ин Соныг “Авлига авсан, тушаал биелүүлээгүй” хэмээн цаазалсан. Мөн дээд, дунд тушаалын 50 албан хаагчийг улсаас хулгай хийсэн, Өмнөд Солонгосын кино нууцаар үзсэнийх нь төлөө цаазалсан байна. Олон улсын олимпын хороонд сууж байсан өөрийн төлөөлөгч Чан Ун, Нийгмийг аюулаас хамгаалах яамны дэд сайд О Сан Хон нарыг мөн л авлигын хэргээр цаазалсан.
Коммунист дэглэмтэй Вьетнамд авлигачдыг мөн л буудан хороож шийтгэдэг. 2014 онд Төрийн Агробанкнаас 25 сая ам.доллар завшсаных нь төлөө өндөр албаны Квок Хао, Дан Юан Хай гэсэн хоёр нөхрийг цаазалсан. Вьетнамын хөрш Лаост бол авлига авсан албан тушаалтныг “хулгайлсан” мөнгөө эргүүлж өгтөл нь шоронд хорьдог байна.
Боливи жигшээх цээрлэл үзүүлдэг
Латин Америкийн орнууд бол дэлхийн жишгээр шоронд хорихоос биш хуучны хатуу цээрлэл байхгүй. Бразилийн Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва өнөөдөр авлига авсан хэргээр шоронд сууж түүний талынхан экс-Ерөнхийлөгчийг буруугүй энэ бол улс төрийн шалтгаанаар буруутгаж байна гэцгээж байгаа.
Боливын Какьявири хотын оршин суугчид авлигач хотын даргаа өөрсдөө шийтгэхээр шийдсэн байна. Тэд авлигад идэгдэж хууль бусаар баяжсан хотын дарга Бруно Альварест эмэгтэй хүний даашинз, ороолт гутал өмсгөн хотын гудамжаар явуулж олны шившиг болгосон байна.
Хятад авлигачдын эсрэг тэмцлээр тэргүүлж байгаа
БНХАУ-ын засгийн эрхэнд Си Зиньпин гарч ирснээр Хятадад авлигын эсрэг тэмцэл идэвхэжсэн. Түүний энэ тэмцэл эхэлсэн 2012 оноос хойш төрөл бүрийн түвшний 1.3 сая түшмэл, албан хаагчийг авлигын хэргээр шийтгэж хариуцлага тооцсон гэсэн мэдээлэл байна. Авлига авагч цагаан захтнуудыг Хятад гурав ангилан үздэг. Төрийн өндөр албан тушаалтнуудыг “бар” гэдэг бол мөнгөө гадаадад гаргаж нуудаг этгээдүүдийг “үнэг”, доод тушаалын, орон нутгийн жижиг түшмэлүүдийг “ялаа” гэж нэрлэдэг байна.
Гэхдээ Си Зиньпиний үед авлигачдад ногдуулах ял харьцангуй зөөлөрсөн гэж болно. 160 сая ам.долларын авлигатай холбогдсон Люйлян хотын дэд дарга байсан Жан Жуншэнийг бол цаазалсан. Ихэнх авлигачдыг шоронд илгээж 2016 онд 450 мянган ам.долараас дээш хохирол учруулсан бол цаазалж байх хууль баталсан байна. Си Зиньпинээс өмнө Хятадад авлигын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнуудад шоронгийн “Шуангуй” гэдэг тогтолцоо үйлчилж байсан гэдэг. Энэ нь авлигач түшмэл, албан тушаалтан хэн ч гэнэт алга болчихдог, сураггүй байж байснаа шүүхийн танхимд л гэнэт харагдаж, гэр бүлийнхэнтэйгээ уулздаг байсан гэнэ. Өнөөгийн эрх баригчид үүнийг арай зөөллөсөн ч авлигачдыг өршөөхгүй хэвээр.
Саудын Араб “тансаг маягаар” эрүүдэн шүүдэг
Арабын хаант улсын эрүүгийн систем Ираныхтай ойролцоо мөн л шариатын үндсэн дээр тулгуурласан байдаг. Гэхдээ Эр-Рияд олон нийтийн өмнө цаазалдаггүй. Энэ нь ч барууны орнуудад нефтиэ гаргадагтай нь холбоотой. 2017 онд засгийн эрхэнд гарсан үе залгамжилсан ханхүү Мухаммед ибн Салман Аль Сауд авлигын эсрэг нэлээд хүчтэй тэмцэж төрийн албан хаагч, бизнесмэн, аж ахуй эрхлэгч 500 гаруй хүнийг улсад хохирол учруулсан, авлига авсных нь төлөө шоронд илгээсэн. Хамгийн гол нь тэднийг улсаас хулгайлсан мөнгөө эргүүлж өгөн хохиролгүй болгохыг шаардсан.
Энэ олон авлигачаа Эр-Риядын “Ритц Карлтон” зочид буудалд хорьж, хувийн цэргийн компаниар мануулж улсыг хохиролгүй болгохыг хүсээгүй нөхдийг гар хөлөөс нь дүүжлэн зодож хашраажээ. Энэ ажиллагааны дүнд улс авлигачдаас нийт 800 тэрбум ам.доллараа буцаан авна гэж тооцоолж байсан ч 107 тэрбум ам.доллар л буцаан авчээ. Гэхдээ бага гэж чамлалтгүй, улсаас хулгай хийх явдал эрс багассан. Энэ оны хоёрдугаар сард гэхэд мөн 60 шахам авлигачийг тансаг зочид буудалд хорин “тамлаж” гэмийг нь хүлээлгэн улс мөнгөө эргүүлэн авчээ.
Орост 2018 онд авлигын хэргээр 8.5 мянган хүнийг шийтгэсэн
Өнгөрсөн 2018 онд нийт 8500 хүнийг авлигын хэргээр шийтгэсэн гэж ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэсэн байна. Авлигын хэргээр шийтгүүлэгсдийн дотор хууль хяналтын байгууллагын 837, төвийн болон орон нутгийн төрийн болон өөрөө удирдах ёсны байгууллагын албан тушаалтан 606, шат шатны депутат 63 байсан гэжээ. Энэ онд прокурорын байгууллага авлигатай холбоотой, хууль зөрчсөн 188 мянган зөрчлийг хянан шалгасан байна.
ОХУ-д 2014 оноос хойш гэхэд л орон нутгийн муж, бүгд найрамдах улс, хязгаарын зургаан амбан захирагч, орон нутгийн засгийн газар, амбан захирагчийн орлогч 21 хүнийг авлигын хэргээр шийтгэсэн байдаг.
Брянск мужийн амбан захирагч Николай Денинийг албан тушаалаа ашиглаж төрөл садныхаа хүний шувуун фабрикийг засварлахад зориулж хөрөнгө хуваарилсных нь төлөө 2015 онд дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн бол Сахалин мужийн амбан захирагч Александр Хорошавиныг Өмнөд-Сахалины Думын сонгуульд нэр дэвшигчээс авлига авсных нь төлөө 1.1 тэрбум рублийг улсад хураан авч өөрийг нь хорих ялаар шийтгэсэн.
Х.Өлзийбаяр
Livetv.mn
URL: