15 дугаар сургуулийн сурагчид гадуурхагдаж эхэлжээ
Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвартай болох нь оношлогдсон байгаа билээ.
Сүүлийн үед хүүхдүүдийн дунд сүрьеэгийн халдвар их байгаа учир тус сургуулийн бүх хүүхэд буюу 1700 хүүхдийг шинжилгээнд хамруулжээ. Нийслэлийн хэмжээнд сүрьеэгийн шинжилгээнд бүх хүүхдээ хамруулсан ганц сургууль нь энэ аж. Ингэхэд салбар яамнаас өгсөн мэдээллээр 30 хүүхэд сүрьеэгийн халдвартай, 500 хүүхэд булчингийн өөрчлөлттэй гэдэг оноштой гарсан байна.
Тиймээс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас эхлэн тус сургуулийн үйл ажиллагааг зогсоож, халдваргүйжүүлэлт хийжээ.
Харин өнөөдрөөс эхэлж сургуулийн хэвийн ажиллаж эхэлсэн ч эцэг эхчүүд хүүхдүүдээ явуулахгүй, өөр сургуульд шилжүүлнэ гэхэд сургуулийн захиргаанаас өргөдөл гаргаж өг гэсэн байна. Түүнээс гадна 15-р сургуульд сурдаг сурагчдыг сүрьеэ өвчний халдвартай хэмээн гадуур гадуурхаж эхэлсэн талаар ч эцэг эхчүүд гомдолтой байна.
Бага насны хүүхдийнхээ шүдийг үнэгүй эмчлүүлэх гэтэл “Танай хүүхэд 15 дугаар сургуульд сурдаг юм байна. Үйлчилгээ үзүүлэх боломжгүй” гэжээ. Мөн хүүхдүүдийг цэцэрлэг байрны гадаах хүүхдийн тоглоомон дээр тоглоход хүртэл хөөгөөд тоглуулахгүй байна. Цэцэрлэгийн хүүхдийг ч гадуурхаж байна. Ах нь 15 дугаар сургуульд явдаг тул танай хүүхдийг авахгүй гэсэн байгаа хэмээн эцэг эхчүүд гомдолж байна.
Одоогоор халдвар авсан 529 хүүхдээс 300 гаруй нь дахин шинжилгээнд оржээ. Мөн сүрьеэгийн халдвараас үүдэж сургуулийг бүр хаахыг эцэг эхчүүд хүсч байгаа ч сургуулийн захиргаа удахгүй улсын шалгалт эхэлнэ гээд энэ долоо хоногоос эхэлж хичээл хэвийн орж байна.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: