Жүжигчин Зеленский өнөөдөр тангаргаа өргөж, Ерөнхийлөгч болно
Украины түүхэнд анх удаагаа соёл урлагийн салбараас төрөн гарсан Ерөнхийлөгч Владимир Зеленский өнөөдөр албан ёсоор тангаргаа өргөж, үүрэгт ажилдаа орохоор болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг тангараг өргөх ёслолтой холбогдуулан өнөөдөр 11.00 цагт Дээд Радад баярын хурал зохион байгуулагдах гэнэ.
“Энэхүү баярын хуралд зөвхөн Украины төр, нийгмийн зүтгэлтэн, өндөр албан тушаалтнуудаас гадна Латви, Литва, Эстони, Гүрж болон Унгарын Ерөнхийлөгч нар, мөн Туркийн Дэд ерөнхийлөгч, Молдавын Ерөнхий сайд, Азербайжаны Засгийн газрын тэргүүн нар оролцохоор болсон” гэж Украины Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.
Уламжлалын дагуу шинэхэн Ерөнхийлөгч Дээд Радагийн танхимд тангаргаа өргөх гэнэ. Мөн нийслэл Киев хотын төвд баярын арга хэмжээнүүд зохион байгуулагдахаар болжээ.
Украинд өнгөрөгч сард зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд Владимир Зеленский үнэмлэхүй ялалт байгуулж, нийт сонгогчдын 73.22 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, тун удахгүй эрх мэдлээ шилжүүлэн өгөх Петр Порошенко 24.45 хувийн санал авчээ.
URL: