Өнөөдрөөс шар тэмдэглэгээний дүрмийг мөрдөж эхэлнэ

184

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс Замын хөдөлгөөний шинэ дүрэм хэрэгжих үед шар тэмдэглэгээний дүрэм мөрдөгдөж эхэлсэн. Гэхдээ бүрэн камержуулаагүй байсан учраас нарийн хянаж чадахгүй явсаар өдийг хүрчээ.

Тэгвэл өнөөдрөөс (2019.05.20) шар тэмдэглээний дүрмийг мөрдөж байгааг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Шар тэмдэглэгээний дүрэм зөрчсөн жолоочийг хяналтын камераар хянах бүрэн боломжтой болжээ.

Жолооч та бүхэн зөвшөөрсөн гэрэл дохиогоороо зорчиход л асуудал гарахгүй, харин зөрчвөл хариуцлага ногдуулах процесс явагдана. Ингэхдээ 15.7.Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй байхаар програмчилсан байна. Шар тэмдэглэгээтэй уулзвар дээр жолооч тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний хурдыг тааруулж, гэнэтийн эрсдэл үүсэхэд тээврийн хэрэгслийг асуудалгүй зогсоох, унтраах хэмжээний хурдтай явах ёстой гэж Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Хэрвээ хурдтай явж байгаад улаан гэрэл асаж, гэнэт тормослоод шар тэмдэглээ дээр зогсвол Замын хөдөлгөөний шинэ дүрэмд заасны дагуу торгуулна. Шар гэрэлтэй бүх уулзварыг камержуулсан учраас дүрэм зөрчсөн жолооч нарт гэрийн хаягаар нь торгуулын төлбөр хүргэгдэнэ.

Мөн тухайн чиглэлийн зам түгжрээтэй байвал ногоон гэрэл ассан ч түгжрээ арилтал жолооч машинаа зогсоож, дараагийн зөршөөрсөн гэрлээр хөдлөх юм байна. Хэрвээ түгжрээтэй байхад ногоон гэрлээр гараад шар тэмдэглэгээн дээр түгжирч зогсвол бас л торгуултай. Тэгэхээр жолооч та зөвшөөрөгдсөн гэрлээр замын хөдөлгөөнд оролцохдоо хамгийн нэгдүгээрт, түгжрэл үүссэн эсэхийг харах хэрэгтэй. Түгжрэл үүссэн бол шар тэмдэглэгээнээс гарах боломжтой хугацаа хүртэл хүлээхийг мартаж болохгүй гэсэн үг.


URL:

Сэтгэгдэл бичих