Хамтдаа бүтээх бус хоорондоо тэмцэлдсэн МАН

Тусгаар тогтнолын ордонЭрх баригчдийн хагарал, тэмцэл гурав дахь жилдээ үргэлжилж байна. МАН-д парламентад үнэмлэхүй олонхи болсон боломжоо ашиглаж, улс орныхоо төлөө зүтгэж, хамтаа бүтээж чадсангүй, харин ч эсрэгээрээ хоорондоо зодолсоор өнөөдрийг хүрэв.

МАН-ыг УИХ-ын 2016 оны сонгуулиар удирдан, парламентад 65 суудалтай болгосон М.Энхболдыг журмын нөхөд, дүү нар нь намын даргаас төдийгүй УИХ-ын даргаас нь чирч буулгаад ч Монголын улс төрийн ууган хүчин дэх хагарал намжсангүй, улам ч ширүүссээр.

Сонгуулийн өмнөх жил, тэр дундаа УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн мөчлөгтэй энэ үед эрх баригч хүчин хоорондоо хэмлэлдэх завгүй, ажиллаж байх үе, уг нь. Гэвч цаасан дээр эдийн засгийг өсгөж, бүтээн байгуулалтыг зурагласнаа олон нийтэд бодитоор хэрэгжүүлсэн мэтээр ярьж, ам, ажил хоёр нь алд дэлэм зөрж байгаа эс хүлээн зөвшөөрсөөр өнөөдрийг хүрлээ. Харамсалтай нь бодит байдал хэзээд үнэнийг нотолдгийн жишгээр ам .долларын ханш 2640 давж, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, 60 сая малтай улсын нийслэлд махны үнэ тэнгэрт хадаж, нэг килограмм нь 16 мянган төгрөгт хүрч,  хуваарийн дагуу түгээж байгаа нөөцийн мах худалдаалах цэгт урт дараалал үүсч, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт хүндэрч байгаа өнөөдрийн дүр зургаар илэрхийлэгдэнэ. Энэ үед эдийн засгаа өсгөсөн, цалин нэмсэн гэж эрх баригчид хичнээн чанга дуугаараад цуурайнаас хэтрэхгүй.

Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хүртээмжгүй байна гэсэн шүүмжлэлд эрх баригчид эхний үедээ “Хямралаас гарч байгаа эдийн засгийн өсөлт шууд иргэддээ хүрдэггүй. Аажимдаа иргэдийн амьдралд эерэг хандлага бий болно” гэсэн тайлбарыг өнгөрсөн жилийн турш хийсэн. Харин энэ жил Засгийн газрын тайлбар буцаад 2017 оныхдоо очсон байна лээ. Өөрөөр хэлбэл, ОУВС-гийн хөтөлбөрт хэрэгжиж, санхүүгийн сахилга батыг барьсанаар эдийн засагт өсөлт гарч, иргэдийн амьжиргаа дээшилэх хэдий ч эхлээд өмнөх эрх баригчдийн тавьсан өрийг төлөхөд их мөнгө зарцуулна гэж байсан.  Тэгвэл өнөөдөр, тухайлбал, УИХ-ын гишүүн М.Билэгтийн  “Иргэн баян бол улс баян гэдэг. Бид иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд өндөр хөгжилтэй орны туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй. Гэтэл бид эсрэгээрээ байна. Учир нь төгрөгийн ханш буураад байдаг. Тиймээс иргэдээ ажилтай, орлоготой болгох, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшаа өсгөх талд яаж ажиллах вэ?” гэсэн асуултад  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Валютын ханшаа барих гэж их оролдсон.  Өнгөрсөн хугацаанд эрх барьсан хүмүүсийн өрийг дарсаар ирлээ” гэсэн тайлбарыг хийж байна лээ. Ямартай ч энэ эрх баригчдын үед эдийн засгийн өсөлт хөрсөн дээрээ буухгүй нь тодорхой дог.

Харин МАН дахь хагарал МАН-ын аппарат дотроо, УИХ дахь МАН-ын бүлэг дотроо,  МАН-ын Төв аппарат, МАН-ын УИХ дахь бүлэг хоорондоо гээд сүлжин үргэлжилж байна. МАН-ын аппарат дахь фракц бүлэглэл хагаралтай байдгийг Удирдах зөвлөлийн хурал, шийдвэр, оролцсон байдлаас хагарддаг. Тухайлбал, М.Энхболдын тэргүүлдэг хотын фракф, У.Хүрэлсүхийн Зүүний хүчнийхэн хоорондоо эрх ашгийн зөрчилтэй хэвээр. УИХ дахь МАН-ын бүлэг  32:32 харьцаатай талууд үүсгээд байгаа. Тэгвэл МАН-ын аппарат УИХ-ын гишүүдтэйгээ хагаралдаж байгааг өнгөрсөн долоо хоногийн үйл явдал харуулна.

МАН-ын Хяналтын хороо хуралдаж, “Оюутолгой”-н гэрээний хэрэгжилтэд хяналтыг судалсан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээгүй байхад “Оюутолгой”-д явуулсан асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир, хөөн хэлэлцэх хугацааг байхгүй болгосон асуудлаар  Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцож, таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргалаа.  УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд горимын санал гаргах, байнгын хороодын дарга нар аль нэг байгууллагын хүсэлтийн хариуд материал хүргүүлэх зэрэг нь УИХ-ын үйл ажиллагааны хүрээний энгийн асуудал.

Гэтэл МАН-ын Хяналтын хороо УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудалд хандаж,  улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй буюу УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэр гаргаж байгаатай санал нийлэхгүй байгаагаа нэр бүхий хоёр гишүүн мэдэгдсэн. УИХ дахь МАН-ын бүлэг ч энэ асуудлаар хуралдаж, Хяналтын хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах чиглэлийг МАН-ын Удирдах зөвлөлдөө өгсөн байна лээ. Үүнтэй зэрэгцээд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд МАН-ын гишүүнчлэлээс гарах өргөдлөө Удирдах зөвлөлдөө хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл хэрхэн шийдвэрлэхийг улстөрчид хүлээж байна. Дээрх улс төрийн дэмжлэг таван жилийн хугацаанд үзүүлэхгүй гэдэг нь тухайн сонгогдсон тойргийг нь булаах, өөрсдийг нь зайлуулахыг санаархсан үйлдэл гэдгийг ч Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нар хэлж байгаа. Тэгээд ч сошиалаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтайд, нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх Орхон аймагт ирэх 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвших бэлтгэлээ хангаж, тойргоо усалж явна гэсэн мэдээлэл гарсаар байдаг. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг баруун аймагт томилолттой ажиллахад Говь-Алтай аймагт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар хамт дагалдаж явсан. Ерөнхий сайдыг сонгогдсон гишүүн нь дагаж явах нь зүйн хэрэг. Атал Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дагалдаж, МАН бүрэн аппаратаараа явсан бол нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх үе үе Орхон аймгийг зорьж, иргэд хөдөлмөрчидтэй уулзсаар байгаа.

Хэдийгээр өнөөдөр 2020 оны сонгуулийг ямар системээр явуулахыг УИХ батлаагүй, Сонгуулийн хуулийн ажлын хэсэг ажиллаж байгаа ч эрх баригчид тойргийн тойм зураглалыг гаргасан бололтой. Учир ирэх сонгуулийг  ямар системээр явуулах нь эрх баригчдын мэдлийнх.

Ийнхүү эрх баригчдын хоорондын тэмцэл үргэлжилсээр ирэх сонгуулийн жилтэй золгох нь ээ.


URL:

Сэтгэгдэл бичих